Нийслэлийнхний хувьд стресст оруулдаг, бухимдуулдаг томоохон асуудал замын түгжрэл болоод удаж байна. Өнөөдөр нийслэлийн авто замын ачаалал бүр хэрээс хэтэрсэн гэхэд болно.

Хагас километр хүрэхгүй газар бүтэн цаг, бүр хоёр гурван цаг түгжрэх асуудал энүүхэнд болсон. Замын түгжрэл цаашлаад амьдралын олон асуудлыг давхар түгжиж байдаг.  Энэ сэдвийн дор дараах баримт бүхий материалыг  бэлтгэлээ.  Улаанбаатар хотод сардаа л 10 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын хил гаалиар сардаа 9000 машин орж ирдэг албан бус тооцоо ч бий.

Үүнээс шалтгаалаад авто замын бөглөрөл, бөөгнөрөл хаа сайгүй бий болж байгаа юм. Замын ачааллаасаа илүүтэйгээр хөдөлгөөнд оролцогчид амин хувиа бодож, дүрмээ баримтладаггүй нь бөглөрөл, мөн ослын гол шалтгаан болдог тухай замын цагдаагийн ажилтнууд хэлдэг.

2013 оны судалгаагаар нийт зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний 15 хувь, амь насаа алдагсдын 13 хувь хүүхэд байгааг тогтоосон байна. Үүнээс үзвэл авто замын ослын хохирогчидын 13 хувийг хүүхдүүд эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Тэгвэл зам засвар, бөглөрөлийн талаар  УИХ, холбогдох газрууд ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зорилгоор нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал,  энэ оны Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төлөвлөлтийн хувилбарт төлөвлөгдсөн 212 байршлаас эхний ээлжинд шууд хэрэгжүүлэх боломжтой 173 байршил байгаа юм байна. Эдгээр 173 байршлын авто замын саадыг арилгаж, хорооллын дотор шинээр 103,460 метр квадрат замыг байгалийн чулуугаар, бусад байршилд 25,8 км авто замыг шинээр барьснаар 85 уулзвар замыг нээхээр төлөвлөж байна.  

Байгалийн чулуугаар авто зам тавих нь өртөг хямд, өнгө загварын хувьд орчны байдалтай сайн зохицдог, түүхий эд материалыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой зэрэг олон давуу талтайг албаны хүн хэлж байна. Тиймээс гэр хорооллын доторхи замуудыг байгалийн чулуугаар барих нь илүү зохимжтой гэдгийг тэрбээр онцолжээ. Хэрэв  эдгээр ажил төлөвлөлтийн дагуу явагдаж чадвал замын түгжрэл багасаад зогсохгүй нийслэлийн өнгө төрхөд ч үзэмж нэмэх юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн авто замын саадыг арилгаж, шууд нэвтрэх боломжтой болгох юм байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 1-9 дүгээр хороонд шинээр 27,597 метр квадрат авто зам тавьж 51 саадыг арилгах, Чингэлтэй дүүрэгт 1-6 дугаар хороонд нийтдээ 8 428  метр квадрат зам тавьж, 12 замын сайдыг арилгаж нийтдээ нийслэлийн 5 дүүргийн 35 хороонд 103,460 метр квадрат авто замыг барих юм байна. Өөрөөр хэлбэл Чингэлтэйгээс Баянгол, Баянголоос  Сүхбаатар дүүрэг хүрэхийн тулд заавал олон замаар тойрч явахгүйгээр шууд очих боломжийг нээх юм. 

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийн үр дүнд хорооллын дундах авто замын саадыг арилгаж, шинэчилснээр хороолол доторхи хөдөлгөөний эрчим сайжирч, замын хөдөлгөөний ачаалал 20 гаруй хувиар буурна гэж тооцжээ.

 

Б.Хорлоо