Доктор П.Нэргүй: Монгол Улс далд колони улс байсан, бид үүнийг нь 1978 онд илчилсэн юм
2013/06/06
МАХН-ыг шинэчлэх хувьсгалыг удирдаагүй бол Н.Удвал Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй-
П.Нэргүй доктор. Энэ хүн Монгол Улсад ардчиллын салхийг сэвэлзүүлсэн анхны хүн нэг. Тэрээр өнөөдөр 80 насыг зооглож буй буурай. Биднийг П.Нэргүй гуай уриалгахан хүлээн авч уулзав. Түүнтэй ярилцаад сууж байхад өнгөрсөн ардчиллын түүхийг энэ хүн дэндүү их мэдэх юм байна даа гэж бодож суусан. Хэлэх үг нь жинтэй, хийсэн ажлаа мэддэг, хүнийг танихдаа гаргуун нэгэн ажээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын талаар ярихдаа тэдэнд ямар нэгэн тал зассан үг, өгүүлбэр унагаагүйтэй адил гомдлын үг ч дайгаагүй. Монголоо гэсэн зүрх сэтгэл цээжинд нь багтаж явдаг болох нь ярианаас нь илт. Гадаад хэлийг гаргууд эзэмшсэн тэрээр Монголын гадаад харилцаанд багагүй санаа зовдог бололтой юм. Ялангуяа газрыг хувьчилж болохгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсдог төдийгүй газар нутагтаа “ихэд харамч” буурай ажээ. Ингээд доктор П.Нэргүй гуайтай ярилцлаа.
-Таны бие тэнхээ сайн уу. Та их сайхан газарт амьдардаг юм байна?
Би хот руу бараг ордоггүй шүү дээ. Нас ахиад ирэхээр гэрээсээ ч гарахаа больдог юм байна. Өдөр тутмын сонин уншина. Телевизийн хэдэн сувгууд эргүүлнэ. Завсар гарвал ном уншиж хааяа нийтлэл бичдэг юм.
-Таниас ярилцлага авахаар зорьж ирлээ. Та бидэнд ярилцлага өгөх боломж байна уу?
Та бүхний ажил мэргэжлийг хүндлээд дээрээс нь таньдаг хүнийг маань дагуулаад хүрээд ирсэн болохоор ярилцлага өгье дөө.(инээв) Уг нь би өөрөө ярилцлага өгөх дургүй, харин сонин хэвлэлд юм бичвэл зүгээр санагддаг юм.
- Танд баярлалаа. Монгол Улс хэдхэн хоногийн дараа төрийн тэргүүнээ сонгоно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагаараа онцлог байна. Та бол Монгол Улсад ардчилал үүссэн цагаас эхэлж ардчиллын дуу хоолой, түүчээ болж явсан хүний нэг. Та энэ сонгуулийн талаар санал бодлоо хуваалцахгүй юу?
- Би сүүлийн 20 гаруй жил хугацаанд ардчилсан хувьсгалын талаар их ярилаа. Ардчилсан хувьсгалын өндөрлөгөөс Монголын асуудалд ханддаг хүн төрийн тэргүүнд гараасай гэж хүсдэг. Ийм хүн эхлээд хувьсгал хийсэн байх ёстой. 1990 оны ардчилсан хувьсгал ердөө гурван сар үргэлжилсэн юм. Энэ ардчилсан хувьсгалаас тагнуул туршуулууд гарч уг хувьсгалыг зогсоосон түүхтэй. Яг тийм байдал хожим 22 жилийн дараагаар буюу 2012 онд шударга ёсны хувьсгал болсон.Энэ хувьсгалд 1992 онд болсон хувьсгалаас ялгаатай зүйл ч байсан, төстэй зүйл ч байв. 1990 оны ардчилсан хувьсгалд дээд төвшинд эмэгтэйчүүд оролцоогүй бөгөөд харин 2012 оны шударга ёсны хувьсгалд эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлага онцгой үүрэг гүйцэтгэсэн. Энэ хувьсгалд Н.Удвалын хийсэн үйл хэрэг их юм. Н.Удвал шинэчлэгдэн өөрчлөгдсөн МАХН-ыг жинхэнэ улс төрийн бие даасан нам руу оруулж чадаагүй бол өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвших бололцоогүй байсан. Тиймээс энэ хувьсгалыг удирдаад тодорхой үр дүнд хүргээд хувьсгалд үнэнч үлдсэн явдалд хожим түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх улс төрийн боломжийг нээсэн.
- Зарим хүн Н.Удвал сайдыг Н.Энхбаярын хүн. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Энэ нь ерөнхийдөө санал хуваах гэсэн зорилготой байна гэж ярьж байна. Харин та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Мөн илүү санал авах юм бол Ардчилсан намд өгнө гэсэн мэдээлэл байна?
