“Ичигсэд” хөдөлжээ
2015/02/23
Хавар болж, урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн үүр ноохойндоо хагас “үхмэл” байдалтайгаар ичиж өвлийн хүйтнийг даван туулаад сэрдэг амьтад цөөнгүй байдаг. Эдгээр амьтдыг ерөнхийд нь “ичигсэд” гэж нэрлэдэг.
Мэдээжийн хэрэг хаврын тэргүүн сард ичсэн амьтад сэрэхгүй нь тодорхой. Тэд сэрж сэргэн, ердийхн амьдралдаа орох нь цаг хугацааны хувьд хараахан болоогүй.
Харин хүмүүс бидний дунд “ичигсэд” бас байх. Тэдний зарим нь улирлын чанартай ажилладаг. Ийм хүмүүсийн хамгийн том төлөөлөл бол уул уурхай, аялал жуулчлалын салбарынхан. Энэ салбарынхан хавар, зун, намар идэвхтэй ажиллаад өвөл нь амралтын байдалд шилждэг. Гэхдээ мэдээжийн хэрэг зүгээр суухгүйгээр их ажлынхаа бэлтгэлийг базаадаг нь лавтай.
Гэтэл тэднээс тэс өөр, нэгэн төрлийн “ичигсэд” бас байх. Ийм төрлийн хүмүүс голдуу бусдын итгэл, сэтгэл дээр дөрөөлнө. Хавар намрын цагаар тэдний зарим нь халаасаа нэлээд зузаатгаад авна. “Хагархай га” /төвд хэлний эхний үсэг/ мэдэхгүй хүмүүс лам болж судар номыг хазгай буруу дуудан засал гүрэм хийх, бөөгийн зан үйл мэдэхгүй хүмүүс удган, зайран болж дөвчигнөх нь энүүхэнд.
Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинэдээр хахирган өвлийг өнтэй давсны баяр болон жил солигдон нас нэмсний баярыг хийж ирсэн уламжлалтай ард түмэн. Үүнийг дагалдан Монголчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор багтан буян номын үйл хийвэл тэр нь улам бүр арвиддаг гэж үздэг. Энэ үзэл санаа зарим хүмүүсийн хувьд бусдын итгэл дээр дөрөөлөн өөртөө ашиг хонжоо олох арга хэрэгсэл болдог бололтой. Ийнхүү чимээгүй байсан хүмүүс гэнэтхэн дуу орохыг “ичигсэд хөдлөх” гэж нэрлээд байгаа юм.
Саяхан нэгэн телевизээр олны эчнээ танил, “Монгол аура” төвийн тэргүүн, зөнч Б.Сарандаваа ярьж байна. Тэрээр нэвтрүүлгийн үеэр хэд хэдэн сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгснийг заримыг нь онцлон та бүхэндээ хүргэе. Тухайлбал,“…үзмэрч талийгаач Дашцэрэн агсаны яриад байсан Ромбу гараг гэдэг чинь “Оюун ухаан” байсан юм билээ, энэ талаар би томоохон судалгаа хийж байгаа, цаг болохоор гаргаж тавина…, Хүмүүст би хэлдэгийн, битгий хүнээс мөнгө зээлээч, битгий залилан хийгээч гэж захидаг…, Хүний гар дээр мөнгө тавибал судасны цохилт түүнийг нь мэдэрч тухайн мөнгийг өсгөх боломж бүрдэнэ, энэ тухай би мөнгө татах лекц дээрээ 78, 22 -тоотой холбон заана…, Таван жил лекц уншихад таван янзын юм л орж ирж байна шүү дээ, манай лекцийн төлбөр 10.000, би ерөөсөө үнээ нэмээгүй…” гэх зэргээр ярьжээ.
Эрхэм уншигч та үүнийг уншаад юу гэж ойлгохоо өөрөө мэднэ биз. Сэтгүүлчийн хувьд хэн нэгнийг муу хэлэх гэсэнгүй, бусдын ул шагайх ч гэсэнгүй, зүгээр л үнэн худлын дэнсийг олны сонорт хүргэхийг зорьсон гэдгийг энд зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй биз ээ.
Ц.Мөнх
Зочин · 2015/03/15
***** humuus l oci dog um bilee......
Зочин · 2015/02/24
Ene lektsend n ochij bgaa uls jinhene oyunii turaal, mongoliin emgenel ym daa