Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, ОХУ-ын Сонгуулийн Төв Комисстой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын сонгуулийн төв байгууллагууд хамтран “От братства по оружию – к братству демократий” сэдэвт үзэсгэлэнг ОХУ-ын Москва хотноо зохион байгуулав. Уг үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар ОХУ-ын Гадаад явдлын Яам, Соёлын Яам, Батлан хамгаалах Яам болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам оролцлоо.

ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуров үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа асар баялаг түүхтэй билээ. Манай хоёр орны ард түмэн мянга мянган жилийн хугацаанд нөхөрлөн, хамтран ажиллаж, туршлагаа солилцож ирлээ. Бидний зохион байгуулж буй үзэсгэлэнд 1911 онд Монгол Улс автономит улс болсноо зарласан тэр үеэс эхэлж, Халхын голын тулалдаанаас авахуулаад өнөөг хүртэлх үеийн Монгол Улсын түүхийн үзмэрүүд тавигдсанаас гадна манай хоёр орны сонгуулийн автоматжуулсан системийн дэвшилтэт техник, технологийг харуулсан үзмэрүүдийг толилуулж байна” хэмээв.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид тус үзэсгэлэнд оролцож, ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын гишүүд, улс төрийн намуудын төлөөлөл болон олон нийтэд Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцуулж тэдний сонирхсон асуултад  хариулт өгөв.

 

Монгол Улс сонгуулийн үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг богино хугацаанд нэвтрүүлж, 3 удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан нь ОХУ-ын хувьд  туршлага болохуйц  болсныг Оросын Сонгуулийн төв комиссын гишүүд дурдсан байна.