Ц.Элбэгдорж: Би та бүхний дуу хоолой байх болно
2013/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 13-нд Соёлын төв өргөөнд Улаанбаатар хотын цагдаагийн хүрээний албан хаагчидтай уулзлаа.
Цагдаа, дотоодын цэргийн хүрээний бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй хийсэн уулзалтыг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын шинэ удирдага ажлаа аваад хамгийн түрүүнд нийслэлээ аюулгүй, амгалан тайван хот болгох зорилт тавин ажилласаар ирлээ. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүний сайжруулах ёстой ажил бол цагдаагийн байгууллага, бие бүрэлдэхүүн юм.
Цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх тал дээр өргөн хүрээтэй ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэсгийн барилгын ажилд 7.5 тэрбум төгрөг төсөвлөж, энэ онд багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна” хэмээв.
Мөн НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлснээр Улаанбаатар хотын цагдаагийн газруудыг машин техникээр хангах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал эргүүлийн албанд 75, шуурхай албанд 24, замын цагдаагийн газарт 30 машин тус бүр олгохоор шийдвэрлэж, ирэх зургадугаар сарын 24-нд хүлээлгэж өгөхөөр болсон аж.
НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Засгийн газар Төв банктай хамтран 800 тэрбум төгрөгний орон сууцны зээлийн эх үүсвэр саяхан гаргасан. Энэ зээлэнд хамгийн түрүүнд нийслэлийн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хамруулах болно. Мөн цагдаагийн байгууллагын ахмад ажилтнуудыг нэн түрүүнд орон сууцаар хангах асуудлыг бид ярилцах болно” гэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, шударга ёсны шинэтгэл цаашид цагдаа болон хууль сахиулах байгууллагын шинэчлэлээр үргэлжлэх болно. Монголд хуулийн засаглалыг тогтооход та бүгдийн манлайлал, үүрэг оролцоо чухал гэдгийг нэр дэвшигч маань мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах нь хамгаас чухал ажил болоод байна. Мөн авто замын осол аваар, түгжрэл зэрэг асуудлаас үүдэлтэй замын цагдаагийн байгууллагуудын хүндрэл бэрхшээлд, ачааллыг бууруулахад хуулийн шинэчлэл чиглэгдэх ёстой. Энэ утгаараа Улаанбаатар хотын шинэ удирдлага, Нийслэлийн замын цагдаагийн хамтын бэхжихэд бид гүүр болон ажиллах болно” гэв.
Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Та бүхэн энд сонгогчийн хувиар хүрэлцэн ирсэн. Харин би төрийн тэргүүний бус Ерөнхийлөгчид нэр дэвшигч иргэний хувиар ирсэн. Энэ бол бидний иргэнийхээ эрх үүргээ эдлэх эрхийн асуудал, ардчиллын буян юм.
Монголчууд агуу төрт улсыг үүсгэн байгуулж, дэлхийд дэглэм журмыг тогтоосноороо бахархаж явдаг ард түмэн. Ийм учраас энэ агуу түүхтэй улс орноо хамгаалахын төлөө бие сэтгэлээ зориулж ирсэн, цагдаагийн албан хаагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.
Нийслэлийн удирдлагаас цагдаа нарын орон сууц, нийгмийн асуудлыг анхаарч байгаад миний сэтгэл хангалуун байна. Үүгээр зогсохгүй Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд ач холбогдол өгч дэмжих учиртай. Цагдаагийн байгууллагуудыг шаардагдах унаа тэрэг, орон байраар хангаад зогсохгүй урамшуулал олгодог болъё.
Та бүхний төлөөлөл УИХ-д цөөхөн байж магадгүй. Тэгвэл та бүхний өмнөөс би чанга дуугарч, та бүхний дуу хоолой байж чадна. Засгийн газар, орон нутгийн удирдлагуудыг шаардан ажиллаж чадна. Та бүхэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж намайг төлөөлдөг юм” хэмээн нүүр бардам хэлж байх хэрэгтэй. Хууль хяналтын байгуулагын нэр хүнд өндөр яваасай гэж би боддог. Монгол Улсад хууль хэрэгждэг гэдгийг та бүхний үйл ажиллагаа бүрэн харуулдаг байгаасай гэж боддог.
Тангараг өргөж, улс орныхоо аюулгүй байдлын төлөө амь биеэ зориулах цэрэг, цагдаагийн албан хаагчдад монголчууд хайртай байдаг. Иймээс тэдний тусын тулд гарч буй аливаа шийдвэрийг дэмжихгүй хүн байдаггүй. Хамгийн гол нь та бүхэн ард түмнийхээ энэ хайр хүндэтгэлийг дааж албан үүргээ гүйцэтгэх ёстой” гэв.
Мөн нэр дэвшигч хэлэхдээ цагдаа нарын ар гэрийн асуудал, нийгмийн халамж, шагнал урамшуулал, санхүү, орон сууцнаас гадна хувцас хэрэглэлийн асуудалд анхаарахаа онцоллоо. Тэрбээр цагдаагийн шинэ форм, хувцас хэрэглэлийг олон улсын стандартад нийцүүлэн, сайжруулсан байх ёстойг дурдав.
Зочин · 2013/06/14
харин тиймээ
Зочин · 2013/06/14
бид таныг бидний төлөө зүтгээд өгөөч гээгүй энэ төрийг төвшин болгоод өгөөч л гэсэн гэтэл та бүр талцуулаад энэ төр энэ улсыг юу гээч болгочихвоо??? Бидний төлөө зүтгэх л байсан бол урд нь зүтгэж байхгүй үхсэнээ хийгээд АН-ийн авилгачдийг хаацайлаад нэг намд үйлчилээд өрсөлдөгчөө хэлмэгдүүлээ д байсан юм дахин хошгорохги ээ хүн ****** минь
Зочин · 2013/06/14
china