Дотооддоо болж өрнөсөн үйл явдлыг тоймлосон онцлох нийтлэл, мэдээллийг уншигч авхай танд хүргэж байна. 

-Битүүний орой Урт нэртэй хуулийг баталлаа-

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахгүй хэмээн “Гал үндэстэн” холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр нарын залуус эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг төрд тэрсэлсэн хэмээн ял оноосон байгаа. Өнөөдөр тэмцэгчдийн нэг нь өөд болж, бусад нь ял эдэлж байгаа.  

Тэгвэл тэдний түүчээ болсон  Босоо хөх Монгол бүлгэмийн гишүүд өлсгөлөн зарласан.  Тэд Ноён уулыг ухуулахгүй, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй хэмээн тэмцсэн.   Өөрөөр хэлбэл  урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулснаар гол мөрний эх булингартах,  тасрах зэрэг олон сөрөг үр дагавартай юм. Тэгвэл Битүүний орой урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг  УИХ-ын дараах гишүүд зөвшөөрчээ. Д.Арвин, О.Баасанхүү, А.Бакей, Су.Батболд, Ж.Батзандан, Д.Батцогт, Н.Батцэрэг, Д.Бат-Эрдэнэ, С.Баярцогт, Л.Болд, С.Бямбацогт, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж ,С.Дэмбэрэл, Д.Зоригт, Н.Номтойбаяр, С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Ч.Сайханбилэг ,Я.Содбаатар, О.Содбилэг, Д. Сумъяабазар, А.Тлейхан, Ш.Түвдэндорж, Х.Тэмүүжин, Ц.Цолмон ,Б.Чойжилсүрэн, З.Энхболд, Н. Энхболд, М. Энхболд, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нар зөвшөөрсөн. Харин  Г.Баярсайхан,  Д.Ганбат, Ц.Оюунбаатар,  Д.Сарангэрэл  нар уг хуулийг баталж болохгүй хэмээн эсэргүүцсэн ч цөөнх болсон юм. Урт нэртэй хуулинд хэрхэн өөрчлөлт оруулах талаарх эндээс уншаарай.

-Монгол улсыг доромжилсон Жастин Каплад уучлал үзүүлэх нь хэр оновчтой вэ Ерөнхийлөгч өө-

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад дотоодын хэд хэдэн хүнд уучлал үзүүлсэн.  Уучлалд хамрагдсан хүмүүсийн дунд Монгол улсын нэрийг олон улсад унагаж, өөрийгөө уснаас хуурай авч гарахыг хичээсэн Жастин Капла багтсан юм.   

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг.

Жастин Каплагийн хувьд өөрийгөө буруугүй хэмээн олон улсад  итгүүлэхийг хичээж Монгол улсын нэр хүндийг унагасан. Чухам Монгол улсын шүүх хар бараан хэмээн мэдээлж байсан. Энэ арга нь явуургүй болоод ирэхээр давж заалдахгүйгээр  Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлж орхилоо.  

Түүний энэ үйлдэл нь  Шүүх засаглал ажлаа хийсэн ч гэсэн Ерөнхийлөгчөөс уучлал хүсээд гараад ирж болдог гэх буруу жишиг тогтоох гээд байгаа юм. Нөгөө талаас  улсад төлөх татварыг нууж болно. Илрэх юм бол “мөнгөөр зодож” байгаад, Монгол улсын нэр хүндийг унагаад ч хамаагүй өршөөлд хамрагдаж болох юм байна гэсэн жишгийг харуулж байгаа юм.  

Ерөнхийлөгчийн хувьд хүнд шийдвэр байсан гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Уучлал: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, Өөрийгөө хараалгах уу? Монголоо бодох уу Монголдоо би хайртай” хэмээн энэ шийдвэрийнхээ талаар жиргэсэн байдаг.  Энэ нь Ерөнхийлөгч шахаанд орсон байх магадлалтайг харуулж байна.  

Монгол улсын нэр хүндийг Жастин Капла гэх нөхөр  олон улсад  унагахыг завдсан болохоор харин ч өршөөл үзүүлэлгүй, төрийн төмөр нүүрийг харуулах ёстой байсан гэдгийг хэлэх хүн ч цөөнгүй бий.  Цаашид  уучлал, өршөөлийг бүрэн эрхийнхээ дагуу үзүүлэхдээ  анхаарах л ёстой болов уу?  