- Би ийм мэдээллийг хэвлэлээс харсан. Ийм санаа оноотой зүйлүүд байсан. Асуудалд ингэж өнгөц хандаж болохгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол Улсын хувь заяаг бүхэлд нь гартаа атгаж, зохицуулж байх ёстой. Нэг, хоёр хүний суудлаас хуваалцах цаад хүнийг хохироох гэсэн чиглэл байж болохгүй. Би яагаад энэ асуудлыг онцгой анхаараад байна вэ гэхээр Н.Удвал бусад лидерүүдээ бодвол өөр онцлогтой болчихож. Аргагүй шударга ёсны хувьсгалд энэ хүн хүчтэй нөлөөлж чадсан. Н.Удвал мөрийн хөтөлбөртөө таван аюулаас улс эх орноо аварна гэжээ. Нөгөө хоёр өрсөлдөгч үүнийг нь олж хараагүй. Үүнийг нь хараад Удвалын “толгой” илүү гэдгийн нь мэдсэн. Үүнийг л би их үнэлсэн. Үнэхээр таван бодлого, таван зорилго таван аюулыг гэтлэх чиглэлтэй учраас түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр онцгой ач холбогдолтой. Анх удаа эмэгтэй хүн ийм асуудлыг гаргаж тавилаа. Тиймээс би Н.Удвалыг дэмжиж байгаа юм. Богино хугацаанд улс төрийн асар их туршлага олно гэдэг зөвхөн хувьсгал хийж чадсан хүн энэ бүхнийг хийж чаддаг юм. Өөрөөр хэлбэл, хувьсгал удирдсан хүмүүс л үүнийг чадна гэсэн үг. Энэ талаас нь асуудалд ханджээ. Хэдэн шат дээгүүр яваад очсон байна. Мэдээж нам нь тусалсан л байх, Н.Энхбаяр ч санаа оноогоо хэлсэн байх. Гэхдээ үүнийг таван зангилаа болгож тавина гэдэг нь чадварлаг эмэгтэй юм. Хамгийн гол нь улс төрийнхөө бодлогод Н.Удвал үнэнч байж чадлаа.
- Та Н.Удвал сайдын мөрийн хөтөлбөрийг “ Хөх толбо “ сонинд задалж бичсэн байсан. Монгол Улсад нүүрлээд байгаа аюулаас яаж гарах уу. Та энэ аюулыг яаж харж байна вэ?
- Зургадугаар сарын 1-нд Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр “ Өдрийн сонин”-д нийтлэгдсэн. Түүнийг нь би олж үзлээ. Б.Бат-Эрдэнийнхийг олж үзээгүй. “ Зууны мэдээ” сонинд Н. Удвалын өгсөн ярилцлагад мөрийн хөтөлбөрийнхөө талаар ярьсан байна лээ. Түүнийг нь олж уншсан. Одоо надад Н.Удвалын мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ байхгүй байна. Шударга ёсны хувьсгалд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг нь хараад үнэлгээ, дүгнэлт гаргалаа. Хамгийн гол нь Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр,Н.Удвал гурав хуучин МАХН-ыг хүлээж аваад энэ намын нүүр царайг 100 хувь өөрчлөөд шударга хувьсгал хийхдээ ашигласан. Энэ нь том гавьяа юм. Үүнийг л бид харах хэрэгтэй. Энэ юуг харуулж байна вэ гэвэл Монгол Улсыг аврах нь том бие даасан хүч. Хараат биш хүч. Оросоос хараат биш, Хятадуудаас ч хараат биш хүч. Барууны колончлогчдоос ч хараат биш юм. Тийм учраас үнэлсэн. Би өөрөө ардчилсан хувьсгалын бодлогыг боловсруулж байсан хүнийхээ хувьд хэлж байна. Хувьсгалыг хувьсгалаар нь үнэлнэ. Түүнээс биш, Удвал ч юм уу, Энхбаяр ч юм уу, тарган байна уу, туранхай байна уу хамаагүй шүү дээ. Хүний үзэл суртал гэдэг чинь аюултай юм. Тодорхой хэмжээнд хүрчихсэн байна. Н.Энхбаяр, Н.Удвал хоёр. МАХН-ыг өөрчлөгдсөн. Хувьгал хийсэн. Авяаслаг хүмүүс. Гэхдээ Н.Энхбаяр буруу зүйл хийсэн үү, хийсэн зөндөөг хийсэн. Хүн чинь алдаагаа ойлгож засахдаа Монгол Улсаа аварна гэдэг нь ховор юм. Үүнтэй адилхан М.Энхсайхан ч хүчтэй лидер. Зарим нэг тодорхой асуудал дээр очоод гэнэ алдах асуудал олон хүнд тохиолддог. Үүнийгээ л ойлгоод засчих хэрэгтэй.
