Босоо Хөх Монгол бүлгийн машиныг шатаасан нь юуны дохио бэ
2015/02/11
Өчигдөр орой цахимаар нэгэн ноцтой мэдээ тархлаа. Ноён уулыг стратегийн орд болгон хувиргасан шийдвэрээ эргэн харж цуцлахыг шаардсан БОСОО ХӨХ МОНГОЛ бүлгийн арын албанд хэрэглэдэг автомашиныг шатаасан байна.
Аливаа улс орон,төрт засгийн эсрэг эвлэлдэн нэгдсэн иргэд, тэмцэгчдийн уур бухимдлыг зориуд дэвэргэж үймээн болгож хувиргаад үүнийг зохицуулах нэрийн дор ХҮЧ ХЭРЭГЛЭДЭГ увайгүй аргыг байнга хэрэглэсээр ирсэн байдаг. Шатаасан эзэд нь баригдсан бол шүүхэд хандаарай гэж хэлмээр байна, учир нь тийм хэргийг зөвхөн даалгавар авсан энгийн хувцастай төрийн цагдаа эсвэл үнэ хөлсөөр тохиролцсон арчаагүй этгээдүүд үйлдсэн байдаг. Учир иймд аливаа өдөөн хатгалганд автаж гэнэдэлгүй монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй жагсаал цуглааны тухай хууль дүрэм, журам заалтын хүрээнд улс төрийн өндөр ухамсартайгаар оролцож зорьсон тэмцэлдээ амжилт олохыг хүсэж байна. Төр засгаас хэрэгжүүлж байгаа аливаа бодлого ард түмний цөөнхөд таалагдах албагүй байдаг. Харин энэ удаад цөөнх биш нийт монголын ард түмэнд таалагдахгүй байгаа буруу шийдвэрээ эргэж харах байх гэдэгт найдаж байна. Төр засгийн эрхэнд сонгууль болгоноор элдэв долоон будлиан, хэл ам дагуулж гарч ирсэн та бүхэн өөрсдийгөө хэн ч халдашгүй дархан эрхтэй хаадууд болсон мэтээр эндүүрч баяжиж хөлжих донд хэт автаж монголын ард түмнийг олон жил басамжиллаа. Олсон хөрөнгө, эдэлж буй эрх, зөөлөн суудлынхаа төлөө амь бөхтэй зууралдаж өчүүхэн жижиг хүслийн өөдөөс гал асаах сонирхол өвөртөллөө гэж бодохгүй байна. Энэ хөрсөн доор булаастай байгаа баялаг ямарч эрхтэн дархтан, эрхэм гишүүдийнх биш энэ бол ард түмний өмч гэдгийг Үндсэн хуулиндаа тусгаад өгчихсөн. Хуультай хуульгүй угаасаа л ард түмний өмч. Уул уурхай, ашигт малтмал олборлож эхлээд хичнээн жил өнгөрөв, ард түмэнд юу наалдав. Юу ч наалдаагүй. Зөвхөн эрх мэдэлтнүүдийн хармаанд орлоо шүү дээ. Ард түмэн тэр аяараа ганц уул гадаадаас харамлав. Буруу юм алга. Чөлөөт хэвлэлүүдийг боомилж мөнгөөр ам таглан сэтгүүлч мэргэжилтэй хичнээн олон хүнийг худалдан авч байгааг мэдэх аргагүй, хэвлэгдэн гарч байгаа мэдээ нийтлэлүүд хэн нэгнийг дөвийлгөж эсвэл хэн нэгнийг нухчин дарсан аястай юм л харагддаг болсон байна. Үгээ чөлөөтэй хэлж, хэн нэгнээс хамаарахгүй дуу хоолойгоо сонордуулах газар ганцхан фэйсбүүкийн орчин болж хувираад байна. Бүх зүйл гажиг хэлбэр лүүгээ шилжиж орсныг зориуд цохон хэлье. Хаанахын ямар нийгэмд төрийн албанд ажилд ороход мөнгө төлдөг, сайд даргын суудал авилгалаар үнэлэгддэг юм болоо. Чадваргүй хүн хаана ч очсон ажил нураахаас биш хөгжүүлнэ гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр болж байгаа өлсгөлөн анхны дохио, цаашдаа төр засгийг тэр аяар нь огцруулах хөдөлгөөн тэмцэл болж хувирахыг үгүйсгэх газар алга. Ард түмэн та бүгдийг зүхэж байна, залхаж байна. Эдэлж буй эрх ямбаа хадгалж үлдэх гэж цэрэг цагдаа босгох гэж байвал 7 сарын 1 нээ нэг эргээд санах хэрэгтэй. Одоо цагдаа, цэрэг буу бариад ард түмний эсрэг чиглүүлэхгүй байх гэдэгт гүнээ найдаж байна.
Учир нь тэр ард түмэн дотор аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь байгаа гэдгийг мэддэг болсон. Хэрвээ муугаар бодоод тийм тушаал өгөгдвөл буугаа хаяад ард түмнийхээ дунд орж ирээрэй гэж цэрэг, цагдаа болон бусад хүчний байгууллагын албан хаагчдад уриалмаар байна. Эх орон газар шорооныхоо төлөө гэсэн сэтгэл зорилго өвөрлөсөн бусад холбоод, бүлгэмүүд энэ хөдөлгөөнд нэгдэж өлсгөлөн зарлаад буй залуусаа дэмжиж дуу хоолойгоо нэгтгээрэй. Мөргөлдөөн сөргөлдөөн монголчуудад өчүүхэн ч ашиг авчрахгүй гэдгийг хүн бүр хатуу ухаараасай билээ!
С.Өгөөмөр