Гадаадын иргэн мөнгөтэй бол Монголчуудыг алчихсан ч ялын бага хэмжээ авдаг жишиг тогтов уу - 

Хүн зодсон тэр дундаа хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн бол та хэдэн жилийн ял сонсох байсан бол. Дор хаяж л 3-5 жил. Монгол монголтойгоо зодолдоод танхайн хэрэгт холбогдоход л ийм ял авна шүү дээ. Харин энэ хуулийн заалт Монгол улсын иргэн надад болон танд бол мөнгөгүй халаас нимгэн байхад хамгийн дээд хэмжээгээрээ үйлчилнэ. Гэтэл гадаадын иргэн тэр дундаа Монгол руу нутаг заагдсан гэж хэлж болохоор хятадуудад бол бүр нэг жил ч бус хэдхэн сарын хорих ял, хорих ч гэж дээ баривчлах гэсэн тодотгол зүүсэн шүүхийн шийдвэрээр “хальт” үйлчилнэ. Яг үнэндээ Хятадын төрийн бодлого амь зуух аргагүй, аль эсвэл болж бүтэхгүйчүүддээ хэдэн юань өгсөн болоод харь орон луу илгээдэг тухай хэвлэл мэдээллээр гарч л байсан. Энэ л дагуу Монголд ажиллах хүч нэрийдлээр орж ирсэн хэсэг хятадууд өнгөрсөн оны тавдугаар сарын 26-нд Хуримын ордны урд баригдаж буй “Шангрилла” зочид буудлын барилга дээр ажиллаж байхдаа монгол залууг бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тэднийг Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүлээ. 
    Хуралдаанаар шүүгдэгч БНХАУ-ын иргэн Ли Вэн Бө, Ли Хун Вей, Ян Лү Жүн, Хан Бён, Ли Дун Чин нар бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай төмөр хэрэглэн, монгол иргэн Б-гийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2-т зааснаар буруутган, бүгдэд нь 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна. Таван мянган төгрөг хулгайлаад, аль эсвэл ганц ухамсарын шанаа өгсний төлөө 1,6 жилээр шийтгүүлсэн Монгол олон. Харин хүний биед хүнд гэмтэл санаатайгаар учруулсан дээрх хятад иргэд 5 хан сарын ялтай үлдлээ. Монголын хууль хэнд илүү үйлчилдэг юм бол доо. 
  

Б.Саруул-Од