- Та хэлэхдээ Монгол Улс гадаадын колончлолд нэрвэгдсэн гэж хэллээ. Тэгэхээр одоо Монгол Улсын гадаад бодлого ямар төвшинд байна вэ. Нэг сарын өмнө Монголд анх удаа дэлхийн ардчиллын билэг тэмдгүүд Монголд ирж чууллаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
- Би энэ асуудалд маркисизм, ленинизмын байр сууриас ханддаг. Яагаад гэвэл ЗХУ, Хятад улс ялгаа байхгүй. Хятадын коммунист нам ч маркисизм ленинизмыг баримталдаг. Монголчууд бид ч ингэж байсан. Өөрөөр хэлбэл, бид үүнийг үзэж туулсныхаа хувьд нэг байр суурь дээр зогсч байна гэж боддог байв. Гэтэл хоёр их гүрэн цаагуураа хачин муухай бодлого явуулсан. Түүнийг Монголчууд бид илчилсэн. Үүнийг 1978 онд илчилсэн. Хоёр хөрш социалист улс биш, колончлолын улсууд гэдэг нь илчлэгдсэн. Монгол Улс социалист улс биш, далд колони улс байжээ. Хятадууд Их Монгол Улсаас таван сая квт км нутаг хулгайлж авсан. Хаант Засгийн Оросууд Их Монгол Улсаас арван таван сая квт км нутаг дээрэмдээд авсан нь тодорхой гараад ирсэн шүү дээ. Онолын асуудлыг гаргаад ирэхээр энэ бүх баримтууд тулгуур болдог юм. Монголд таван сая квт км үлдсэн байсныг гурав аравны тав нь Дундад Ази руу явчихсан. Ингээд нэг аравны тавтай үлдэж байгаа юм. Тийм учраас маркисизм, ленинизм гэдэг нь хэцүү онол шүү дээ. Дандаа ажилчин, хөдөлмөрчин ардын эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг учраас энэ сайхан шинжлэх ухааныг эзэмших ёстой. Өнөөдөр Хятадад маркизизм ленинизмыг төгс эзэмшсэн хүн байхгүй, орост ч байхгүй.
-Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар урвасан, урвасан тэд НАХЯ-ны мэдээлэгч, туршуулууд байсан-
- Доктор оо, таныг маркисизм, ленинизмын талаар ярихаар Оросын хувьсгалыг яагаад Монголд татаад оруулаад ирэв гэж асуух байх л даа?
- Асуувал би хариулахыг бодолгүй яахав. Гэхдээ Оросын большевикууд их сайн улсууд байв. Олонхийн эрх ашгийг хамгаалж чадсан хүмүүс.Оросын большевикууд эхлээд социалист дараа нь хөрөнгөтний ардчилсан хувьсгал явуулна гэж байсан юм. Сүүлдээ социалист хувьсгал хийх гэж байснаа болиод ардчилсан хувьсгал хийхээр болж бүх зүйлээ боловсруулсан гэдэг. Ардчилсан хувьсгал хийнэ гэдэг нь Монгол Улсыг далд колони орноос салгаж аваад бие даасан улс болгох зам руу нь оруулах хувьсгал байсан. Энэ хувьсгалын явцад стратегийн дөрвөн ордоо хаана гэдэг асуудлыг тавьсан. Хуучин МАХН-ыг татан буулгана, Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийг огцруулна гэсэн. Түүгээр зогсохгүй дарга ангийн хийсэн гэмт хэргийг ард түмнээр шүүж, Ард түмний Онц зөвлөлөөр яллана гэсэн асуудлыг тавьсан. Оронд нь тэгээд ямар засаг байгуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ нь Ард түмний Онц зөвлөлийг байгуулах. Ерөнхийлөгчийн засаглалыг сүндэрлүүлнэ. Энэ гарч ирээд Монгол Улсыг зөв зам руу нь оруулах ёстой байсан юм. Харамсалтай нь, ийм хувь тавилан бид бүхэнд ноогдсонгүй ээ. Тэр том зорилтыг хэрэгжүүлэхэд Монголчууд улс төрийн хүчин намууд бэлэн биш байсан. Надаас болсон зүйл байхгүй. Онол бол онол. Энэ хүрээнд асуудлыг зөв тавих хэрэгтэй. Хэрэгжих үү яах уу гэдгийг амьдрал шийднэ. Төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Ардчилсан хувьсгалыг хийхэд. Би гэртээ өөрийнхөө муу байшинг штаб болгочихоод л хоёр сар гаруй ажилласан. Тэгэхэд энэ С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар бүгд манайд байж байсан.
- Тантай ардчилсан хувьсгалыг хамтдаа өлгийдөж авсан эрхмүүд өнөөдөр нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, нэг нь Хотын дарга болсон байна. Одоо та энэ хүмүүстэйгээ холбоотой байдаг уу?
