Өдгөө Үндэсний супер лиг 2014-2015 тоглолтууд явагдаж байгаа билээ. Хэд хоногийн өмнөөс МҮСБХ тэр дундаа Гэгээн хангай Лидер багийн тоглогч Jonathan Blake-ийн талаар хар мэдээллүүд цацагдах болов.


Спортын ертөнцөд болж байгаа мэдээ мэдээллийг хүргэх зорилготой “Royal sport” сайтын хамт олон Jonathan Blake хэцүү байдалд орсон талаар мэдээлэл цацсан юм. Тэдний зүгээс Jonathan Blake-тай холбогдож ямар нөхцөл байдал үүссэн талаар тодруулжээ. Энэ үеэр Jonathan Blake ийнхүү бичсэн байна.



- Надад ямар ч мөнгө төлөөгүй дээр нь гэрээс минь хөөгөөд гаргачихлаа, айлын буйдангаас буйдангийн хооронд л амьдарч байна. Цалин өгөхгүй болохоор нь би сүүлийн тоглолтоо тэдэнтэй тоглохгүй гэж хэлсэн гэвч тэд намайг болихгүй юу гэж хэлсэн. Надад гэрч алга бас мөнгө ч алга бид плэй-оффт оролцохгүй мөртлөө намайг зүгээр л хүлээх хэрэгтэй гэсэн. Цалингаа авчхаад харимаар байна. Бас Орчлон сургуульд багш хийсэн цалингаа авмаар байна” хэмээжээ. Тэрбээр орох оронгүй, мөнгөгүй болж байгаа тухайгаа хэлээд “Би Монголчуудын төлөө их зүйл хийсэн. Орчлон сургуульд хүүхдүүдэд хичээл заасан. Одоо зүгээр цалингаа авааг гэртээ харимаар байна. Монголчуудад итгэхэд одоо хэцүү санагдаж байна” гэжээ.

Харин Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан хар бараан мэдээллийн эсрэг өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Тэдний мэдэгдэлд:

Үндэсний супер лигт ирэн тоглож буй Гэгээн хангай Лидер багийн тоглогч Jonathan Blake-ийн талаар таагүй, хар мэдээллийг хэд хэдэн хуудсуудаар санаатайгаар тараан, сагсан бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалтыг хийж буй спонсор байгууллага, МҮСБХ-ны нэр хүндэд халдсан явдалд туйлын харамсаж байна.

Үндэсний супер лиг, МҮСБХ легионер тоглогчид, үүний дотор тоглогч Jonathan Blake-ийн хооронд ямар ч таагүй харьцаа, нөхцөл байдал үүсээгүй, цаашид ч үүсгэхгүй гэдгийг албан ёсоор батлан мэдэгдье!

Үндэсний супер лигт хүрэлцэн ирж тоглож буй легионер тоглогчдын цалин, урамшуулал болон бусад асуудлууд нь баг, тоглогчтой хийсэн гэрээний хүрээнд зохицуулагдаж, тухайн баг легионер тоглогчдын асуудлыг хариуцдаг ба үүнд МҮСБХ зөвхөн хяналт тавьдаг.

Тоглогч Jonathan Blake-ийн хувьд үүссэн нөхцөл байдал нь Гэгээн хангай Лидер баг тоглогчдынхоо цалинг сар бүр олгосоор ирсэн ба зөвхөн сүүлийн сарын үлдэгдэл урамшууллыг 2-р тойргийн төгсгөлд олгохоор болж өдөр нь хойшлон, мөн плэйоффт шалгарах боломжгүй болсон тул легионер тоглогч “Terrence Gamble”-г нутаг буцаасан ба МҮСБХ, Дундговь Альянс Тэх Харцага багт хүсэлт тавин гэмтлийн улмаас тоглолтод оролцох боломжгүй болсон Andre Brown хамт түрээсийн гурван өрөө байранд хамт амьдарч байгаа болно.

Ямар ч цалин урамшуулал аваагүй, амьдрах орон байргүй, нутаг буцах боломжгүй болсон мэтээр тоглогч Jonathan Blake-ийн талаар тараагдсан мэдээлэл ор үндэсгүй, санаатайгаар Үндэсний супер лиг, Гэгээн хангай Лидер багийн нэр хүндэд халдсан зохисгүй мэдээлэл тараагдсаныг эрс няцааж энэхүү мэдэгдлийг хийж байна!

Тоглогч Jonathan Blake тун удахгүй өөрийн авах ёстой урамшууллыг аван, Үндэсний супер лигийн улирлыг өндөрлүүлэн өөрийн төрөлх нутаг руугаа буцах болно!

Монголын сагсан бөмбөгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсанд баярлалаа ноён Jonathan Blake! гэжээ.