Хан-Уул дүүргийн Засаг дарга хууль бусаар гурван орлогчтой ажиллаж байна
2015/06/05
Хан-Уул дүүргийн Засаг ноёны хууль бус үйлдэл хэрээс хэтэрснийг өчигдөр тус дүүргийн МАН-ын хорооныхон хэвлэлийнхэнд мэдээллээ. Хан-Уулыг найм дахь жилдээ ноёлж байгаа Засаг дарга Ж.Ганхуяг иргэдэд хууль бусаар газар олгохоос гадна улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас Засаг ноёдыг нэг орлогчтой байхаар хуульчилсныг хүртэл уландаа гишгэн өдгөө гурван ч орлогчтой даналзаж суугаа гэнэ. Тиймээс сөрөг хүчний хувиар МАН-ын хорооныхон түүнд хэд хэдэн заалт бүхий шаардлагыг хүргүүллээ. Энэ талаар тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ж.Ганхуяг даргад ямар үндэслэлээр шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Бидний тавьж байгаа шаардлага гурван үндсэн зүйлээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт, бид сөрөг хүчний хувьд дүүргийнхээ Засаг даргыг өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаач гэж байгаа юм. Хоёрдугаарт, бид Засаг даргын хууль бус үйлдэлтэй холбоотойгоор дүүргийн иргэдийн дунд судалгаа явуулсан. Гэтэл Засаг даргынхаа үйл ажиллагаанд судалгаанд хамрагдсан 1400 гаруй хүний 80 хувь нь сэтгэл дундуур явдгаа илэрхийлсэн. Тэр бүү хэл, Засаг даргаа танихгүй хүн ч байна шүү дээ. Энэ бол Ж.Ганхуяг гэдэг хүн хэрхэн ажилладгийг тод жишээ шүү дээ. Түүнчлэн Ж.Ганхуяг даргыг бус газар олголт, архидалт, ажилгүйдэл, цэцэрлэг сургуулийн асуудал дээр хариулт өгч, өөрийнхөө боломжит бүх ажлыг жагсаан төлөвлөгөөгөө ирэх долдугаар сарын 1-ний дотор дүүргийнхээ ИТХ-д танилцуулж батлуулаач гэж байгаа. Гуравдугаарт, дүүргийн Засаг дарга бол хууль биелүүлэх үүрэгтэй этгээд. Энэ оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас Засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулаад “Сум, дүүргийн Засаг дарга нар нэгээс илүү орлогчтой байж болохгүй” гээд заагаад өгчихсөн. Гэтэл манай дүүрэгт энэ хууль хэрэгжихгүй байна. Хэдийгээр хууль гарсан ч манай Засаг дарга гурван орлогтой ажиллаж байгаа. Угтаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд тийм хүндрэлтэй зүйл байхгүй шүү дээ. Засаг дарга хүсвэл тавхан минутын дотор захирамжаа гаргах бүрэн боломжтой. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэрэгжүүлж энэ захирамжаа гаргаач гэж шаардаж байгаа юм. Бүхэл бүтэн дүүрэг толгойлж байгаа хүн нь хууль биелүүлэхгүй юм бол иргэдийг яаж хууль хэрэгжүүл гэх юм бэ. Үндсэндээ бид эдгээр шаардлагыг тавьж, хууль хэрэгжүүлэхийг л хүсч байгаа.
-Танай дүүргийн өмнөх Засаг дарга нар ийм олон орлогчтой байсан тохиолдол бий юү?
-Бүгд л нэг орлогчтой ажилласаар өдий хүрсэн. Гэтэл Ж.Ганхуяг гэдэг хүн өнгөрсөн 2012 оноос хойш гурвын гурван орлогчтой ажиллаж байгаа. Засаг дарга нар нэг орлогчтой байна гэдэг хууль гарснаас хойш Ж.Ганхуяг дарга бүтэн таван сарын хугацаанд хууль зөрчиж байна. Энэ тоогоор их хэмжээний мөнгийг ч зарж байгаа нь ойлгомжтой. Түүнчлэн энэ орлогч нар тус бүртээ машин унахаас гадна том өрөөнд суудаг. Нэг орлогчид 2-2.5 саяыг зарлагадаж байна гэсэн үг. Цаашдаа он дуустал 100-гаад сая төгрөгийн хууль бус зарлага гарах нь. Тиймээс бид Засаг даргатаа албан ёсоор хандаж, энэ үйлдлээ өөрийн ухамсраар таслан зогсоохыг шаардаж байгаа юм. Бид дүүргийн сөрөг хүчний хувьд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардах эрхтэй. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол бид цаашид улс төрийн бүхий л арга хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгийг энэ дашрамд дамжуулъя.
-Засаг даргынхаа үйл ажиллагаанд болон хууль бус үйлдлүүдийнх нь талаар иргэдээс судалгаа авсан гэсэн. Судалгааны дүн хэрхэн гарсан бэ?
-Засаг дарга Ж.Ганхуягийн ажилд иргэд маш сэтгэл дундуур байгаа нь судалгаанаас харагдсан. Иргэд ингэж Засаг даргынхаа үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа учраас ЗДТГ-ын үүдэнд иргэд маань цуглаан зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу бид Засаг даргад энэ тухай хэлж, зөвшөөрөл хүссэн ч бидэнд боломжгүй гэдэг хариу өгсөн. Ингэхдээ хууль бус хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, “ЗДТГ-ын граашны дээр байгаа талбайг шүүхтэй хамтарч эзэмшдэг. Шүүх бол төрийн хамгаалалтад байгаа байгууллага” гэдэг хариу өгсөн. Үнэндээ энэ бол шалтаг. Өөрийнхөө хууль зөрчсөн үйлдлийг олон нийтэд харуулахгүй гэсэндээ л ийм хариулт өгч байгаа хэрэг л дээ. Түүнчлэн өмнө нь ИТХ-аас ажлын хэсэг гарч газар болон санхүүгийн асуудлаар дүгнэлт гаргаад Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах бичиг хүртэл өргөсөн. Гэтэл Засаг дарга маань эрх мэдлээ ашиглаад энэ саналыг хэлэлцүүлэлгүй буцаасан байдаг. Энэ мэтээр Ж.Ганхуяг даргын хууль бус үйлдлийг энд хэдийг л бол хэдийг нэрлэж болохоор байна л даа.
Засаг дарга, ИТХ-ын даргад шаардах бичиг хүргүүлнэ. Энэ асуудлаа өөрсдөө нэн даруй шийдвэрлэ гэж шаардана.
А.Баярмаа
Зочин · 2015/06/05
энэ АН- уу дпэндүү дээ дэндүү