- Холбоогүй. Тэднийг би урвасан гэж үздэг юм.Урвасан, урвасан. Яагаад гэвэл тэд нар НАХЯ-ны мэдээлэгч нар, туршуулууд байсан юм. Ардчилсан холбооны анхны 13 дотор гурван л мэдээлэл туршуул биш, бусад нь мөн байв. Тийм учраас үзэл бодол нь төлөвшөөгүй, өөрчлөн байгуулалт гэж юу байдгийг мэдэхгүй ардчилсан хувьсгал гэж юу яриад байгаагаа ч сайн ойлгоогоогүй дүйвээн дотор нь явсан. Би тэднийг шүүмжлээгүй. Яахав ийм байх ёстой юм гэж бодсон. Харин тэмцлийн явцад улс төрийн том зорилт хэрэгжиж байх үед хүн аажимдаа өөрчлөгдөж бие даасан хүн болох, хувьсгалч хүн болох, тэмцэгч хүн болох зам руу орно л доо. Бидний байдал тийм л байсан. Тийм учраас би Удвалыг яриад байгаа гол учир нь эмэгтэй хүний хувьд, тэр өндөр төвшинд очихдоо шударга ёсны хувьсгалыг удирдсан нь түүнд ач холбогдолтой болсон. Сүүлд үүнийг Удвал өөрөө ярихгүй л дээ. Өөр хүн үүнийг дүгнэж ярьдаг юм. Гэхдээ бас сайн ч зүйл байсан, дутагдалтай зүйлүүд ч байсан . Хамгийн гол үр дүн гэвэл шударга ёсны хувьсгалыг хийхэд хоёр нам оролцсон. МҮАН үндэсний үзлээ баримтална, нөгөөх нь МАХН социал демократаасаа холдоод жинхэнэ хувьсгалт онол руу орж чадлаа. Жинхэнэ хувьсгалт нам хувьсгалт нам болж чадсанаараа ач холбогдолтой. Шударга ёсны хувьсгалыг саармагжуулах нь тусдаа асуудал. Шударга ёсны эвсэл ялагдах ёстой гэж бодоогүй шүү дээ. УИХ-д 45 суудал авна, зонхилох байр сууриа баримтална, МАНАН-ын удирдлагыг зайлуулна гэж яригдсан. Асуудлын чиглэл зөв байв. Гадынхан их нөлөө үзүүлсэн дээ. Далдуур муухай зүйл хийдэг шүү дээ. Ямар мэдэхгүй биш.
- Та ардчилсан намын лидерүүдэд гомдож явдаг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Эсвэл тэмцлийн явцад үзэл бодол нийлээгүй хэрэг үү?
- Тухайн үед тэдний үзэл бодол төлөвшөөгүй бөгөөд маркисизм, ленинизмыг ойлгоогүйгээс хойш бусад либериализм монитеризмийг социализмийг концервитизм ойлгохгүй. Жинхэнэ төөрөгдөж хүрч явж байсан улсууд. Монголчууд соициалзмыг байгуулах гээд чадаагүй. Социализм бол явуургүй нийгэм гэсэн улиг домог болсон үзлийг шууд шүүрээд авсан. Яг үнэндээ социализмийг байгуулж чадаагүй. Энэ нэрийн цаана далд колони улс сүндэрлэсэн байсныг манай дээд удирдлагууд хараагүй. Зах зухаас нь мэдсэн хүмүүсийг л “гөвөөд” байж. Харин Ю.Цэдэнбал дарга харсан шүү.
- Ю.Цэдэнбал дарга хэзээ мэдсэн гэж?
- 1981 онд байх аа. Үүнийг Ю.Цэдэнбал харчихаад өөрчилнө гэж зүтгэж явсныг Оросууд мэдээд манай хүнийг мартамхай боллоо гэж шалтаглаад шалтаглаж баривчлаад хойшоо аваад явчихсан. Алж болдоггүй, Амар сайдыг, Гэндэнг алсан шиг алж болохгүй учраас мэдрэл нь муудсан гэж хойно долоон жил зовоож байгаад алсан шүү. Тийм хачин. Ю.Цэдэнбал дарга юу харсан вэ гэвэл ЗХУ сайхан зүйл ярьдаг, сайхан зүйл амладаг ам ажил хоёр нь биелэхгүй юм. Үүндээ их харамсч байсан. Тэгээд бид өөрсдөө Монгол Улсаа удирдая даа гаднынхны амаар яваад бүтэхгүй нь гэдгийг мэдчихсэн. Цэдэнбал гуайг зөв зам руу ороход нь Ардчилсан Германы удирдагч Эрих Хонеккер их тус болсон, энэ хоёр найзууд байсан юм. Болгарын удирдагч Тотор Жуков даргын сайн найз байсан.
- Тухайн үеийн улс төр, нийгмийн асуудал хаалттай байсан.Зөвхөн “ Үнэн” сонинд л гардаг. Энэ нь хайрцаглагдмал байв. Тэр үед үүнийг иргэд мэддэггүй байсан. Харин таны амнаас Монгол Улс гадаадын далд колони улс байсан гэж хэлж байна?
- Тийм. Ах нар маань энэ том гүрнийг 1721 онд байгуулсан. Түүнээс хойш том колончлол гүрэн болсноо мэдээд дэлхийд өөрийн бодлогоо явуулахаар болсон. 1721 оныг хүртэл Англи, Францчуудын тусламжтайгаар Монголын их нутгийг эзлэх мохоох бодлого явуулсан шүү дээ. Маш олон хаадуудыг алсан, хамгийн түрүүнд Алтан- Ордынхныг устгасан. Хаадуудыг устгахдаа гэр бүл үр хүүхэдтэй нь хамт устгадаг байв. Хамгийн сүүлд 1921 онд Монголын 3000 гаруй тайжийг устгасан. Яагаад гэвэл эд бүхэн Монголынхоо нутгийг биднээс нэхнэ. Нэхүүлэхгүйн тулд бүгдийг нь хүйс тэмтрэх хэрэгтэй гэж. 1945 оны дараа ЗХУ хөрөнгө мөнгө дутагдаад Монголд 1500 геологчид оруулж ирсэн байдаг. Тэр геологчид Монголын маш их баялгийг мэдээд хулгайлаад аваад яваад өгсөн.
