“Кодожсон” нийгмийн жудаг
2015/03/19
Нугалаасаараа элэгдсэн аавын минь арьсан бор түрийвч “аваанз бөгс” гэдэг сонин цалингаа буухаар улаан аравтаар дүүрч зузаарсан харагддагсан. Өдрийн унднаар ирээд хэсэгхэн дугхийх зуураа аав түрийвчээ халааснаасаа гаргаж ширээн дээр тавьдаг байсан болохоор би түүнийг нь хэзээ зузаарч, хэзээ нимгэрдгийг нь анддаггүй байв. Харин гар хүрч, уудалж, мөнгийг нь тоолж байсан удаагүй.
Бидний багад дэлгүүрт ирсэн шинэ тоглоом, хувцас, сонин содон амттан зэргээс хоцорч ер үзээгүйг бодоход аавынхаа хэтэвчийг “сонирхох” шалтаг байгаагүй нь мэдээж юм даа...
Дуудлаганд явж ирээд амрах зуураа аав минь хар тэмдэглэлийн дэвтрээ мөн л шкафны дээр тавина. Харин энэ дэвтрийг нь хаяа би нээж үзнэ ээ. Тэнд нь ээжид зориулсан шүлэг, нутаг орны тухай мөртүүд, аян замд таарсан сонин хачин зүйл, дуудлага өгсөн өвчтөний биеийн байдал, өвчтөн илааршаад яаж баярлаж байсан, байгалийн сонин тогтоцтой газрын тухай гээд юм бүхнийг бичсэн харагдана. Нэг удаа дэвтрийг нь уншиж байгааг аав харсан ч хориглоогүй тул зөвшөөрч байгаа нь тэр байх. Үүнээс хойш би аавынхаа сэтгэлийг хар дэвтрээс нь уншдаг болсон юм...
Миний багад нэг л юм цоожтой. Тэр нь эмээгийн авдар. Түлхүүр нь эмээгийн дан дээлний дотоод энгэрт байдаг “гар хийцний” нимгэн халаасанд байх. Авдраа миний дэргэд уудалдаггүй байсан юм уу, би олж хардаггүй байсан уу, ямартай ч дотор нь юу байгаа бол гэхээс хорхойсдог байв. Нэг удаа эмээгийнхээс нэг л тийм гэхийн аргагүй гоё үнэр сэнгэнэнэ. Жимс ч юм шиг, ороодог улаан тамхи ч юм шиг. Гэтэл эмээ авдраа уудалж байж л дээ. Намайг дөхөөд очиход эмээ нэг уутнаас атга дүүрэн үзэм хар чавга өгөөд буруу харлаа. Тэрийг нь идэх гэхээсээ илүү авдарт өөр юу байгааг алдалгүй харах нь л надад чухал байсан юм. Жижигхэн ууттай чихэр жимснээс гадна ваадантай элдсэн хурганы арьс, торго дурдан, даалимба гэх мэт цоожгүй авдарт нь ч байж л байдаг энгийн л юм байсанд нь миний урам хугарч билээ. Тэр үеэс хойш эмээгийн цоожны цаадхыг харах хүсэл арилсан даа.
Юм бүхэн ил нээлттэй байхын хэрээр ухаж төнхөх хүсэл төрдөггүй гэдгийг би аав ээжийнхээ “цоож цуургагүй” энэ эгэл даруу амьдралаас сурсан юм.
Сэтгэлийн блок гаргах уу?
-Нэг хүний yahoo хаягны пассвордыг хакердаад олоод өгвөл 5000 нэгж савлаа шүү манайхаан.
-Фейсбүүк рүүгээ орох гэсэн болохгүй байна. Устчихсан болов уу? Яаж орох вэ туслаач?
-Яах вэ, миний хаягнаас хэн нэгэн нэвтрээд хүмүүс рүү янз бүрийн юм бичээд байна туслаач?
-Утсаа блоклоод бүх юм будаа... Юм устгахгүй сэргээх арга байна уу?
-Сейфний код тайлна.
-9 оронтой кодтой мөнгөний цүнх зарна.
-Yahoo-гийнхаа пассвордыг яаж өөрчлөөд ч нөхөр маань мэдчихээд байх юм. Яаж мэдэж байна аа туслаач?
Юу ч гэмээр юм бэ дээ. Нэг л их кодтой, цоожтой хүмүүс. Утас, комьютер, нөүтбүүк, интернет нь, цүнх, дэвтэр ном нь ч, хаалга үүд, орц хонгил нь ч кодтой. Тэртэй тэргүй төвөгтэй асуудал мунддаггүй хүний нийгэмд “кодолсон”, “кодоо мартсан”, “кодоо хулгайд алдсан”, “кодыг нь олж өгөөч” гээд бас л бөөн зовлон нэмсэн энэ кодтоны ертөнцийг яалтай.
