Манай улсын хүн амын төрөлт жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь сүүлийн үеийн тоо баримтаас  харагдана. Тухайлбал, улсын хэмжээнд 2000 онд 51111 эх амаржиж  байсан бол энэ тоо сүүлийн 10 гаруй жилд өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулж хэлвэл, төрөлт жил тутам 3500-4000-аар нэмэгджээ. Ийнхүү төрөлт нэмэгдсэн ч түүнийг дагаад нярайн эндэгдэл нэмэгдсэн гэх хүмүүс цөөнгүй.  Бид энэ асуудлыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сүүлийн жилүүдэд гаргасан судалгаанд үндэслэн хөндөж байна. Энэ оны өнгөрсөн тавдугаар сард Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанаас харвал, эхийн эндэгдэл 2011 онд 48,7 хувьтай байсан бол 2012 онд 27 хувь хүртэл буурсан статистик үзүүлэлт гарчээ. Энэ бол нялхасын эндэгдэл буурсан эерэг үзүүлэлт юм.              

               Гэхдээ ДЭМБ-ын мэдээллээр дэлхий нийтэд дутуу төрөлт буурах хандлагагүй байгаа нь манай улсад ч мөн ажиглагдаж байгаа аж. Дэлхийн  хөгжилтэй улс орнуудад дутуу төрөлт нь амьд төрөлтийн 5-7 хувийг эзэлдэг бол хөгжиж буй улс орнуудад илүү их тохиолдож байна.

Дутуу төрөлт нь нярайн эрт үеийн өвчлөл эндэгдлийн гол шалтгаан болж байдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байдаг. Дутуу төрсөн хүүхдэд тархины саажилт, амьсгалын замын эмгэг, мэдрэхүйн эрхтний хөгжил сул, сурах чадваргүй байх зэрэг нь хугацаандаа төрсөн хүүхдүүдтэй харьцуулахад их байдаг.

Сүүлийн жилүүдэд бидний дунд “хуруу шилний хүүхэд” гэсэн нэр томъёо хэрэглэгдэх болсон. Дэлхий дахины түүхээс үзвэл  хамгийн анхны хуруу шилний буюу ЭКО технелогиор бүтээгдсэн Люуз Браун Их Британид 1978 онд  мэндэлсэн байдаг.    Одоогоор үр шилжүүлэн суулгах лабораторийг  дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй оронд хэрэглэж байна.

Ийнхүү Эко буюу Экстракорпоралийн үр тогтоолт гэдэг нь “extra” буюу гадна, “corpus” буюу бие гэсэн латин үгсээс бүтсэн ба биеэс гадуур үр тогтолт гэсэн үг аж.  Харин ойролцоо утгаар нь “хуруу шилний үр тогтоолт” буюу “in vitro” хэмээн бичиж “IVF” гэж товчлон бичдэг байна. 

Манай улсад үр шилжүүлэн суулгаж эхлээд 2 жил  болж байна. Энэ хугацаанд  47 хүн үр шилжүүлэн суулгахад хамрагдсанаас жирэмслэлт 28 хувьтай явж байна.  Одоогоор 13 хүн жирэмслэснээс найман эх нь тээж байна. Энэ нь өндөр үр дүн юм гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна.

Гэхдээ зохиомлоор үр суулгаж төрүүлсэн хүүхэд жамаараа төрсөн хүүхдээс ямар нэгэн ялгаа байдаг уу гэдгийг олон хүн сонирхож асуудаг. Тэгвэл эдгээр хүүхдүүд нь жамаараа төрсөн хүүхдүүдээс ямар ч ялгаа байхгүй гэдгийг “Ануухай” эмнэлгийн эмч Б.Баярмаа онцолж байна. Мөн тэдгээр хүүхдүүд сөрөг нөлөө, бусдаас онцгой зүйл байдаггүй гэнэ.

Мөн үр шилжүүлэн суулгах ажилбар Монголд төдийгүй гадаадын орнуудад хийгдэж байгаатай холбоотой ихэр жирэмслэлтийн хувь дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна. Манай улсын хэмжээнд ч ихэр хүүхдийн төрөлт нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

Харин зохиомлоор үр суулгахад тухайн тээгч эхийн наснаас хамаараад үр дүн нь харилцан адилгүй байдаг аж. Эмэгтэй хүн 45-50 насанд цэвэршдэг тул 42-оос дээш гасныханд үр суулгахад үр дүн маш бага байдаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор Скандинавын орнуудад 42-оос дээш насныханд зохиомлоор үр суулгахыг хуулиар хориглосон байдаг аж.

Эмэгтэй хүн байгалийн жамаараа жирэмсэн болох хамгийн өндөр магадлалтай нас нь 18-25 нас юм. Харин үргүйдэл удамшдаг болохыг эмч мэргэжилтгүүд онцолж хэлдэг.  Эдгээр төрөлхийн үргүй эмэгтэйчүүд  үр суулгах аргаар донор эсийн туслалцаагаар жирэмсэлж болдог байна. Тиймээс үргүйдэл гэх зүйлийг шийдэж эмэтгтэй та хүүхэд тээх бүрэн боломжтой юм. Ингэхдээ заавал харийг зорих шаардлагагүй, өөрийн улсдаа энэ аргаар үр тогтоох боломжтой.

Манай улсын залуу гэр бүлүүдийн цөөнгүй хувь нь зохиомол аргаар үр тогтоохыг дэмжиж байгаа нь эмнэлэгт хандсан гэр бүлүүдийн тооноос харагдаж байна.

Монголын үрс маш олон болтугай.

Б.Хорол