-Гадаадын хөрөнгө оруулалтын цаана Монгол Улсын баялгийг авъя гэсэн мөнхийн шунал байдаг-
- Монголын маш олон үнэт эдлэлүүд Эрмитажийн музейд байж байсан шүү?
- Эрмитажийн музейд Дамбийжаагийн толгой хүртэл байгаа. Жанжин Сүхбаатарын толгой ч байж магадгүй шүү. Хятадын их удирдагч, маршал... толгой ч байгаа гэж ярьдаг. Оросууд их муухай зүйл хийдэг. Удирдагч нар нь хүн биш. Манай арваад
Ерөнхий сайдыг алсан. Тиймээс Оросын ард түмэн нэг зүйл бодох хэрэгтэй. Хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө гэмт хэргийг нуухын тулд маркизм, ленинизм гэж яриад л коммунизм гэж яриад л байхаар манайхан төөрөгдөөд цаана нь айхтар бодлого явж байсныг харахгүй. Гэтэл Монголд Оросжуулах бодлогыг 1940 оноос эрчтэй явуулсан. Манай үндэсний монгол бичгийг өөрчлөөд хоцрогдсон гээд оронд нь крилл бичгийг оруулж ирсэн байдаг. Монголчууд үсгээ мартсан, хэлээ мартаагүйгээрээ үндэстэн хэвээрээ үлдсэн.
- Одоо ОХУ болон Монгол Улсын гадаад харилцааг царцмал байдалтай байна гэж үздэг. Таны ярьж байгаатай холбогдуулаад түүхээ эргэн санаж байна?
- ОХУ-ын явуулж байгаа тодруулж хэлвэл П.Путины явуулж байгаа бодлого буруу. Нөгөө КГБ гэж ярьдаг. Манайхаар бол НАХЯ-ны бодлоготой төр байгуулсан байгаа. Үүнийгээ П.Путин өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. ОХУ бол их гүрэн байх ёстой. Үүнийг нь бид хадгалах л гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, Хаант засгийн үед явуулсан 300 жилийн бодлогыг үргэлжлүүлж байгаа үүнийгээ нуухгүй байгаа. Монголын хувьд ч энэ бодлогыг явуулж байна. Тодорхой бие хүн дээр ярих юм бол ОХУ хэнийг өөртөө авч ашиглахаа сайн мэддэг юм байна аа. Н.Энхбаярыг нэлээд их ашиглаж байгаад дараа нь Н.Энхбаярыг унагахын тулд С.Баярыг авч ашигласан. С.Баяр 2009 оны сонгуулийн үеэр Н.Энхбаярыг дээш нь гаргаж ирээд Ерөнхийлөгчид гаргаж ирээд нам дэмжинэ гээд унагасан. Яагаад гэвэл Ц.Элбэгдоржийг гаргах шаардлагатай болсон, барууныхан ч гаргах хэрэгтэй, Оросуудад, Хятадууд ч хэрэгтэй байв. Гурван том колончлогч гүрний зааг дээр Ц.Элбэгдорж яваад оччихсон. Ц.Элбэгдорж байх уу, аль эсвэл Н.Энхбаяр байх уу гэж. Н.Энхбаяр эдний эсрэг хувьсгал хийнэ гэдгийг гаднынхан тооцоолоогүй байсан. Маш их эгзэгтэй үе. Элбэгдоржоор юу шийдүүлэх үү, Оюутолгой ордыг Фридландад өгнө, Фридланд цаагуураа Хятадуудтай холбоотой ажиллаж Монголын эрдэс баялгийг бүгдийг зөөнө, Тавантолгой дээр бол Оросуудыг оруулах санаатай байсан. Хамтарч оролцож ёстой байсан. Н.Энхбаяр бол Оюутолгой асуудал дээр Тавантолгой асуудал дээр өөр байр суурьтай байсан учраас түүнийг шахсан. Энхбаяр эр хүн зоригтой байсан учраас эргүүлээд хувьсгал хийсэн. Үүнийг хамтдаа хийлцсэн хүн нь Удвал шүү. Удвал их үнэнч хүн юм, ямар ч нөхцөлд даргаасаа холдоогүй жинхэнэ өмөг түшиг нь байж чадсан. Түүнээс биш хэвлэлд бичиж байгаагаар Энхбаяр байхгүй бол Удвал юу юм бэ гэж яриад байна. Тийм биш ээ.Удвал өөрийн толгойтой эмэгтэй. Энэ хоёр биендээ их тусалсан мэдээж хувьсгалын чиглэлээр. Өөр энэ хоёр юу байхав дээ. Эднийг хувьсгал хийхэд МҮАН тэдний удирдлага тус үзүүлсэн. Сүүлдээ эд зарим нэг асуудал дээр алдаа гаргасан гэж бодож байна.