-"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн тэмцлийнхээ захиалагчийг илчиллээ-

Эх орныхоо газар шороог ухуулахгүй хэмээн ард иргэд эсэргүүцэл үзүүлж байгаа билээ. Тэгвэл тэд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар энэхүү тэмцлээ эхлүүлсэн байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Х.Тэмүжин нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт иргэдтэй уулзах үеэрээ "Нутгийн иргэд та нар л Ноён уулаа ухуулахгүй гэвэл ухуулахгүй. Та нар минь доороос нь сайн тэмцээд өг, би дээрээс нь сайн дэмжээд өгье" гэж хэлсний дагуу уг тэмцэл явагдаж байгаа ажээ.

"Ерөнхийлөгч маань маш зөв тэмцлийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлээд бүгдээрээ ерөнхийлөгчөө дэмжиж тэмцэлд нь нэгдэцгээе" хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

-Түргэний машинд зам тавьж өгөхгүй байгаа нөхдүүд хүний аминд хүрч байгаа гэдгээ мэддэггүй нь харамсалтай-

Манай улсад замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй жолооч нар олон байгааг хэн хүнгүй мэднэ. Бусдыгаа хүндлэн замын хөдлөгөөнд соёлтой оролцох асуудлыг уриалсаар олон жил боллоо. Сурч, хэрэгжүүлж байгаа үлгэр жишээч жолооч нар хуруу дарам цөөн. Гал унтраах болон яаралтай түргэн тусламж үзүүлэх машинд бусад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам тавин өгөх ёстой билээ. Тэгвэл эл асуудал манай улсад хэрэгжүүлэхэд их төвөгтэй. Гэхдээ соёлтой, дүрмээ мэдэгддэг жолооч нар хэрүүл маргаан гаргахгүй замыг чөлөөлж өгдөг. Сайны хажуугаар саар нэгэн байна аа. Түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй хэмээн уурлаж, явах замыг нь хаана зогссон үйл явдал өчигдөр өрнөсөн юм. Энэхүү бичлэгийг цахим хуудас хэрэглэгч өөрийн хуудаснаа нийтлэв. 

Бусдын амь насыг гартаа атгаж яваа эмч, жолоочийн ажилд саад учруулж байна. Иргэн хүнийхээ үүрэг болоод жолоочийн үүргээ биелүүлдэггүй дорой нэгэн байгаа нь нэн харамсалтай.

Түргэн, галын машинд зам тавьж өгөх ёстой гэдгийг захын нэг хүүхдээс асуухад үүнийг хэлээд өгнө. Гэтэл нас биеэнд хүрсэн хүн байж үүнийг мэдэхгүй хээв нэг өөрийнх нь зөв яатай маргалдаж зогсож байгаа нь даанч дээ гэмээр. Дээрх бичлэг дээрх шиг үйлдэл гаргаад зогсож байдаг хүмүүс цөөхөн байгаасай билээ. 

Солонгос улсад Түргэний машинд зам тавьж өгөхгүй бол 200 мянгаар торгодог хууль дүрэмтэй. Зам чөлөөлж өгөөгүйгээс үүдэн яаралтай тусламж үзүүлж чадах хугацаа 10 минут бүү хэл 1 минут л хоцорч юм бол эрдэнэт хүмүүний амь нас...

Харин манай улсад урдуур нь л дайрах, зам тавьж өгөхгүй байгаа нь эмгэнэлтэй. Эл хэрэг явдал болсны дараа замын цагдаагийн газраас тус машины жолоочид хариуцлага тооцсон юм. 

-Шийдлийн засгийн газар урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө-

Ам.долларын жолоог татахыг эрх баригчид хүсэхгүй байгаа бололтой. Сар шинийн өмнөх үеэс л огцом өссөн ногоон өдгөө 2000 төгрөгт хүрэхэд тун ойртжээ. Өнөөдрийн байдлаар монголбанкнаас зарласан үнэ 1982 төгрөгтэй тэнцлээ. 

Долларын өсөлтийн талаар зэсийн үнэ унаж, нүүрсний орлого муудсан нь нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид дүгнэсэн. Өчигдөр үдээш хойшийн байдлаар арилжааны банкуудын зарж байгаа ам.доллар 1989-1991 төгрөгтэй тэнцэж “Найман шарга” зах дээр 1988 төгрөг болов.  Долларын ханш сар шинийн өмнөхөөс даруй 10 төгрөгөөр өссөн нь энэ. Мөн хүнсний гол нэрийн барааны үнэ ч баярын сургаар нэмэгдсэн.

Хэрэв цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээг Засгийн газар, УИХ-аас авахгүй бол долларын ханш 2000 давах нь ойлгомжтой боллоо.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч ажиллахаар мэргэжлийн хүмүүсийг урьж, судалгаа дүгнэлт гаргуулаад ямар хөтөлбөр хамтарч хэрэгжүүлэх вэ гэдэг талд Засгийн газар анхаарч ажиллаж байгаа хэмээн эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь онцлов.

