Монгол Улсын сайд, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан М.Энхсайхан сүүлийн үед нэлээд шүүмжлүүлж байгаа хүний нэг. Ингэж шүүмжлүүлэх нь ч аргагүй. Учир нь тэр том орд болох Тавантолгойг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг хөрөнгө оруулагчидтай ярихаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Тэр хэдэн сарын турш хэлэлцээрийн ширээний ард суусныхаа дараа маш их шүүмжлэл дагуулаад байгаа гэрээний төслийг боловсруулсан байгаа юм. Шүүмжлүүлээд байгаа олон асуудал бий. Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болохоор асуудлыг гэрээн дотор заалт болгоод оруулсан нь түүнийг гадныхны нөлөөнд, аль эсвэл хэн нэг эрх мэдэлтнүүдийн өмнөөс дуугарч байгааг харуулж байна.

М.Энхсайханы хувьд урд зүгийн бодлогыг дэмждэг талтай. Энэ нь “МТЗ”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь л харагдсан. Тэр үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг нарийн царигаар барих ёстой гэж хэлж байв.

Үүнээсээ болоод салбарынхаа сайдын тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. БНХАУ-тай ижил нарийн царигтай байна гэдэг баялгаа урагшаа зөөж дуусгах болно гэж нэлээд шүүмжлүүлж байсан. Гэсэн ч М.Энхсайхан нарийн царигаар барина гэж зүтгэсээр ирсэн. Салбарын яам, сайдынхаа бодлогын эсрэг ажилладаг М.Энхсайхан энэ удаа Тавантолгойн төслийн гэрээг “маш муу” гэх ангилалд хийсэн гэж хэлж болохоор. УИХ-ын даргаас авахуулаад гишүүд “но”-той заалтууд байгаа удаа дараа мэдэгдээд байгаа. УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх олон нийтэд мэдээлэл хийх бүрт гэрээнд өөрчлөлт оруулж, муу заалтыг авсан байгаа юм. Тухайлбал, “Гэрээнд зааснаар "Энержи ресурс" компани төмөр замын тээврийн тариф, тээвэрлэх тоо хэмжээг өөрөө тогтооно. Гэрээнд байгаа ноцтой заалтууд нь өөрсдийн бүх эрх, ашиг сонирхол, дэд бүтцийг хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид барьцаалах замаар шилжүүлэх эрхтэй байгаа. Шууд хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид шилжиж болохоор байна. "Энержи ресурс" компанийг гуравдагч өөр компаниар сольж болохоор байгаа юм. "Энержи ресурс" компани  бүгдийг нь барьцаанд тавьж зээл авчихаад зээлээ төлөхгүй, санаатай юм уу, санаагүй үйлдлээр гэрээгээ зөрчихөд эрх нь өөр хүнд шилжихээр гэрээнд заачихаад байна” гэдгийг А.Гансүх ярьсан. Мөн “4 сарын 3-ны өдрийн гэрээнд Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахтай холбоотой шийдвэр гаргавал Засгийн газар гэрээ зөрчсөнд тооцно гэчихсэн байсан. шаардлагатай хэмжээгээр гадаад ажилчид оруулж ирэхээр байсан. Энэ болохгүй гэхэд дараагийн гэрээнд авчихсан байсан. Гэрээг шүүмжлэх тусам сайжирсан” хэмээн ярьсан байгаа юм. Гэрээг шүүмжлэх тусам сайжирна гэдэг нь М.Энхсайхан хөрөнгө оруулагчидтай анхнаасаа ямар гэрээ тохирсон нь ойлгомжтой.

Түүний хувьд гадныханд илүү элэгтэй байдаг бас нэг жишээ бол Эрээнийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг явуулж байсан. Тэрбээр 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрээнийг хөгжүүлэх бодлогыг гаргасан юм. 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болсныхоо дараа бүх импортын барааны татварыг тэглэж байсан. Дотоодод үйлдвэрлэл босох ямар ч чадваргүй болгосон. Түүний энэ шийдвэрээр 1992 онд байгуулагдсан БНХАУ-ын Эрээн хотыг хөгжил цэцэглэлт эхэлсэн юм. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авахаас илүү Эрээнээс орж ирсэн хямд бараа хэрэглэгчдийг татаж байв. Үүнээс болж үйлдвэрлэл эрхлэхээс илүү Эрээнийг зорьж, наймаа хийхийг илүүд үзэх болсон. М.Энхсайханы энэ буруу бодлогоос болж, монголчууд одооноос л дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжиж, Эрээний бараанаас татгалзаж байна. Засгийн газар Аж, үйлдвэрийн яамыг шинээр байгуулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулж байгаа нь сайшаалтай. Хэрэв тухайн үед М.Энхсайхан Эрээнийг дэмжсэн бодлогыг явуулаагүй бол дотоодын үйлдвэрлэл одоогийнхоос арай өөр түвшинд хөгжих байсан биз.

Ийнхүү түүний урд зүгийн бодлогыг дэмждэг байдал Тавантолгой төсөлд нөлөөлсөн. Харин үүнийг засахаар УИХ ажиллаж байна. Ер нь Энхсайхан гэдэг хүнийг урд хөршийн эдийн засгийн бодлогыг хамгийн ихээр дэмждэг хүн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг. Үүнийг нь ч нотолдог. Тэр нь 1997 онд Энхсайхан Ерөнхий сайд байхдаа  импортын татварыг тэглэж Эрээн хотыг хөгжүүлэх ажилд том тус, хүч нөлөө нь болсон хүний нэг. Харин  одоо Таван толгойн төслийг ямар ч хамаагүй аргаар батлуулж Хятадын эдийн засгийг сэргээн босгоход гар бие оролцохоор улаарч байгаа  нь энэ. Тиймээс монголчуудын мөнгөөр хөлжиж, хөгжсөн Эрээн хот Энхсайханд зориулж алтаар хөшөө босгоход гайхаад байх зүйлгүй болж.

Н.БАЯР