- Ямар алдаа юм бол?
- Нэгдүгээрт, хоорондоо зөрөлдөөд явсан. Хоёрдугаарт, улсын мөнгөөр тоглох боломжгүй болчихсон. Санхүүжилт нь өөрсдийнх нь халааснаас гарах ёстой. Энэ асуудал хүнийг зовоодог асуудал. Улс бидэнд хэзээ ч мөнгө өгөхгүй. Хятадын коммунистууд бидэнд туслах уу, туслахгүй шүү дээ. Энэ муу золигнууд гээд. Оросууд биднийг нэг нүдээрээ ч үзэхгүй. Нэргүй гэдэг нөхрийг сонгуульд оролцох
- Монгол Улсад өнөөдөр уул уурхайн салбар хариуцлагагүй хөгжиж байна. Таны хэлээд байгаа шиг гаднын колони улс болоход ойрхон боллоо гэж иргэд шүүмжилж байна. Та энэ тал дээр багагүй тооцоо хийсэн гэж сонссон?
- Монголын баялаг хэд вэ гэдгийг зөв тооцоолох хэрэгтэй. Надад ийм тоо байхгүй. Ойролцоогоор Монгол Улсын баялаг бол зуу их ная доллар гэсэн тооцоо байдаг юм билээ. Гадныхан бас хийсэн байдаг. Эрдэнэтийн ордыг бид том хэмжээгээр бодож байсан. Дараа нь Оюутолгой. Эрдэнэтээс нэг хүнд хоёр тонн алт, мөнгө, зэс олборлохоор ярих байсан юм. Одоогоор ярх юм бол зургаан сая тонн. Хоёр хөршийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй өөрсдийнхөө хэрэгцээг хангасны дараа илүү зүйл гарвал түүнийгээ борлуулах ёстой. Энэ бол эдийн засгийн хууль. Монголын баялгийг хуу хамахын тулд юун 16 сая тонноор техник эдийн засгийн үндэслэл хийчихээд 25 саяар тооцоод Монголын баялгийг цөлмөөд дуусч байна. Монголыг цөлмүүлээд суугаад байгаа буруу шүү дээ. Эд нар бодохдоо тэрбумтан болчихно гэж бодож байгаа. Бүх баялгийнхаа 95 хувийг гадаадынханд өгчихөөд таван хувь дээр нь очоод баяжина гэж байхгүй. Энэ аюулын тухай асуудлыг Удвал яриад байгаа юм. Хэрвээ энэ аюулыг даваад гарахгүй бол бид эс орших уу, орших уу гэдэг дээр л байна. Усан цахилгаан станц Монголд хэрэггүй шүү дээ. Салхины энергиэр ашиглахад Монгол Улс хэрэгцээгээ бүрэн хангана. Эгийн голыг ашиглаж болохгүй.
- Та бол газрыг хувьчилж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс лицензийн наймаа хийсэн гэж ярьдаг. Гадаадынхан үүнд илүү нөлөөлөөд байна уу?
- Гаднаас зээл аваад улс хөгжинө гэж байхгүй. Улам өрөнд ордог. Гадаадынхан Монгол орныг дороо өрөнд оруулчихна. Тэгээд л дэлхий дахинд Монголыг муулаад унана.Тийм учраас ордуудаад өгч болохгүй, хоёрдугаарт Монгол Улс хэзээний бэлчээрийг ашиглахдаа өмчлөлийн асуудлыг шийдсэн байсан. Гадаадынханд ерөөсөө өгч болохгүй. Манайхан мөнгөгүй байгаа юм чинь олсон жаахан мөнгө нь инфляц өсөөд алга болно.Газар нутгаас хөөж эхэлж байна. Тийм хүмүүсийг барьж аваад Ганцхудагт аваачиж хийчих. Сумын дарга нар хүртэл газар нутгаа худалдаад байна. Нэг газрыг 15 саяар зарж байх жишээтэй. Үзэн ядах хүсэл бол эцсийн дүнд алах, шунал бол хулгай дээрэм болж хувирна. Хувиа бодсоор байгаад улсаа худалдчихлаа.Үүнд би харамсдаг. Хүнд өөрийн тодорхой хэмжээний хувийн өмч байдаг юм аа. Гэхдээ ингэж болохгүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон зүйл бол жинхэнэ хувийн өмч. Зуун жил хэрэглээд дуусахгүй тийм их хөрөнгөөр юугаа хийх юм бэ.
- Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын компаниудын захирлууд нь гадаад, удирдлаган дор нь манайхан л ажиллаж харагддаг?
