Монголын ширэн бээлийтнүүдийн өсч яваа тамирчны нэг ОУХМ Э.Идэрхүүтэй олон улсын тэмцээнд оролцох гээд  бэлтгэл сургуулилтаа базааж байхад нь уулзаж ярилцлаа. Тэрээр 2015 оны эхээр Унгарь улсын Дебрецен хотноо болсон Иштван Бочкаины нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 5 дахь удаагийн тэмцээнд шилдэг ширэн бээлийтнээр шалгарч дараа нь монголдоо болсон УАШТ-ээс алтан медаль хүртсэн гээд амжилт арвин байгаа аж.

-Одоо ямар тэмцээнд оролцох гэж байна вэ?

-Миний хувьд боксын спортоор 11 жил хичээллэж байна. Одоо шигшээ багтаа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн,Ардын багш Д. Банди гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, ОУХМ Эрдэнэбаяр  багш нарын удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоо бид Казакстан улсад болох олон улсын “А”зэрэглэлийн тэмцээнд энэ сарын 26-нд явна. Ер нь тамирчин хүний ганц зорилго бол олимп дэлхийгээс медаль авах байдаг шүү дээ. Ялалт бүртээ тактикаа улам сайжруулж, ялагдах бүрдээ алдаан дээрээ суралцаж,цаашид юун дээр анхаарахав гэдгээ бодож явдаг.

-Бокс эрсдэлтэй спорт. Бэртэл гэмтэл авах нь энүүхэнд?

-Толгойны хамгаалалтгүй үед бэртэл их авдаг. Наад зах нь хөмсөг задрах, энэ бүгд дээр тактикаа сайжруулж яавал хөмсгөө задруулахгүй байхав гэдэг дээрээ анхаарч  бэлтгэл сургуулилтаа хийж байна. Лондонгийн олимпийн дараанаас  шлямгүй болсноос  хэд хэдэн удаа миний хөмсөг задарсан. Тийм учраас аль болох хөмсөгөндөө хүргэхгүй байхыг хичээж байгаа.

-Олон улсад таны жингийн гол өрсөлдөгчид гэвэл?

-Олон улсад гэж ярих юм бол олон тамирчид байна. ДАШТ болох гэж   байгаа учраас тэдгээр тамирчдаа судалж байгаа. Манай шигшээ багийн албанаас өрсөлдөгч тамирчдыг судлуулдаг. Тэдгээр тамирчдынхаа бичлэгийг нь үзэх, тэмцээнд орсны дараа тактикийн тоглолт хийдэг.

-Шигшээ багийн цалин дээр ивээн тэтгэгч компаниудын дэмжлэг гээд өнөөдөр тамирчид хангамж ихтэй болсон шүү дээ ?

-Үнэнийг хэлэхэд манай шигшээ багийн цалин амьдралд хүрэлцдэггүй. Ийм  цалингаар амжилт ч гарахгүй. Тийм учраас ивээн тэтгэгч байгууллагуудаасаа давхар цалин авдаг. Энэ дашрамд “Зөв боломж” компанийн Банзрагч захиралдаа баярлаж талархсанаа илэрхийлье.

-Нутгийн тань уул ус  ивээж түшдэг байлгүй. Ер нь аав ээж нь юу гэж захидаг вэ?

- Би Дорнод аймгийн уугуул. Аав ээж хоёр маань Дорнод аймагтаа амьдардаг. 16 настайдаа анх шигшээ багт ирж байлаа.Тиймээс  аав ээж маань миний хүү биеэ бодож бэлтгэл сургуулилтаа хийгээрэй, нутгийнхаа уул усыг шүтэж залбирч байгаарай, өглөө бүр цайны дээжээ өргөж байгаарай гэж захидаг. Том тэмцээнд орохын өмнө даасан багш дээрээ очиж заслаа хийлгэдэг.

-Хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн?

-2009 онд УАШТ-нд аварга болж байх тэр мөчид маш их догдолж, тамирчин болсноороо  бахархаж байлаа.

-Бразилийн олимп нэг л мэдэхэд хаяанд ирнэ. Бодвол олимпийн наадмыг мөрөөдөж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. 2016 оны олимпод оролцоно гэсэн зорилго өөртөө тавиад бэлтгэл сургуулилтаа шаргуу хийх болно. Олимпийн эрх авах тэмцээн ирэх 10 дугаар сард эхэлнэ. Тэгээд 2016 он гараад дахиад нэг тэмцээн байгаа. Энэ хоёрхон тэмцээнээс эрх авах учраас чанга сорилт юм. 

 

Д.Нэргүй