“Төмөр” шаахайтнууд татварын мөнгөнөөс зугтсаар байх уу
2013/06/07
“Вьетнам авто засвар” гэх халтар самбарууд хаа сайгүй харагддаг. Арга ч үгүй биз. Авто засварын газрууд ашигтай ажилладаг юм чинь.
Өдрөөс өдөрт машины тоо нэмэгдэж, осол аваар ч буурахгүй гарч байна. Энэ нь эцсийн дүнд авто засварын газруудыг ашигтай, орлоготой ажиллуулж байгаа амин сүнс нь юм хойно.
Хэдхэн сарын өмнө нийслэлд 80 гаруй Вьетнам авто засварын газар байдаг гэлцэж байсан. Гэтэл одоо хүрээгээр тэлж 100 хол давжээ. Өөрөөр хэлбэл, Вьетнам авто засварын газрууд борооны дараах мөөг шиг олширсон аж.
Нэг талдаа авто засварын газрууд олширвол монополь эрхтэй нэгнийгээ “халдаг” бизнесийн бичигдээгүй хууль гэлтэй. Харин нөгөө утгаараа мөнгөний урсгалыг харийнхны халаас руу цутгаад байх шиг.
Манайхан машинаа засуулах болохоор амар хялбар, хямд үнийг нь бодож Вьетнам засварын газрыг зорьдог. Гэтэл хямд үнийн цаана “но”-той ноцтой үйлдэл зөндөө бий.
Өнгөрсөн өвөл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас авто засварын газруудыг үнийн тарифаа ил байлгах шаардлага тавьж байсан ч эцэст нь хэрэгжээгүй. Авто засварын газрууд үнийн тарифаа ингэж нууцалдаг нь учиртай гэнэ. Тэд үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд амандаа орсон тоог хэлдэг байна. Монголчуудын сэтгэхүйд Вьетнам засварын газар л чанартай гэсэн ойлголт байдаг. Бодит байдал дээр вьетнам нэрийн дор машин ухаж, төнхөхөөс өөр мэдлэггүй залуус ажилладаг нь нууц биш болж.
Хөдөлмөр эрхлэлтийн хууль хөсөр хаягджээ
Хуулийг гууль болгож, хувийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан авто засварын газрууд байна, цаана чинь. Ажил олгогч нар нь ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулах нь байтугай, ажлын байрны тодорхойлолт, цалингийн сүлжээ, хөдөлмөрийн дотоод журмыг хуульд нийцүүлэн баталж мөрдүүлээгүй, ажилтны цагийн бүртгэл цалингийн хүснэгтийг баталсан маягт гардаггүй, ажлаас халсан тушаал гаргадаггүй зэрэг зөрчил авто засварын газруудад нийтлэг байдаг байна.
Үүнийг нь ч мэргэжлийн хяналтынхан нотолж өнгөрсөн онд нэгдсэн шалгалт хийж байсан удаатай. Тэр дундаа Вьетнам авто засварын газруудад мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байрны тодорхойлолтод тэнцсэн монгол ажилчдыг авч ажиллуулдаггүй аж.
Мөн монгол, гадаад ажилчдын харьцаа алдагдсан, хөрөнгө оруулагчийн визээр орж ирсэн вьетнам иргэд хөдөлмөр эрхэлж байгаа нь ажлын байрны төлбөр төлөхөөс зайлсхийх нэг шалтгаан нь энэ аж.
Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газрууд улсад татвар төлдөггүй ямар нэг байдлаар зугтдаг гэнэ. Эдгээр зөрчил бол наад захын жишээ. Мөн галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс өнгөрсөн жил Вьетнам авто засварын газарт дэлбэрэлт болж байлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “Билэг" их дэлгүүрийн зэргэлдээх Вьетнам засварын газарт гал гарч улмаар гурван машин шатсан байдаг.
Цаашлаад эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын байранд авто засварчид ажилладаг байна. Адаглаад гар угаах, усанд орох боломж тун хомс. Гадны тохижилт хийгдээгүй, нэг хүнд оногдох талбайн хэмжээ, техник хэрэгслийн эмх цэгц нь тохироогүй зэрэг зөрчил Вьетнам засварын газруудад үүрлэжээ.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт эмс охидоор нааддаг байжээ
“Хойноос ирээд хот, хотонд ирээд хонь минийх” гэдэг шиг Вьетнам засварын газарт хууль бус үйлдэл гаарчээ.
Бага насны охидыг садар самуунд уруу татсан хэрэг Вьетнам авто засварын газарт үйлдэгдэж олныг цочирдуулсан. Зүй нь ажилтнууд нь түлхүүр багажаа бариад машин засах үүрэгтэй атал эмс, охидыг зүс, царай бие галбираар нь жишиж 5-10 мянган төгрөгөөр дур хүслээ хангадаг байсан гэх.
Эх сурвалжийн өгүүлж байснаар “Өү Би Аар”, “Эм Энд Би Моторс”, “Каолангламкан”, “Очир тооройт", “ШХН” зэрэг авто засварын газар бага насны охидыг садар самуунд уруу татдаг байжээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж хэд хэдэн хүнийг сэжигтнээр татаж байсан ч хэн нэгний татлагаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. “Авто засварын газар” гэх нэрийн дор архидалт, хүчирхийлэл явагдаж байхад арай ч үгүй биз гээд толгойг нь илээд өнгөрөөдөг хууль манай улсад л байна.
Б.Чанцал
news · 2013/07/09
xTAkp4 Really enjoyed this blog post.Really thank you! Really Cool.