Шинэчлэлийн засгийн газар 2.8 тэрбум ам.долларын гадаад бонд гаргасан байдаг. Энэ нь Оросын холбооноос худалдаж авсан их өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний их мөнгө гэдгийг МАН-ынхан дэлгэсэн. Улсын нэгдсэн төсвийн орлого нь 1 их наяд төгрөгөөр дараалан тасарсан. Улсын нэгдсэн төсөв, Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, Самурай бонд зэрэг таван төсөвтэй байж УИХ-ын хуралдаанаас гадуур хараа хяналтгүй маш их хэмжээний мөнгийг зарлагдсан байна.

2012 онд жилд 4 тэрбум 407 сая ам,долларыг гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан. Өнгөрсөн хоёр жилийн хооронд 826 сая буюу 5.2 дахин буурч гадаад валютын албан нөөц хоёр жилийн дотор 2.5 тэрбум ам.доллараар буюу 2.6 дахин буурч 1.6 тэрбумд хүрсэн.

Ийнхүү төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Шийдлийн Засгийн газар богино хугацаатай бонд гаргахаар зэхэж суугаа гэнэ. Тэд ч сурсан зангаараа урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхөөр болж байгаа бололтой.

-МУГЖ Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд шилдэг 20-д шалгарчээ-

УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд шилдэг 20-д шалгарчээ. BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэрсийг Лондон хотод энэ сарын 24-ны өдөр зарлалаа.

Энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин амжилттай оролцож шилдэг 20 дуучны нэг болов.

Шилдэг дуучдын тоонд Монголоос гадна Уэлс, Франц, Итали, Малта, Норвеги, АНУ, Өмнөд Солонгос, Беларусь, Украйн, Турк, ӨАБНУ-ын дуучид багтсан юм.

Энэхүү тэмцээнд нийт 350 орчим уран бүтээлч оролцсон байна. Авъяастнуудыг хайх уралдаант шалгаруулалт өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд гурван шүүгч есөн хотод ажиллаж шилдгүүдийг шалгаруулжээ.

Тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт Сайнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болох аж.

-Шинжээч нар 4 настай охины үхлийн талаар дүгнэлт гаргажээ-

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой  Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан билээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нар урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Дүгнэлтэнд "Охиныг бусдад зодуулж амиа алдсан байна. Тархи болон бусад хэсэгт мохоо хатуу биетээр цохиж гэмтэл учруулсан байна. Мөн хөл, гарандаа зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралт байна. Тархиндаа авсан гэтмэл үхэлд хүргэжээ" гэсэн байна.

Харин охины бэлэг эрхтний ойролцоох язралт, хөхрөлт нь хүчирхийлснээс биш зодуурынх гэнэ.

Охины ээж Ө  таван жилийн өмнө Ц-тэй гэрлэж хөөрхөн охинтой болжээ. Гэтэл гурван жилийн өмнөөс бие нь өвдөж саажилттай болжээ. Тиймээс нөхөр нь хоёр жилийн өмнөөс М гэгч бүсгүйтэй үерхэж энэ жилээс эхнэр, охиноо хаяж явжээ. Тэгээд тэр М-тэйгээ хамтран амьдарч байсан байна. Өөрийгөө ч аваад явж чадахгүй байж чи хүүхэд өсгөж чадахгүй, би охиноо авна гэжээ.Охины төрсөн ээж хүүхдийнхээ ирээдүйг бодоод аавд нь өгсөн байна.

Хааяа л охинтойгоо уулздаг байж. Охин нь уулзахдаа ээжээ би тантай хамт баймаар байна, тэд нар намайг зоддог, хоол өгдөггүй өлсгөдөг гэдэг байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө ээж нь ааваас нь  зөвшөөрөл авч охинтойгоо хонохоор болжээ. Гэтэл шөнө нөхөр нь дарамталж хүүхэд авчирч өг гэсэн байна. Ээж нь охиноо унтаж байхад шөнийн 3 цагт хүргэж өгсөн гэнэ. Гэвч охиноо үхэл рүүгээ түлхснээ мэдсэнгүй.

Тэр шөнө  охин сэрээд ээждээ очно гэж уйлахаар  зодсон бололтой. Хөршүүд нь шөнө хүүхэд 3 цаг гаруй уйлж, эрэгтэй, эмэгтэй хүн хэрэлдээд , үүнийг чинь алаад өгье гэх чимээ гарч байжээ. Гэвч хэн ч цагдаа дуудаагүй байна. Хэрвээ тэр үед хэн нэгэн сайхан сэтгэлт хүн цагдаа дуудсан бол бaлчир охин амьд үлдэх ч байсан юм билүү.

/Эх сурвалж: www.times.mn/

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа