Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад долоон сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ.

Энэ хугацаанд ердөө 30 орчим хувь нь нийгмийн даатгалаа нөхөн төлүүлсэн байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодруулсан юм.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хэчнээн иргэн байгаа вэ?
-Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Урьдчилан тооцоолсноор 500-700 мянган иргэн хамрагдана гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар хүсэлтээ гаргаад нийгмийн даатгалын шимтгэлээ авсан 178 мянга орчим иргэн байгаа. Хууль болон журамд зааснаар энэ оны наймдугаар сарын нэгний өдрөөс өмнө иргэд хүсэлтээ гаргасан байх шаардлагатай. Хүсэлт хүлээн авах хугацаа дуусахад ажлын 37 хоног үлдсэн байгаа. Уг хуулийн үндсэн агуулга нь нийгмийн шилжилтийн үед буюу 1990-2000 оныг дуустал 11 жилийн хугацаанд иргэдийн тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор иргэдэд шинэ боломж бий болгосон. Тооцож үзвэл өнөөдрийг хүртэл 30 орчим хувь нь нийгмийн даатгалаа төлсөн байна.

-Нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэхдээ хэчнээн төгрөг төлөх вэ?
-Дээрх хууль үйлчилж эхэлснээр 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд уг шимтгэлээ нөхөн төлөх бололцоотой болж байгаа юм. Иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өөрт ногдох 10 хувийг нөхөн төлөхөөр таван жилийн шимтгэл 80 мянган төгрөг болно. Хуульд зааснаар тухайн оронд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувийг сард төлнө гэсний дагуу 1995-1998 оны долдугаар сарын 1-ийг хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан гэж тооцвол нэг сард 960 төгрөг төлөх юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1998 оны долдугаар сарын 1-ээс 2000 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл 12 мянган төгрөг байсан байна. Энэ хугацаанд ажилгүй байсан хүмүүс сард 1200 төгрөг төлөхөөр байгаа. Тиймээс 2000 оны сүүлээр гурван сард тус бүр 1800 төгрөгийн шимтгэл төлнө. Ер нь 1995-2000 оныг дуустал нийт төлбөл зохих шимтгэл 78 мянган төгрөг болж байгаа юм.

-Заасан хугацаанаас хойшхи нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх боломж бий юу?
-Саяын энэ хуулиар 1990-2000 он гээд яг 11 жилийн хугацаа заагаад өгсөн байгаа. Магадгүй энэ хугацаанаас хойш хугацаанд нийгмийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд тухайн байгууллагын хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэгч гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, цалин хөлс авсан тохиолдолд заавал даатгалд хамрагдах ёстой байдаг. Гэтэл тухайн үед ажил хийгээд цалин авсан хэрнээ байгууллага нь нийгмийн даатгал төлөөгүй тохиолдолд тухайн байгууллага орон нутгийнхаа нийгмийн даатгалын газарт албан ёсоор хүсэлтээ гаргаж өгөх ёстой. Өнөөдрийн нийгмийн даатгалын сангаас мөрдөгдөж байгаа тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар иргэд 20 жил ажилласан байх шаардлагатай юм. 1960 оноос хойш төрсөн иргэд 15-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Мөн тэтгэвэр тогтоолгох жил нь хүрээгүй иргэд нөхөн тогтоолгох боломжтой юм. Хуулийн хугацаа дуусахад маш бага хугацаа үлдсэн. Тимээс орон нутаг, дүүргүүдийн болон аймгуудын нийгмийн даатгалын хэлтсүүд уртгасан цагаар мөн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа. Нэгэнт төрөөс олгож байгаа боломжийг ашиглаж тасарсан хугацаагаа нөхөж авах боломжтой юм.

Б.Нарантуяа