Саналын илүү өндөр босго тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2015/02/09
Mонгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон байна.
Гэтэл Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын зарим заалт Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхоор асуудлыг шийдвэрлэх дээрх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоожээ.
Ийм агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн бөгөөд дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байна.
Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.