Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар өчигдөр 22:20 цагт “КАЛ” онгоцоор эх орондоо газардсан юм. Гэвч цагдаа нар түүнийг зорчигчдын хаалгаар гаргалгүй, байцаалт авахаар Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст аваачсан юм.

Энэ үеэр түүний эхнэр болох нэгэн эмэгтэй уйлсаар цагдаагийн хэлтэст ирсэн билээ. Харин Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст гурван цаг саатуулсаны дараа буюу шөнийн 01:30 цагт баривчлан авч авлаа. Тус цагдаагийн хэлтэст 12.00 цагийн үед 0264 УНҮ дугаартай хар машин ирж, хоёр хүн орсон юм. Эдгээр хүн нь Н.Хүрэлбаатарыг хэрэгтэй нь танилцуулж, эцэст нь тогтоол үйлдснээр түүнийг баривчлан авч явсан нь энэ.

Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж байгааг олон нийтэд энэ сарын 5-нд зарласан. Түүгээр ч зогсохгүй гадаадад явсан нь оргон зайлж болзошгүй хэмээн үзэж байсан юм. Гэвч тэрбээр гадаадад ажиллаар явж байх үедээ “Намайг хууль хяналтынхан албан ёсоор дуудсан зүйл байхгүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд мэдэгдэх ёстой. Тиймээс би Сингапурт хийсэн ажлаа орхиж, зургадугаар сарын 7-нд эх орондоо очно. Би “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нь” сэдэвт хуралд оролцож, энэ чиглэлээр эрүүл мэндийн судалгаа хийхээр явсан” гэсэн хариултыг өгсөн.

Харин түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр 22:20 цагт ирэх үед нь цагдаа нар саатуулан шөнийн 01:30 цагт баривчлан авч явлаа. Н.Хүрэлбаатарыг энэ хугацаанд хүү Э, иргэн Б нартай холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон. Учир нь Н.Хүрэлбаатарын хүүгийн гэрээс 600 орчим сая төгрөгтэй тэмцэх хэмжээний гадаад валют сейфтэйгээ алдагдсан талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өгсөн юм. Харин их хэмжээний валютыг бусдаас хээл хахуулиар авсан байж болзошгүй хэмээн үзэж байсан ч Н.Хүрэлбаатарыг баривчилсан нь энэ хэргийг үйлдсэн болохыг нэг талаас харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр Н.Хүрэлбаатар баривчлагдан явах үедээ “Шударга шүүх үнэнийг тогтоох байх” хэмээн хэлж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөөгүй юм.
 

С.МӨНХБАЯСГАЛАН