Хип, хоп урлаг нэг хэсэг хүчээ аван хөгжиж Татар хамтлаг  "Хайрыг хүндэл" "Бороо" "Ганцаараа" зэрэг дуугаараа залуусын сонсох дуртай "хит" уран бүтээлээрээ байлдан дагуулж байсан. Анх 2003 онд Чугу ХХК-ын дэргэдэх Сонор рекордостой хамтран Д.Батзаяа, Д.Мөнхчулуун, Ч.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ. Түүнээс хойш 2004 онд Татар, 2005 онд Second, Ганцаараа, 2007 онд Freedom цомгуудыг гаргасан юм.

Нэг хэсэг нам гүм байсан хамтлагийн гишүүд арван жилийн ойн баяраар эргэн нэгдлээ. Хамтлагийн залуус уран бүтээлдээ эргэн орж, шинэ цомгоо сонсогч, фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Мөн ирээдүйн хүүхэд, залуучуудыг уриалсан "Нөлөөллөөс дээгүүрт" архины эсрэг аянг эхлүүлэх гэж байгаа аж. Уг аяны нээлт зургадугаар сарын 2-нд "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд" болно.

Түүнчлэн "Нөлөөллөөс дээгүүрт" шинэ цомогт нь "Чинийх" "Би чиний хайр" "Электрон охин" зэрэг уран бүтээлүүд багтжээ. Уг цомгийн бичлэгийг "М Audio" студи хийж байгаа бөгөөд Киви хамтлагийн ахлагч Ука, дуучин A Cool,  залуу дуучин Уянга, Хишигдалай зэрэг дуучид хамтран ажиллажээ. Харин шинэ цомгийн баяраа зургадугаар сарын 5-аас эхлэн нийслэлийн бүх дүүргүүдэд хоёр сарын турш 60 удаагийн аялан тоглолтоо хийх юм.

Харин арван жилийн төрсөн өдрийн баяраа долдугаар сард Татар хамтлагийн фен клубын гишүүд, фенүүдтэйгээ "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд" тэмдэглэхээр төлөвлөжээ.