“Эр зориг гаргаж дүүгээ галаас аварсан хүүд минь амьдрал хайрлаач”
2015/06/26
Дүрэлзэн асч буй гал дундаас хүн танихын аргагүй болтлоо түлэгдэж, гэмтсэн хүү бяцхан дүүгээ энгэртээ тас тэвэрчихсэн гарч ирээд, хэдхэн алхаад ухаан алдаж унажээ. Хүүг А.Цэрэнтогтох гэдэг. Энэ жил 16 настай. Аав, ээж нь ажилдаа явж, хүү гэртээ найман сартай дүүтэйгээ хоёулхнаа үлджээ.
Гэтэл 20.00- 21.00 цагийн үед гэрт нь байсан таван литрийн баллонтай газ дэлбэрч, ийм харамсалтай хэрэг гарсан байна. Энэ бол Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт одоогоос яг 16 хоногийн өмнө болсон явдал. Хүүхдүүд азаар амьд үлдсэн ч 25-80 хувийн түлэгдэлттэй, эдүгээ Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Ахдаа тэврүүлж, амь гарсан А.Амарболдын нүүрэн хэсэг болон зүүн гар нь түлэгдсэн бол дүрэлзэн асч буй гал руу гүйн орж, бяцхан дүүгийнхээ амийг аварсан хүү 75-80 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал нь маш хүнд, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Манай сурвалжлах баг өчигдөр хоёр хүүгийн хэвтэн эмчлүүлж буй Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг зорьсон юм.
Дүүгийнхээ амийг аварсан А.Цэрэнтогтох хүү арьс нөхөх эхний хагалгаандаа орсон ч өдөр ирэх бүр бие нь муудаж байгаа гэнэ. Хүүгийн бие ямар байгаа талаар эмчлэгч эмчээс нь тодруулахад, “Хүүгийн бие туйлын хүнд, найдвар бага. Хагалгааны үр дүн хүүгийн биеийн эсэргүүцлээс шалтгаална. Хэдийгээр залуу хүн ч гэсэн арьс нь төлжихгүй, биеийн байдал нь маш муу байна. Уг нь, дахин арьс нөхөх хагалгаанд орох шаардлагатай. Гэвч биеийнх нь эсэргүүцэл дийлэхгүй байна. Харин найман сартай дүүгийнх нь бие сайжирч байгаа, энгийн тасагт шилжүүлсэн. Өчигдөр арьс нөхөх хагалгаандаа орсон” гэх хариулт өглөө.
Эр зориг гарган, бяцхан дүүгийнхээ амийг аварсан А.Цэрэнтогтох болон найман сартай А.Амарболд нарын эцэг, эхтэй нь уулзсан юм.
М.БОЛОРТУЯА: Гадаад эмчилгээ хийлгэхэд 350-450 сая төгрөг шаардлагатай
-Хоёр хүүгийн тань бие ямархуу байна вэ?
-Бага хүүгийн маань бие хамаагүй дээрдсэн. Эмч нар аюулгүй гэж хэлсэн. Харин том хүүгийн минь бие маш хүнд байна. Өнгөрсөн долоо хоногт арьс нөхөх эхний хагалгаандаа орсон. Дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн ч биеийнх нь эсэргүүцэл дийлэхгүй байна. Эмч нар гадаадад яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн.
Хандив өгч, туслаж байгаа хүмүүсийн ачаар миний хүү тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа боловч бие нь өдөр ирэх бүр л муудаж байна. Түлэгдэлтээсээ болж өвчин нь дотор эрхтэндээ нөлөөлөөд эхэлчихсэн. Элэг, бөөр, ходоодонд нь өөрчлөлт орчихсон байна гэсэн.
-Том хүүгийн тань биеийн байдлын талаар эмч нар юу гэж хэлж байх юм бэ?
-Тэд нэг л зүйлийг хэлж байгаа. “Энэ байдлаараа удах юм бол амь насанд нь аюултай. Ойрын хугацаанд гадаадад явуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай" гэж.
-Гадаадад эмчилгээ хийлгэж, хүүгээ эрүүл болгоход ойролцоогоор хэчнээн сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм бэ?
-Бид хүүгээ эрүүл, саруул болгох бүхий л аргыг судалж байна. Гадаадад эмчилгээ хийлгэхэд дор хаяж 350-450 сая төгрөг шаардлагатай юм билээ.
-Уучлаарай, гадаад руу эмчилгээнд явлаа гэхэд эрүүл, саруул болох боломж бий юу?
-Тийм ээ. Бид Солонгосын нэг хувийн эмнэлэгтэй холбогдсон. Хүүг маань эв эрүүл болгож, гоо сайхны хагалгаанд хүртэл оруулж өгнө гэсэн. Гагцхүү эмчилгээний зардал нь л өндөр. Дээр хэлсэнчлэн 350-450 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм.
-Та хандив, тусламж өгч байгаа хүмүүсийн ачаар хүүгийнхээ эмчилгээг тасралтгүй хийлгэж байна гэлээ. Одоогоор хэдий хэр мөнгө цуглараад байгаа юм бэ?
-70 гаруй сая төгрөг цугласан. Түүний 12 саяыг нь хүүгийнхээ эмчилгээнд зарцуулаад байна. Сайхан сэтгэлт монголчууд минь миний хүүд туслаач, өвчиндөө шаналан үхлээ хүлээн хэвтэх хүүд минь амьдрал бэлэглээч гэж хүсч, гуйж, залбирч байна.
