М.Энхсайхан аргагүй л
2013/02/04
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болж сонгуульд оролцоод “санаандгүй явж байгаад сансарт нисэх шахлаа” гэдэг шиг үр дүн үзүүлсэн. Энэ амжилт нь Н.Энхбаярыг өмөөрөх монгол сэтгэлгээ, чин үнэнч шударга ёсыг тогтоох нь гэсэн горьдлого, дээр нь ард түмний итгэлийг даахаа аль эрт больсон МАН-ын увайгүй үйл ажиллагаа гээд олон зүйлээс шалтгаалсан.
Бас ард олны олонх нь АН-д итгэл алдарснаас тэд ч олонх болж чадаагүй. Нэгэнт дангаараа төр барих чадамжгүй болсон АН-ынхан аргагүй эрхэнд шударга ёс эвслийг хань татаж Засгийн газраа байгуулсан. “Шударга ёс” эвслийнхэн бас ч гэж чамгүй өндөр сэнтийд морилцгоосон. Энэ бол тэдэндээ л боломжийн амжилт байв. Тэгвэл одоо юу болов. Ажлаа мэддэг, гэм зэмгүй төрийн албан хаагчид, нэр хүндтэй, туршлагатай олон албан тушаалтныг хоморголон халлаа.
“Өөдөөс цор цор гэвэл үүнээс муу юм болно шүү” гэж сануулна. Буруутайг байтугай, буруугүйг гэмтэн болгохдоо гаршиж байгаа АН-ынхан өнөөдөр өөр намын угшилтай бүх хүмүүст айдас төрүүлж хадны мангаа шиг харагдах боллоо. За энэ ч яах вэ. МҮАН-ын дарга М.Энхсайхан шинэчлэлийн Засгийн газартай таарч тохирсонгүй. Нөгөө л “гандаардсан чоно” хэвээрээ. Түүний зөв ч байж магад.
Товчхон хэлбэл, Засгийн газрыг эсэргүүцсэн ганцхан хүн болж таарлаа. Хэнийх нь зөвийг цаг хугацаа харуулах биз. Тун удахгүй МҮАН-ын их хурал болох гэнэ. Энэ хурлаар эвсэл засгаас гарах тухай асуудал хөндөгдөх бололтой. Тэд засгаас гарах тухай шийдвэр гаргах болов уу. Энэ асуудлыг МАН-ынхан сортосхийн сонсож байгаа нь мэдээж. Эвслийнхэн Засгийн газраас гарвал байдал хүндэрнэ.
Цааш хэрхэн ажиллах вэ. МАН-ынханд энэ Засгийн газрыг тараах сонирхол дээд зэргээр бий. Тэд АН-тай нийлэхгүй. Гэвч идсэн уусан, намаа ялагдуулсан, одоо нүхгүй тарвага шиг болсон зарим нь нийлэх гэж ил далд оролдож ч бас магад. Шоронд орсноос АН-тай нийлсэн нь хамаагүй дээр байлгүй яахав. Цаана нь бие даагч нарын асуудал яригдана. Тэд АН-ын засагт орох уу.
Хэрэв эвслийнхэн засгаас гарч гэмээнэ бие даагчдын хэр зэрэг шударгыг ард түмэн ширтэж эхэлнэ. Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар “Х”» угшилтай Ц.Даваасүрэн, Дорнодын гайгүй жаал хүү Х.Болорчулуун гурвын үнэ ханш ойрын үед тэнгэрт тулж байгаа. Ямар ч үнээр хамаагүй тэднийг урвуулдаг юм гэж бодоход АН дангаараа засаг байгуулах нь бараг л боломжгүй зүйл.
Тэднийг аль нэг сайдаар аргамжин засагт оруулах гэж хүчилж болох л юм. Гэхдээ л тэдний хэн нь ч АН-ын засагт орохгүй гэж мөрийцсэн ч алдахгүй. Засгийн газар бүрдэж чадахгүй бол дахин сонгуулийн зам руу орно. Үүнийг хүсч байгаа хүн УИХ-д бий юу. Зүй нь МАН үүнийг л хүсэх учиртай. Харамсалтай нь, тэд яасан ч ингэж зүрхлэхгүй. Тойрогт өрсөлдөж мөнгөө баралгүй, намаа санхүүжүүлж байж нэрсийн жагсаалтаар УИХ-д шургалж орсон нөхөд ингэж зүрхлэхгүй. Яагаад гэвэл тэд хэзээ ч ахин сонгогдохгүй, намаасаа ч гарч ирэхгүй. Гишүүнээсээ хагацвал намаасаа хөөгдөж таарна.
Одоогийн парламент бол жагсаалтынхны хувьд амь хоргодох эцсийн найдвар нь учир тараачихгүйн төлөө үхэлдэн тэмцэлдэж таарна. Одоо тэгээд юу үлдэв. МҮАН хурлаа хийнэ. Гишүүд, сайд болсон нөхөд нь эсэргүүцнэ. Бусад оролцогсод хоёр хуваагдана. Дахиад л сайд нарын тал дийлнэ. Яагаад гэвэл дунд, доод түвшний гишүүдэд сайд нараас горьдох зүйл бас бий.
Тэд одоо ч масстайгаа л ажиллаж байгаа нь тодорхой. Маргалдсаны эцэст “Ард түмний сонголт, төрийн тогтвортой байдлыг хангах нь чухал. Тэгээд ч цас зудтай байхад засгийг тарааж болохгүй” гэж үзнэ. Ингээд “эргэж эргэж нуга” гээч болно. АН-ыхан ч тэр зүгийн угшилтай нөхөдтэйгөө ажиллах нь ойлгомжтой. Улстөр судлаач Л.Эрдэнэтуулын хэлсэнчлэн эцэстээ М.Энхсайхан “Ганцаардсан чоно” хэвээрээ үлдэнэ.
Мэдлэг боловсрол, туршлагаар толгой цохидог Мэндсайханы Энхсайханыг Монголын төр ашиглаж чадсангүй. Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэж аль эрт хэлмэгдсэн сайд А.Амар агсан хэлсэн байдаг. Ерөнхий сайдтай тодорхой хугацаанд шадарлаж явсан нэгэн гудамж метрлэж явахыг бодоход Монгол бар улс болох нь ойртож байгаа юм болов уу. М.Энхсайхан яах вэ, бусдаас гуйхгүй амьдарна гэж бодъё. Харин АН-ынхны дураараа дургилт хэр зэрэг удаан үргэлжлэх юм бол.