Чинагийн Галсан: Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа
2015/06/21
МУСГЗ, Германы Ерөнхийлөгчийн загалмай хас одонт, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа. -Таныг их олон мод тарьсан гэж сонслоо. Хичнээн мод тарьж ургуулж байгаа вэ? -Одоогоор 380 мянган мод тарилаа. Миний тарих мод үүгээр зогсохгүй. Би үүнээс ч их бүр сая мод тарихаар шийдсэн. Бурхан тэнгэр надад нас хайрлавал амьдралынхаа эцсийн мөч хүртлээ мод тарина. -Яагаад та ингэж олон мод тарихаар болсон бэ? -Дэлхий дээр их олон мод тарьсан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шагналт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө бурханы орон руу явсан. Тэр хүн Африк тивд 35 сая мод тарьж үлдээсэн байгаа юм. Миний хувьд анх сая мод тарина гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их том амлалт байсан л даа. Манайхан Улаанбаатар хотын эргэн тойронд, байсхийгээд мод тарьдаг. Миний мэдэхийн нийслэлийн ойролцоо Зуун мод нэртэй дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой. Тэдгээр моднууд зун цэцэглэсэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж харагддаг. Харин мод ихтэй европ тивийнхэн бидний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлголтоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй. -Тэр олон модоо хаана тарьсан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ? -Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Улаанбаатар хотын эргэн тойронд нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэргийн ангиудыг ногооруулсан. Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг. Цэргийн хурандаа нартай би ном хаялцсан. Тэд энд “Хуарангаа ногооруулаач” гэхээр “Хуаранд мод тариад яадаг юм” гэдэг байсан. Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгдсөн. Цэргийн болон ангийн захирагчид “Галсан гуай хэдэн мод өгөөч ээ” гэцгээдэг боллоо. Тарьсан моднуудын маань хамгийн олон нь нийслэлээс 50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж байгаа. Тэнд манайхан “Хааны эрэлд” гэж цэргийн сургуульд гадныхантай нийлж, цэргийн бэлтгэл сургууль хийдэг. Цэргийн энэ сургуулилтад оролцсон цэргүүдийг амрахад нь зориулж “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа. -Таныг мод, суулгац худалдаж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна? -Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлгодоггүй юм. Үнийн хувьд мэдээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуудад үнэгүй өгчихдөг. Монголын газар нутагт л ургах юм хойно тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод, нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа. Манайхан нэг хэсэг Улаанбаатарыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд том том мод авчирч суулгасан. Анх тэр модыг суулгаж байхад “Дөрвөн жилийн дараа энэ моднууд чинь үхнэ” гэж би хэлсэн. Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмцдэг хэрнээ байгалийн хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүлдөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог. -Яагаад? -Тэд чинь хувийн нэг бус компанитай. Зарим нь хувьдаа 10-20 компанитай байхгүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд Хэнтийн хөвчөөс 30-50 жил ургасан модыг хулгайлж, хүчтэй техникээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногооруулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулгасан мод сайндаа л таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөртэй ногоон мод байхгүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа. Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур хүрдэг. -Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна? -Монголд нэрд гарч, өөрсдийгөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөнгүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй. Намайг Төрийн шагнал, Хөдөлмөрийн баатарт ч нэр дэвшүүлсэн. Тувачууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ ярьдаг. Тиймээс л төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал даргаас банга хүртсэн. Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад “Монголд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг чи мэдэж яваарай” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл би юу юм бэ” гэж асуухад “Чи бол урианхай” гэсэн юм. Би “Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй” гэсэн. -Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ? -Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг одоогийнхтой харьцуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт 40 сая төгрөгөнд тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа. Намайг очихоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн. Гэтэл 500 тэмээ худалдаж авах миний сургаар малчид ганц шөнийн дотор тэмээний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болгосон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төрсөн нутаг болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан. -Тэгвэл жилд хэдэн төгрөгийг мод тарихад зарцуулдаг вэ? -Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг. -Та ямар нэгэн бизнес эрхэлдэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуулдаг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ? -Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Канадад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүүдийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн байгаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм. -Таны гаргасан номнууд хамгийн эрэлттэй нь байдаг гэж дуулсан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдаршуулсан гэж боддог вэ? -”Аянгат цагийн тууж” маань намайг олонд таниулсан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуулсан гэж боддог. -Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа? -Тийм ээ. Бороо оруулах төхөөрөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан. Алжирийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй, дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүлсэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулснаараа дэлхийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөөрөмжөө ашиглалтад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдардаг газарт байрлууллаа. Сүүлийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муучилдаг улсууд “Энэ галзуурчээ. Тэнгэрийн бороог би орууллаа” гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруулсан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог. Төхөөрөмжөө ойрын таван жил ажиллуулна. Энэ хугацаанд Монголын газар нутаг зохих чийгээ авна. -Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ? -Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном “Тэнгэрийн зүүд” нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэгдээсэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бичвэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдарсан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа. Энэ нь тухайн үед галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоотой. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохойтой таараагүй. Энэ мэтчилэн бидний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л сурах бичиг маягаар, шог байдал оруулж бичиж байна. -Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн өнгө төрх ямар байгаа бол? -Монголын уран зохиолыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олигтой юм байна бүгдийг Монголтой хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад “Бичсэн юмыг нь” гээд инээмсэглээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гаргадаг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээтэй болж, нэр төр хөөцөлдөж, нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй. Энэ нэг зүйлийг хэлэхэд, манайхан их дардайх, өөрийгөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэгтэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаагүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн болохоор юу нэмж хэлэх вэ. Монголчууд энэ байдлаараа байвал хэцүү. Чингэс дахин амилаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаатарын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Европын хаадын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арилгана гэж хотын дарга болчихоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаатарын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон. -Германд олон жил байсан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолчдыг гадагшаа гаргах, танилцуулах тал дээр хэр их юм хийв? -Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэвлүүлсэн. Энэ бол Монголын утга зохиолд оруулсан миний хувь нэмэр. -Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ? -Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөрчээ. Энэ тухай роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. -Хараад байхад та ганцаараа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоотой ажилладаг вэ? -Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороотой бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монголын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл “таны хувийн хэргийн хавтас хоосон байна” гэдэг. “Юу яриад байна” гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобелийн шагнал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харамсалтай нь намайг Нобелийн шагналд дэвшүүлээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буудалдаа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг. -Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу? -Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийнхөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж байна. Шадивлангийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монголын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. “Чинагийн Галсан сан”-гийн гүйцэтгэх захирал. Одоо Монголд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг. Ч.АННА |
Зочин · 2015/06/21
amidraliin utga uchiriig uhaaruulsan saihan yriltslaga bna.uhaant hunii ug unen baih yum.bi ene erhem hunii nevtruulgiig dahin dahin uzdeg.ta urt naslaarai
Зочин · 2015/06/21
сайхан буурал шүү хэлж биш хийж байгаа хүн та урт наслаж удаан жаргаарай.