Б.Амарбат: Гэрт байсан “ДАШВААНЖИЛ”-ын газ дэлбэрсэн, гэхдээ галын дүгнэлтийг хүлээж байна
-Тухайн үед яг юу болсон талаар хүү тань хэлсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн 21.00 цагийн үед хөрш айлын залуу “Гэрт чинь гал гарлаа” гэж залгасан. Газ дэлбэрсний дараа түргэн болон онцгойгийнхон цаг алдаж ирсэн гэсэн. Энэ хугацаанд гэр шатаж, хоёр хүүг маань эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Том хүү эмнэлэгт очоод ухаан орсон. Бидэнд хэлэхдээ “Газ дэлбэрсэн” гэсэн. Өөр зүйл хэлээгүй. Одоо бие нь маш хүнд, өндөр халуурч байна. Байнгын л унтаа байдалтай байгаа даа.
-Газ дэлбэрэхэд хоёр хүү тань унтаж байсан гэсэн байх аа?
-Үгүй ээ, сэрүүн байсан гэсэн.
-Танайх ахуйн газ хэрэглээд хэр удаж байгаа вэ?
-Их удаж байгаа. Бараг таван жил болж байна.
-Тэр газыг худалдаж аваад хэр удаж байсан юм бэ. Газыг огт залгаж, хэрэглээгүй байхад дэлбэрсэн гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Манайх тэр газыг худалдаж аваад долоо ч хоноогүй байсан. Урд өдөр нь тог тасарсан болохоор тухайн үед газаа цэнэглүүлээд тавьчихсан байсан. Түүнээс биш залгаж хэрэглээгүй. Гэтэл яагаад дэлбэрснийг хэлж мэдэхгүй байна. Бид галын дүгнэлтийг л хүлээж байна.
-Галын дүгнэлт хэзээ гарах вэ?
-14-30 хоногийн дотор гарна гэсэн.
-Газ дэлбэрснээс бус өөр шалтгаанаас болж гал гарсан бол яах вэ?
-Би хүүгийнхээ хэлсэн үгэнд бүрэн итгэж байна. Дээр нь манай хөрш айлууд бүгд сонссон байгаа юм. Газар доргитол их дуу гарсан гэсэн.
-”Дашваанжил”-ын газыг худалдаж авсан гэсэн. Удирдлагуудтай нь уулзаж, учир байдлаа хэлсэн үү?
-Үгүй ээ, огт уулзаагүй байна. Харин Монголын газын холбооноос ярьж байна лээ. Ямар газ хэрэглэж байсан, яг юу болсон талаар тодруулж байсан. Бид бодит үнэнийг л хэлсэн, тэд “Дашваанжил” компанийн удирдлагатай уулзаж, ярилцаад хариу хэлнэ гэсэн. Таг л байна.
-Хүү тань дүүгээ аврах гэж ороод ийм харамсалтай байдалд хүрчихлээ. Хүүдээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Миний хүү үнэхээр зоригтой. Бас ухаантай. Хүүдээ маш их хайртай. Эр зориг гаргаж дүүгээ галаас аварсан хүүд минь туслаач. Миний хүүг авраач дээ, монголчууд минь. Бид төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдэд хандаж, захидал бичсэн. Тэднийг туслана гэж найдаж, итгэж байна.
Бидний яриа ийн өндөрлөв. Галд түлэгдсэн хөвгүүдийн аав, ээж хоёр өнгөрсөн жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, амьдрах болжээ. Гал гардаг өдөр цахилгааны хязгаарлалт хийсэн байсан болохоор “Дашваанжил” компанийн газыг худалдан авсан байна. Гэхдээ тэд ажилдаа явахдаа хийн зуухаа цахилгаанд холбоогүй гэдгээ хэлсэн юм.
Харин бяцхан дүүгийнхээ амийг аварсан А.Цэрэнтогтох хүүгийн бие өдөр ирэх бүр муудаж, үхэл, амьдралын заагт хэвтэж байна. Амьдралыг гэгээн цагаанаар харж, ирээдүйн амьдралаа сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан 16- хан настай хүүд амьдрал бэлэглэцгээе, монголчууд аа.
Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, өөрийн нэр дээр данс нээжээ. Туслахыг хүссэн хүмүүс дараах утсаар холбогдох боломжтой аж. Утас: 99028637, Дансны дугаар: “ХААН” банк 5018042275 / Дансэзэмшигчийн нэр: Мягмарын Дэлгэрмаа /
Б.ТӨРБАТ
Зочин · 2015/06/27
газ дэлбэрсэн бол буруутай газраас нь төлбөр авч байх ёстой
Зочин · 2015/06/26
Mash zorigtoi zaluu yum,haramsaltai yum aa.GAZ hereglehee bolimoor yum bish u,baishiigeed l delberlee gej duuldah yum.tsahilgaan heregsel ni arai ayul bagatai sh dee humuus ee
Зочин · 2015/06/26
төр анхаараалдаа аваачээ хэр баргын хүнээс гархааргүй зориг гаргасан хүү байна дараа нь төрд маань хэрэг болох хүү шүү