Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс өчигдөр зуслангуудын нэгдсэн танилцуулгыг танилцууллаа.

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл энэ талаарх мэдээллийг өгсөн юм.


Жил ирэх тусам хүнсний бүтээгдэхүүн болон тээврийн зардлын үнэ нэмэгддэгтэй холбоотойгоор зуслангийн төлбөр нэмэгдэж байгаа аж. Энэ жилийн хувьд 7-10 хоногийн ээлжийн үнэ 160-175 мянган төгрөгт багтах төлөвтэй байгаа гэнэ.Танилцуулгын үеэр зусланд долоогоос дээш насны хүүхэд хамрагдах нь зүйтэйг мэргэжилтнүүд онцолж байв. Учир нь, бага насны хүүхдүүд биеэ авч явах чадвар дутмаг байдаг. Тиймээс бага насны хүүхдээ зусланд явуулахаар бол ах, эгч нарынх нь хараа хяналт дор явуулах шаардлагатай гэж байлаа.


Энэ жилийн хувьд улаанбурхан зэрэг халдварт өвчний тархалт их байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн байгууллага зусланд хамрагдах гэж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ зусланд явуулахаар төлөвлөж байгаа бол харьяа дүүргийнхээ 
Эрүүл мэндийн нэгдэлд хүүхдийнхээ эрүүл мэндийн хуудсыг заавал бөглүүлж байж эрхийн бичгээ авах болж байна. Танил тал болон хувийн эмнэлгээр бөглүүлсэн хуудсанд хатуу хяналт тавих гэнэ.


Энэ жилээс зуслангууд эргэлтийн дэвтэр нээж хөтлөн ажиллахаар болжээ. Учир нь эцэг, эхчүүд хүүхдээ зусланд амарч байх хугацаанд нь эргэхээр очихдоо чанарын шаардлага хангахгүй жимс, түргэн хоол зэргийг авч очдогоос хүүхдүүдийн дунд халдварт өвчин үүсэх үндсийг бүрдүүлдэг байна. Үүнээс сэргийлэхийн тулд эргэлтэд хязгаар тавьж чипс, гадуур задгай зарагддаг жимс, бэлэн хоол, хийжүүлсэн бүтээгдэхүүн зэрэгт хориг тавих нь.


Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас чухалчлан анхааруулсан бас нэг зүйл бол зуслан гэсэн нэрийдлээр хэлний курс, вакумжуулсан сургалт зуны цагт үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тархи зуны гурван сар амрах ёстой. Гэтэл дахин хичээл зааснаар хүүхдийн тархи ачааллаа даахаа больж ядаргаанд ордог нь судалгаагаар батлагдсан. Тиймээс зуны сардаа хүүхдүүдийг дураар нь амраах хэрэгтэй хэмээн сануулсан юм.

 

Хүүхдийн амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ариунгэрэл  “Энэ онд нийслэлийн хэмжээнд 20 гаруй зуслан үйл ажиллагаа явуулахаар саналаа ирүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын зуслан эхлүүлэх тухай захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтнүүд багтаж зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх шалгалт хийж байна” хэмээн ярилаа. Шалгалтад тэнцсэн зуслангуудын батламжийг ирэх сарын ихээр гардуулах юм байна.



1    Хараацай        СБД Хандгайт-35км                        99948476,     99185581
2    Янзага            СБД Хандгайт-26км                        99112632,     96092474
3    Хандгайт         СБД Хандгайтын ам-30км               99196224,     244570
4    Сэлбэ             СБД Бэлхийн ам-26км                    99195018,     99151793
5    Маргаашийн хөгжил    СБД Бэлхийн ам-26км        99107986,     88117374
6    Ундраа            СБД Хандгайт-27км                         99044236,    99072318
7    Галакси        Гачуурт Баянтөхмийн ам-28км          91916494
8    Сансар            Гачуурт-38км                                  89108448,    99178448
9    Хилчин              ХУД ХЦУГазар                              95825485,     89010521
10    Нарс               СХД-18км                                       99096109
11    Найрамдал      СХД Баянголын ам                         88110707,     99177350
12    Нарлаг        Тэрэлж-60км   
13    Жавхлант    Тэрэлж-67км                                     99096365
14    Өгөөмөр        Тэрэлж-55 км                                   99117199
15    Солонго        Тэрэлж-55 км                                    88072347
16    Баянгол        Тэрэлжийн ам                                  96883528,      91116048
17    Цагаан нуга   Батсүмбэр Сөгнөгрийн ам-108км   99163201, 33030511, 321066
18    Мөрөөдөл    Батсүмбэр сум                                99109113
19    Цоглог    Батсүмбэр сум-120 км                            88008870
20    Соёл    Батсүмбэр сум-119 км                                99060789
21    Чухаг    Аргалант сум-76 км                                   99092034
22    Дэлгэр    Төв аймаг Жаргалант сум-137 км              99112169
23    Хайрын билэг    Төв аймаг Эрдэнэ сум                    99036028
24    Шонхор                Түнхэл тосгон-120 км                   99665586,     99036028
25    Нарны хотхон    Үнэгт өртөө                                    98984576,     99854774

Г.Үжин