БНХАУ-ын хоёр иргэнийг шунахайн сэдэлтээр хөнөөсөн хэрэг 2015 оны хоёрдугаар сарын 11-ны ням гарагт гарсан. Тодруулбал, 2015-02-11-ний  23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн хоёрдугаар хорооноос нэгэн иргэн хүн амиа алдсан байгаа талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсний дагуу цагдаа нар очиж очиж шалгахад хоёр иргэн гадны нөлөөтэй амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан нь тогтоогдсон байдаг. Улмаар хэргийн мөрөөр 700 гаруй цагдаа ажиллагаа явуулж 6 цагийн дотор сэжигтэн болох этгээдийг нотлох баримтан дээр үндэслэн Дархан-Уул аймгаас баривчлан саатуулсан. Сэжигтнүүдийн хоёр нь дээрэмдсэн мөнгөөрөө хойд хөрш рүү гарах гэж байгаад цагдаа нарт баригдсан байдаг

Тэгвэл энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн. Гэмт этгээдүүдийг энэ сарын 3-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн  2-р шүүхэд шүүсэн байна.  Шүүх шүүгдэгч С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нарт Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16-д зааснаар шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал нарт тус бүр 25 жилийн хорих ял,

Шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарт тус бүр 23 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбаяр, Т.Чинтогтох,Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нарт тус бүр 3 сарын баривчлах ял оногдуулж, оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэзориг,Н.Ганбадрал нарын биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар,

шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 23 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нарын ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж шийдвэрлэжээ.

Амиа алдсан хятадуудын хувьд манайд арьс түүхий эдийн ченж хийгээд удаж байсан бөгөөд сэжигтэнүүдийн нэгэнтэй нь их ойр дотно танилууд байсан ажээ. 

А.Баярмаа