Д.Баттулга: Тамирчин хүн амжилтандаа эрдэж болохгүй
2015/04/19
Тиймдээ ч тэрээр Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг 2008 онд олимпийн аварга болоход бусад дасгалжуулагчдын хамт бэлтгэл сургуулилтыг нь хангаж явснаараа бахархдаг хэмээсэн. Ингээд Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч МУГТ Д.Баттулгатай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэж байна.
-Анхны юм бүхэн сэтгэлд тодхон үлддэг. Та хэдэн настайдаа амжилт үзүүлж, ямар шагналаар шагнагдаж байв?
-Анх 16, 17 настайдаа Хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дараа жил нь УАШТ –ээс хүрэл медаль хүртэж байлаа. Энэ үеэс л спортод зүрх сэтгэлээ зориулах эхлэл тавигдсан даа. Харин гадны улс оронд гэвэл самбо бөхийн тэмцээнд явж сайхан барилдаан хийж байсан минь санаанаас гардаггүй юм. Мөн 1987 онд Болгар улсын олон улсын тэмцээнд түрүүлсэн. Удалгүй “Хүч” нийгэмлэгт цэрэгт ирээд яаж барилддаг юм, яаж биеэ бэлддэг юм гээд жинхэнэ боловсорч эхэлсэн дээ. Удалгүй 1988 оны Оюутны ДАШТ –ээс анхны хүрэл медаль хүртэж тэр жилдээ самбо бөхөөр ДАШТ-д оролцож түрүүлээд 1989 онд жүдо бөхөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Мөн 1990 онд Кано каф гэж Япон улсад дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээнээс мөнгө, 1991 онд Токио хотод болсон широкийн цомоос хүрэл медаль хүртсэн. Энэ медалиуд бүгд Монгол Улсад анхны медаль болон ирж, жудочдын цаашдын амжилтанд шан татсан зүйл болсон юм.
-Тэгээд хэдий үеэс багшилж эхлэв?
-1985 оноос шигшээ багт орж хичээллээд 1992 оны олимпийн өмнө хөлөндөө жаахан бэртэл авч барилдсан нь амжилтанд нөлөөлж,шагналт байранд орсон. Тэгээд л өвдөгний бэртэл барилдахад хэцүү байсан учраас багшийн ажилдаа түлхүү ороод хүүхдүүдэд чадах ядахаараа юм хэлж өгье,бас шигшээ багийн тамирчдад туслаад хамт бэлтгэл хийгээд явъя гэж бодсон. 1993 оноос шигшээ багаас гараад Их шавийн дээд сургуульд багшилсан.Үүний дараа шинэ хүүхдүүдэд жүдо бөхийг эхнээс нь заавал үр дүнд хүрэх юм болов уу гэж бодоод Спортын төв ордны хүүхдийн багшаар ажилласан. Удалгүй Японд очиж сургалтанд хамрагдаж ирээд Спортын төв ордондоо хүүхдийн багшаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2001 оноос Малайз улсад багшлахаар явсан.
-Тэгээд л Жудо бөхийн холбоотой холбогдсон хэрэг үү?
-Тийм ээ. Холбоо маань одоогийн УИХ-ын гишүүн , тухайн үед Женко гэгдэж байсан Х.Баттулгыг холбооныхоо Ерөнхийлөгчөөр томилоод энэ хүн маань ч бид бүгдийнхээ итгэлийг алдахгүй маш сайн менежментээр ажиллаж байгаа. Энэ хүн 2007 оноос надад хамтарч ажиллахыг санал болгож миний бие 2008 оны олимпод хамтарч оролцсон. Энэ үед олон сайхан багш нар, баг хамт олон байсан. Тэдэнтэй хамтраад 2008 оны олимпод оролцож Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань өндөр амжилт үзүүлсэнд үнэхээр бахархаж явдаг.
-Шавь нарын тухайд юу хэлэх вэ?
-Хүүхдийн багш, дараа нь залуу тамирчид орж ирж бэлтгэл хийсэн гээд яриад байвал цөөнгүй шавьтай болсон. Тэдний дундаас сайн барилдаж спортдоо эргэлт буцалтгүйгээр зүтгэж байгаа тамирчид ч бий, барилдахаа больсон ч байгаа. Тухайн тамирчны ар талд олон хүн байж амжилт гардаг. Амжилтандаа эрдэж болохгүй, улам илүү амжилт гаргахын төлөө мэрийж бусдынхаа итгэлийг алдахгүй байх ёстой.
-Ингэж олон сайхан тамирчид дасгалжуулагчтай мөр зэрэгцэн ажиллаж ирсний хувьд спортоос юуг олж авсан бэ?
-Спорт хүнийг өв тэгш хүмүүжилтэй болгодог. Гадаа сагс хөл бөмбөг болон бусад тоглоомор тохиолдлын хэлбэртэй тоглосноос спортын клубт ирээд зохион байгуулалтайгаар бэлтгэл хийж, зорилгоо тодорхой болгож, амжилт ахихаа тооцоолно зэрэг хүмүүжлийн ач холбогдолтой.
Ярилцсан Д.Нэргүй
Зочин · 2015/04/21
Зочлоод үзээрэй залуусаа http://theinvitepay.com/?ref=3191