- Гадаадын компаниудын эздүүдийг монголоос хөөх хэрэгтэй. Бид өөрсдийгөө удирдаж чадна. Тэгэхээр би энд нэг асуудлыг ярья. Манайхан хөрөнгө оруулалт гэдгийг ойлгохгүй байгаа юм. Эрдэнэтээс жилд зургаан сая тонн зэсийн хүдэр гаргаж байна. ҮҮнийгээ бид 100 хувь авах хэрэгтэй.Зургаан сая тонн гэдэг зургаан тэрбус болно. Түүнээс 2.5 тэрбум нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох хэрэгтэй. Зургаагаа мянгаар үнэлэх биш, тавиар үнэлээд гурван зуун сая доллар л орно. 300 сая нь авах нь дээр үү, гаднаас зээлэх авах хэд хэдэн удирдагчид манайд байсан. Улсын төлөвлөгөөний комисст байж байхад дандаа гаднаас зээл авна гээд. Содном, Жасрай нар байв. Зөвлөлтөөс зээл авна, ах дүү нараасаа зээл авахгүй яадаг юм гээд. Тэгсэн хэрнээ хөл дээр зогсдоггүй. Ах нар мэднэ шүү дээ. Түүний нууцыг бид олсон. Ах нар хэдийг бол хэдийг ав гэдэг. Цаагуураа Монголын нэмүү өртгийг бүгдийг нь халааслаад авчихаж байгаа юм. Монгол хөгжиж чаддагггүй. Манай дүү Хосбаяр гэж бий. Геологийн эрдэмтэн байсан юм. Тавантолгой дээр судалгаа хийгээд дөрвөн том тайлан бичээд 1980-иад оны үед. Надад ярьдаг байсан юм. Тавантолгой орд одоогоор зургаан тэрбумаар гэж бодож байгаа. Сайн чанарын кокжсон нүүрс байгаа шүү. Энэ бол зургаа биш. Жинхэнэ дээрээ бол 16 тэрбум тонн цаашдаа 30 тэрбум тоннд хүрнэ. Дахиад судалгаа хийх шаардлагатай. Хоёрдугаарт, Би дөрвөн ордыг хаана гээд байсан шүү дээ. Тэр бол ардчилсан хувьсгалын зорилт болчихоод байсан юм. Тэр үед манайхан гадаадынханд нэг лицензээ өгөөгүй. Дөрвөн ордыг тэр үеийн удирдлага Оросуудад өгөхөөр цаагуураа тохиролцсон юм билээ. Та нар биднийг дэмж, бид та нарын хариуд та нарт хишиг хүртээнэ. Та нар манай дөрвөн ордыг аваарай. Тэндээс бид ашгийнх нь 51 хувийг авна. Та нар 49 хувийг нь аваарай гэж. 49, 51 хувийн ялгаа их л дээ. Оросууд 100 хувь ордын 95 хувийг халааслаад 5 хувиас ашиг олно. 95 хувийг нь нуучихдаг. Үүнийг нь би задалж тавьснаараа их хохирсон хүн дээ.
-Буурал Бямбасүрэнгийн “толгойгоор” одооны удирдагчид их явсан даа-
- Яаж хохирсон гэж?
- Хичээл заах эрхгүй, НАХЯ-ны туршуулууд муухай юм хийдэг шүү.
- Таны гэр бүлийн хүнийг мэдээлэгч болгочихсон байсан гэж үнэн үү?
- Жасрай гуай миний эхнэрийг мэдээлэгч болгочихсон байсан. Түүнээс гадна миний хэдэн найзуудыг тагнуулдуулна. Зарим нэгийг нь дарамталж байгаад ашиглачихна. Муухай юм болсон шүү. НАХЯ-ныхан 1958 онд Москваг намайг суралцаж байхад оюутнууд дотор туршуулууд ч байсан, мэдээлэгч нар ч байсан. Тэр үеэс эхлээд НАХЯ хүүхэн зэвсэг ашигладаг юм байна. Архи зэвсэг ашигладаг гэдгийг мэдсэн. Манай хоёр оюутан дээр энэ асуудал гарч ирсэн. Монгол оюутнуудынхаа нэрийг цэвэр үлдээх гэж их зүтгэсэн. Тухайн үед би Эвлэлийн хорооны дарга байсан. Манай хоёр оюутныг хоёр орос оюутан Октябрийн баярын өмнөх шөнө тохиролцоод байхад нь хүчиндлээ гэдэг асуудал гаргасан. Тэр хэргийг хөөцөлдсөөр байгаад хэрэгсэхгүй болгосон. Манай намын үүрийн холбоо сургуулиас хөө гэсэн шийдвэр өгөхөд эвлэлдээс нь хөөгөөд сургуульд нь үлдээсэн. Тэгээд намайг намын үүрийн шийдвэрийг биелүүлээгүй гээд буруу үзэлтэй хүн гэж сурталчилж эхэлсэн дээ.
- Та МАХН-ын ууган гишүүний нэг байсан юм уу?Ууган ч юу байхав. Зүгээр нэг гишүүн л байсан. Бусдаасаа онцлоод байх зүйлгүй.
- Та тэгээд яаж яваад ардчилсан хувьсгалыг удирдчихсан юм бэ?
