Энэ зун монголчууд “тасархай” гоё наадамлах нь ээ. Төр засаг сайхан наадамла гэж 50 тэрбум төгрөг гаргаж өгч байхад ёстой “балай авна” биз дээ.

Ноднин ганцхан тэрбум төгрөгөөр наадсан болоогүй. “Хүй мандлын” дэнж, Төв цэнгэлдэх хоёрт хуушуур 1000 төгрөгт хүрч, морьтой, явган нь холилдож, шороо тоосонд дарагдаад, машин тэрэгнүүд сүлжилдэж давхиад сүйд хийх дөхсөн. Аргагүй шүү дээ. Ганцхан тэрбумаар нэг сая хүн наадамлаж байгаа юм чинь. Энэ жил машинаа тусгай тавцанд байрлуулж, гадаадынхныг гаргачихаад монголчуудаа түлхээд бай­даг хорь гучхан хүний багтаамжтай хоёр метр гаруй өндөр тавцан дээр ганц хоёулхнаа гарч зогсоод морь үзнэ.

500 төгрөгөөр литр айраг ууж, 100 төгрөгийн хуушуур иднэ. Тав алхаад л 00,  50 метр тутамд “шопинг”. Үнэн гоё.

Хүй долоон худагт морь барианы газрыг бүхэл бүтэн цогцолбор болгохоор зураг төсөл нь гарчихсан байна лээ. Дор хаяж 200 мянган хүн хурдан морины тоосонд “булуулж”, хийморио сэргээхээр тийшээ зүглэдэг. Морио ч үзчихнэ, хуушуураа ч идчихнэ. Үеийн үед монголчууд ингэж наадамлаж ирсэн юм. Ардын засгийн үед болоод л байсан юм. Ардчилсан засгийн үед харин болохгүй болж байх шиг байна. Бодууштай л юм. Засгийн газар энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах хороогоо томилж, зардал мөнгийг  нь ноднингийхоос тав биш бүр 50 дахин нэмчихлээ. Өнгөрөгч онд Үндэсний их баяр наадмаа тэрбум хүрэхгүй төгрөгөөр тэмдэглэсэн гээд бодоход баяр наадамд асар их ач холбогдол өгч байгаа бололтой юм. Наадмын дараа намар болно. Цэцэрлэг сургуулиуд цуглаж, хэдэн муусайн хүүхдүүд 20 метр квадрат зайд хорь, гучуулаа шахцалдсан чигээрээ л байна гэж бодож амжихаасаа өмнө баталчихна даа, энэ хэд. Ирэх бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар л эцэслэн батална. Хүүхдүүд яах вэ, сураагүй биш. Азтай нэг нь шахалдаж чихэлдээд ч болов сургууль цэцэрлэгтээ явж, азгүй нь гэртээ цоожлуулна биз. Найр наадам л сайхан болж байвал бусад нь ч яамай байна аа. Өвлийн хүйтэн, зуны халуунаас зугтаж харь орныг зорьдог хүмүүс энэ зун лав ийш тийшээ нисэхгүйгээр шийдэж байх шиг байна. 50 тэрбумаас “хүртэх” гээд. Зарим нь бүр Рио де Жанейрогийн карнавалаасаа ч татгалзаж байгаа сурагтай.   Наадам болоход яг 41 хоног дутуу байна. Энэ хугацаанд Хүй долоон худгийн дэнжид бараг л бүхэл бүтэн цогцолбор босох юм билээ. Босгочих байх л даа. Мөнгө нь байна, мөрөөдөл нь байна. Хүй долоон худаг, төмөр замын 61 дүгээр гарам хавиар газар өмчилчихсөн хүмүүс наадам нэрээр төсвийн хөрөнгөөр 8,5 км автозам тавих гэж байна гэж зарим нь хардах юм. Нэг маань ч гэсэн донсолгоогүй замаар дүнгэнүүлж явахад болохгүй нь юу байна. Атаархаад байвал тэр хавьд нь бас газар авчихгүй юу. Бас зарим нь бондын мөнгийг баруун солгойгүй цацлаа гэж байна. Яадаг юм. Юмтай Монгол юмаараа л тоглож байна. 100-хан сургуулийн мөнгө юу юм бэ. Юу ч биш. 100 байтугай 1000 сургууль барих мөнгө байна.

Яваандаа наадмын морьд Хүй долоон худагт тойрог замаар уралдаж ч магад. Гадаадын кинонд гардаг шиг цэнгэлдэх дотор тойрог замд цөөн цөөнөөрөө гараанаас гараад л. Зул задарлаа, морьд эргэлээ гэхийг эр эм хоолойгоор буруу зөрүү сонсч залхлаа.  Хүй долоон худагт авто зогсоол, эко хавтан бүхий талбай байгуулахад найман тэрбумыг зарцуулна гэж байна.  Авто зогсоолоо байг гэхэд эко хавтангаа наадам дуусангуут хуулж аваад хураачихна. Тэгэхгүй бол тэр хавийн малчид сугалж аваад, малын хашаа хороо барьчихаж магад. Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор баригдах юм билээ. Харин одоогоор “Монгол наадам” цогцолбор чухал уу, хотын хэдэн хүүхдэд сургууль, цэцэрлэг чухал уу.

 

Б.Оюунгэрэл