Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Баянхонгор аймагт ажилласан бол өнөөдөр өглөө Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж, Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тухайлбал, залуусынхаа боловсролыг дэмжих зорилгоор оюутан бүрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох хуулийг санаачлан батлуулсан, мөн дотоодын их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа оюутнаа дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулж, сургалтынх нь төлбөрийг улсаас дааж оюунлаг Монгол иргэнийг бий болгох, цаашлаад улс орныхоо хөгжлийн түүчээ болгох зорилго тавьснаа энэ үеэр онцоллоо. Мөн Монгол Улс олуулаа болох ёстой. Тиймээс хүүхдээ хоёр нас хүртэл нь харах ээжид сар тутамд тэтгэмж олгох, ажлын байрыг нь тухайн байгууллага, компани нь хүүхдээ асраад ажилдаа орох хүртэл нь хадгалж байх зэрэг эх, хүүхэд рүү хандсан бодлого дэвшүүлснээ онцолсон юм.  Түүнчлэн алтайчуудын хувьд хөгжлөөс хоцрох ёсгүйг сануулж байна. Одоо улс орон даяар бүтээн байгуулалтын нөр их ажил эхэлсэн байгаа, түүнээс алтайчууд хоцрох ёсгүй. Ирээдүйд алтай нутгийнхныг хөгжлийн түүчээ аймаг болгохын төлөө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон нөхцөлд анхаарал тавьж ажиллахаа мөн илэрхийллээ.
Алтайчууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хэд, хэдэн хүсэлт дайлаа. Улс орны эдийн засаг томорсон гэдэг ч Говь-Алтай аймагт ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээгүй мөн хөгжлөөрөө сүүл мушгих болсон. Тиймээс Говь-Алтай аймгийг хөгжилтэй, хөрөнгө оруулалтыг бусдаасаа дутахгүй авдаг аймаг болгоход анхаарал бас хэрэгтэйг сануулаад, Ерөнхийлөгч хүн бол хүнийг унагах бус босгодог эрдэм чадалтай байх ёстой. Улс орныг биеийн бөхөөр биш оюуны бөхөөр жолоодож авч явах ёстой . Сутай хайрхан бол Ховд, Алтайчуудын сүслэн дээдэлдэг хайрхан. Уул усаараа та бид саахалт айлынхан. Саахалт айлынхны санаа нэг, айл гэрийнхний амь нэг гэж үг бий. Тиймээс Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж таныг алтайчууд бид дэмжинэ” гэдгээ илэрхийлж уулзалт халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Говь-Алтай аймагт ажиллахад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Х.Энхбаяр, аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр нар дагалдан ажиллалаа. 

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Завхан аймаг руу хүлгийн жолоо зална. 
 

 

Г.ДАРЬ