Хувь хүний орон зайгаа хамгаалах гэдэг энгийн соёл. Хувь хүний орон зай руу нэвтрэх гэж улайрах бүдүүлэг нь мэдээж. Гэвч бие сэтгэлээсээ бусдыг цоожилчихсон хүмүүс яаж хардалт сэрдэлтгүй амар тайван амьдрах билээ. Мөн хүний чанар үнэртэхээ ч больсон өнөө үед кодолж түгжиж хамгаалалгүй л яахав. Гэвч ...
Тохиолдол-1
Одоогоос хоёр жилийн өмнө хүүгийндээ ирсэн хоёр хөгшний нэгнийх нь бие муудаж, даралт нь ихсээд түргэн дууджээ. Хүү бэр хоёр нь эзгүй байж. Тэд хаяа нэг гадагш гарахаар хүүхдүүдээ газарчилж гарцгаадаг байж. 103 дуудахдаа орцны кодоо мэдэхгүй хэлээгүйгээс болж түргэний эмч шөнө дунд байранд нь орж чадалгүй цаг алдаж, өвчтөн харвалт өгөн одоо зэрэмдэг нэгэн болжээ...
Тохиолдол-2
Зүрхний эмчийн хяналтанд байдаг өвчтөн гудамжинд ухаан алдаж унажээ. Азаар хүмүүс түүнийг ойрхон эмнэлэгт хүргэж. Өвчтөний биеийн байдалд тохируулан эмчилгээ хийсэн ч, тухайн хүний зүрхэнд таарахгүй эм тариа хийвэл амь насанд аюултай тул тэр хүний талаар тодорхой мэдээлэл хэрэг болж ар гэр лүү яаралтай ярих хэрэг гарчээ. Гэтэл түүнд гар утаснаас өөр биеийн байцаалт байсангүй. Утаснаас нь ар гэрийнх нь дугаарыг олох гэтэл утас нь кодтой энгийн эмнэлгийн ажилтан амар нэвтэрч чадахааргүй байж. Зөндөө цаг алдсаны эцэст азаар өвчтөн сэргэсэн ч эмч нар түүнд: “Утасныхаа кодны гайгаар ар гэрийнхэндээ дуулгалгүй, уулзалгүй үхэж болох байлаа. Бие муутай байж утсаа битгий цоожилж бай” гэж зэмлэжээ...
Тохиолдол-3
Аав ээж нь банкаар охиндоо сургалтын төлбөрийг нь гуйвуулжээ. Харин найз залуу нь түүний банкны картыг хэрэглэж байгаад нууц үгийг нь сольсон байснаа хэлэлгүй мартчихаж. Тэгээд хөдөө уурхай руу яваад өгсөн ажээ. Охин иргэний үнэмлэхээ хаячихаад дахин авч амжаагүй байсан бөгөөд картынхаа кодыг буруу оруулсаар картаа “залгиулжээ.” Ингэж мөнгөө авч чадалгүй байтал шалгалтууд нь ч эхэлж. Уурхай дээр нь утасны сүлжээ байдаггүй. Төлбөрөө тушаахгүй бол шалгалтанд оруулахгүй гэсэн зарчмаар шалгалтаасаа хоцорч, жилийн чөлөө болгон улмаар дутуу шалгалтын кредитийн зөрүү баахан мөнгө нэмж төлжээ...
Юм бүхэн нь цоожтой өнөөгийн өнгө төрх нэг иймэрхүү. Энэ мэт гунигт түүх хичнээнийг ч дагуулж мэднэ. Хэн хүний орон зай заагтай ч энэ цагийн кодтой хөгжилд хэт автсан хүмүүст кодгүй юм гэж үгүй. Харин цоожтой бүх юм алдагдах гээд байдаг хүмүүний гаж зуршил, нуух тусам мэдмээр байдаг төрөлхийн хартай араншин хоёр “кодтой хүн” танд ямархуу төвөг авчрахыг одоо таахад бэрх ээ.
Бие сэтгэлээ цуургалж, энгэр, тэлээгээ “кодлоогүй” байж хамаг байдгаа хав дарж суух энэ үеийн хүмүүсээс асуух ганцхан асуулт байна аа. Өөрөө хийсэн кодондоо өөрөө бүдэрч, буруу л оруулах юм бол утас чинь хүртэл танаас урваж, алган дотор чинь аашаа хувирган “блоклогдож” байхад, үй түмэн кодтой үл ойлгогдох хөгжлийн сүүдэр хайртай хүний чинь сэтгэлийг блоколж орхивол “сэтгэлийн блок тайлах” программ та өөртөө суулгасан уу?