Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээний талаар хэлэлцэж, үүл буудах 500 ширхэг пуужин худалдан авахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Борооны пуужинг богино хугацаанд нийлүүлж, үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг үр дүнтэй, шуурхай зохион байгуулан дүнг наймдугаар сард багтаан танилцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт үүрэг болгов.

Тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа нь чийгийн нөөц муутай байсан бүсүүдийн буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.

Хэт халууны улмаас бэлчээрийн өвс гандаж хатан, тариалангийн талбайд мал орж бэлчээрлэх явдал газар авлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад цаашид тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халуун байх магадлалтай байна. Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.