- Ардчилсан хувьсгалыг хийх үед тэр залуучууд намайг та бодлогоо өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би нэг л зүйлийг хэлсэн. Та нар урвахгүй бол бодлогоо өгнө гэж хэлсэн. Тэд биелүүлнэ гэж ам өгөөд, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлыг хуралдуулж байгаа нь тэр. Хурлын бүх материалыг би гэртээ өөрөө хийсэн. Хүүхдүүд тийм хэмжээнд хүрээгүй байсан. Өөрчлөн байгуулалт гээд толгойн эргээд явж байсан.
- Д.Бямбасүрэнгийн толгойгоор явсан гэж үү?
- Дашийн Бямбасүрэн бол тийм ч муу хүн биш л дээ. Албан тушаал хөөцөлдөөд эхлэхийн хамтаар буруу замаар орчихдог юм. Бүгдээрээ адилхан. Гурван зүйл байдаг юм. Нэгдүгээрт нь албан тушаал, хоёрдугаарт америк доллар, гуравдугаарт алдар нэр. Энэ гурав нэг зэрэгцэх юм бол хүн хүнээ байчихдаг юм. Хэчнээн сайн хүн ч гэсэн өөрчлөгддөг юм билээ.
- Таны амьдралд энэ гурав байсан уу?
- Би хүмүүсийг энэ гурван шалгуураар үздэг. Үүнийг Н.Энхбаяр дээр ч үзсэн. Н.Удвал дээр ч үзсэн. Энхсайхан Элбэгдорж гээд бүгдэд нь үзсэн.
- Та улстөрчдөд ямар дүн тавьсан бэ?
- Тэд албан тушаал авчихаад түүний дараагийн том шатанд орно шүү дээ. Дараагийнх нь хуйвалдаан, урвалт,луйвар гэсэн зүйлүүд байдаг юм. Хуйвалдаан нь х үсэг болоод, урвалт у үсэг, луйвар л ингээд дарга нар буруу замаар орж эхэлж байгаа юм даа. Дээрээс нь шарын шашин шүтээд эрлийзүүдээ хавчаад ингээд социализмын замаар явбал дууслаа. Өөрийн үзэл байхгүй, гадаадынхныг дуурайна, бодлогогүй болоод дүб гэдэг төрөл гарч ирж байгаа юм. Гадаадынхан энэ дээр улс төрийн тоглолт хийдэг. Энэ замд олон хүн өртсөн шүү. Нам төрийн дээд албан тушаалд ажиллаж байсныхаа хувьд хул гэж хэцүү зүйл байдгийг Энхбаяр алдаагаа ойлгосон.
- Оросын зөнч ирээд явсан. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө оров уу гэж ярьж байна?
- Зөнч мэдээгүй. Монголчууд 12 дээд зөнгөө мэддэг байжээ. Долоон зөн нь эцэгтэй холбоотой.Таван зөн нь суурь зөн гэдэг байжээ. Таван зөн нь улс орноо хамгаалах,бүх чиглэлээр нь хамгаална, эмэгтэйчүүд, үр хүүхдээ хамгаалах зөн байдаг. 12 зөнгөөс гадна Монголчууд босоо орших ухааныг мэддэг байсан. Найман оюуныг хоёр зүйлээр төлөөлдөг байсан. Нэг нь найман цагаан өргөө, нөгөө найман шарга морь. Сая Удвалыг төрсөн нутагт нь очиход нь тэндхийн ард түмэн найман шарга морьтойгоо угтаж авсан нь маг том хүндэтгэл өргөмжлөл. Есөн цагаан тугийн цаана есөн ухаан байсан. Улсаа өмөөрч босоо орших есөн ухаан байсан. Бид 1990 онд адлчилсан холбоог есөн ухаанаар ойртуулах гэж үзээд Монголын ардчилсан намыг би өөрөө байгуулсан юм. Тэр бол найман оюуныг хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл, монголчуудад улс төрийн соёл эзэмшүүлэх гэж байгуулсан юм. Ардчилсан хувьсгалын онолыг гаргахад барууны онолыг гаргаагүй. Маркиийг ашигласан 1800 онд гарч ирсэн учраас арга зүйг нь гаргах ёстой. Ардчилсан хувьсгалын онолыг гаргахад соёмбо чухал байсан. Соёмбыг зөв тайлбарлах хэрэгтэй. МҮАН, МАХН соёмбо руугаа ойртосноор их үндэсний үзэл рүүгээ орооч гэж Өвөрмонголчууд хүсээд байгаа шүү. Нэг өвөрмонгол таван хятад хүнийг хооллож байна шүү. Өвөрмонголын асар их орд хятадуудын гарт орж ирлээ.
- Та энэ чухал үеэр бидэнтэй ний нуугүй ярилцаж туулж өнгөрүүлсэн түүхийн хуудсыг хамтдаа сөхлөө. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
В.Сарантуя
DR. APRADHAN · 2019/01/06
Зочин · 2013/06/07
Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү
Зочин · 2013/06/07
Монголд нүүрлээд байгаа таван аюулыг нэрлэсэн нь таалагдсан Удвал угаасаа шударга болохоор таван аюулыг тайван замаар зайлуулж чадах эмэгтэй итгэл төрж байгаа уг нь огт мэдэхгүй хүн байсан одоо түүнийг таниж болохоор цаг болсон гэж бодож байна