Монголд байгуулах казинод монголчууд тоглох эрхгүй
2015/02/23
Манай улсад 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай, жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олдог, сарын хоёр сая төгрөгийн дундаж цалинтай 800 хүний ажлын байртай казино байгуулах хуулийн төсөл бэлэн боллоо.
Олон жил ярьсан энэ хуулийг одоо л баталж, гадаадаас ирэх жуулчдын мөнгийг саахаар зэхэж байгаа гэлцэнэ. Хуулийн зорилго ч гэсэн зөвхөн гадаадын жуулчид руу чиглэсэн байна.
Энэ хуулийн төслийг Засгийн газраас санаачлан УИХ-д саяхан өргөн барьсан юм. Ингэхдээ төслийг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцсэн байна. Учир нь монголчууд казинод тоглох эрхтэй юу, хэн тэнд тоглох боломжтой вэ гэдгийг нэлээд нухацтай хэлэлцсэний дүнд Монгол Улсад анх удаа албан ёсоор байгуулах казинод монголчууд тоглох эрхгүй байхаар тусгажээ. Тодруулбал, 21 нас хүрсэн зөвхөн гадаадын иргэн, эсвэл харъяалалгүй иргэн Монголын казинод тоглох эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Монголд мөрийтэй тоглоомын нууц газрууд байдаг, монголчууд олноор тоглодог, мөн баячууд гадаадад тоглодог гэх мэдээлэл бий. Гадаадын казинод тоглож мөнгөө урсгаж байхаар дотооддоо үлдээх нь чухал гэж үзэн жилд 20 сая төгрөгийн татвар төлдөг иргэн тоглодог байхаар анхны төсөлд тусгасан байсан. Гэвч төслийн эцсийн хувилбарт монголчууд тоглох эрхгүйгээр казино байгуулахаар болжээ.
Казиног Монголд хоёр газар байгуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Ингэхдээ яг хаана байгуулахыг хууль батлагдсаны дараа Засгийн газар тогтоох аж. Урьдчилсан таамгаар нэг казиног Замын-Үүдэд байгуулах боломжтой гэж үзэж байгаа аж. Учир нь Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуульд “Замын-Yүд бүсэд казино байгуулж болно” гэж заасан байгаа юм.
Хуулийн төсөлд казино эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид олгох бөгөөд тусгай зөвшөөрлийн үнэ 35 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Казиногийн үйл ажиллагаанаас улсын болон орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нь казиногийн байршил, хүчин чадал, ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээс шууд хамаарах гэнэ. Хялбаршуулсан тооцоолол хийхийн тулд тодорхой нөхцөлүүдийг зааж, урьдчилсан байдлаар эхний жилд 138 орчим тэрбум төгрөг, дараагийн жилээс дунджаар 74 орчим тэрбум төгрөгийн орлого татвар, төлбөр, хураамж хэлбэрээр төсөвт орох боломжтой гэж үзсэн байна. Энэ нь нэг казиногоос орох орлого бөгөөд хэрэв хоёр казино байгуулвал орлогын хэмжээ 74 тэрбум төгрөгөөс 148 тэрбум төгрөг хүртэл нэмэгдэх боломжтой аж.
Хууль батлагдвал Казиногийн үйл ажиллагааг зохицуулах хороо гэсэн төрийн захиргааны байгууллага байх аж. Энэ нь ихээхэн бүрэн эрхтэй бөгөөд казинотой холбоотой бүхий л зүйлийг зохицуулна. Тухайлбал, казиногийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам баталж, мөрдүүлэх, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, шалгалт хийх эрхтэй. Мөн казиногийн тоглоомын нэр, төрлийн жагсаалт, болон тоглоомын дүрэм, мөрийний доод, дээд жишиг хязгаар,тоглоомын тоног төхөөрөмжийн жагсаалт, бэлэн мөнгөний өрөөнд тавигдах шаардлага, казиногийн аюулгүй байдлын дүрмийг гаргах аж. Зохицуулах хороо нь дарга, найман гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг нь зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлж байх юм.
Мөн Зохицуулах хорооны зардлын хэмжээ нь түүний орон тоо, хөрөнгө оруулалт болон урсгал зардлын хэмжээнээс хамаарч тодорхойлогдоно. Тус хорооны орон тоог 40 хүн хүрэхгүй гэж тооцож, томоохон хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн урсгал зардлын хэмжээнд санхүүжүүлнэ гэж үзвэл дунджаар 0.5-1.0 тэрбум төгрөгийн төсөв шаардагдахаар байх гэнэ. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар 31 хүний бүрэлдэхүүнтэй Оюуны өмчийн газар 504.5 сая төгрөгийн жилийн төсөвтэй бол 36 хүний бүрэлдэхүүнтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар жилийн 885 сая төгрөгийн төсөвтэй байна. Эндээс харахад Зохицуулах хороог байгуулан ажиллахад жилийн нэг тэрбум хүрэхгүй төсөв шаардагдахаар байгааг тооцжээ.
Хөрөнгө оруулалтын төсөөлөл нь доод тал нь 500.0 сая ам.доллар байна. Жишээлбэл, АНУ-ын Нью-Йорк мужид казино байгуулах дөрвөн тусгай зөвшөөрөл олгох гэж байгаатай холбогдуулан 16 санал ирсэн байна. Тэдгээр саналаас үзэхэд казино байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ дунджаар 300.0-1500.0 сая ам.доллар байна. Тухайлбал, байршлаас хамааран 100 өрөө бүхий зочид буудал, 1500 автомат тоглоомын машин, 56 тоглоомын ширээтэй казиногийн хувьд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах бол 3800 автомат тоглоомын машин, 370 тоглоомын ширээтэй казинод 1500 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг байна.
Ийм судалгаа тооцоо бүхий хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх хаврын чуулганаар хэлэлцэн батлах болов уу. Энэ хууль батлагдвал хүндрэлтэй байгаа эдийн засагт үр өгөөжтэй гэж Засгийн газраас тооцсон байгаа юм. Тэгэхээр хаврын чуулганаар баталж магадгүй нь. Гэхдээ Морин нуурт казино байгуулах тухай өмнө нь УИХ-ын төвшинд яригдаж байсан ч шийдэгдээгүй. Янз бүрийн бүлэглэл, бизнесийнхний ашиг сонирхлын зөрчилтэй тулгардаг учраас казино байгуулах хууль төдийлөн явц муутай байдаг. Энэ удаад УИХ-ын 76 гишүүний олонхийн сонирхолд дээрх хуулийн төсөл нийцсэн бол хаврын чуулганаар эцэслэгдэх боломжтой юм.
М.ЦЭЦЭГ
"Зууны мэдээ" сонин
Зочин · 2015/02/24
zow,zow,mongolchuud togloj bolohgui shtee bodwoos !!!!!!!!!!!!!!!!!!!