Харвардын их сургуулийн  Азийн манлайллын төвөөс жил бүр зургаан орон шалгаруулан авч “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил  шилдэг зургаан орны тоонд  Монгол улс тусгай шалгаруулалтын дагуу  багтаж, “Азийн манлайлал чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.

Чуулга уулзалт энэ сарын 27-ны өдөр Чингис зочид буудалд “Investing Global Mind for Better Mongolia” уриан дор зохион байгуулагдах бөгөөд Илүү сайхан Монголын төлөө эх дэлхийн шилдэг оюуны боловсролоор өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх боломжийг залууст олгож буйгаараа онцлог юм.

Дэлхийн нэр хүндтэй их дээд  сургуулиудад, тэр дундаа  Харвардад суралцах чин хүсэлтэй залуусын өмнө тулгардаг нийтлэг бэрхшээл, түүнийг хэрхэн даван гарах арга замын талаар туршлага солилцохоор Харвардын их сургуулийн  Азийн манлайллын төвийн ерөнхийлөгч Самэул Хунгсоо Ким тэргүүтэй 28 төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа аж.

Сургалтад одоогийн байдлаар 600 гаруй залуус оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өнөө оройны 18:00 цаг хүртэл бүртгэл үргэлжлэн явагдах юм байна. Бүртгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг asia.beglobal.mn хуудаснаас авах боломжтой бөгөөд чуулга уулзалтыг зохион байгуулах ажлыг Глобал Менежерүүдийн Нийгэмлэг ТББ хариуцан  ажиллаж байна.  

Дашрамд дуулгахад, Манай улсаас Харвардын их сургуулийг дүүргэсэн Л.Оюун-Эрдэнэ, Т.Алдарсайхан тэргүүтэй залуус нэгдэн дэлхийн цөөн хэдэн улс орнуудад зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтын эрхийг  авахын тулд    залуусын уулзалт өдөрлөг, аялалын хөтөлбөрүүдийг өмнө нь зохион байгуулснаар  эрхээ баталгаажуулсан аж.  

Ийнхүү энэ жил манай улсын таван залуу Харвардын Их Сургуулийг магистрын төвшинд  дүүргэсэн   баярт мэдээтэй зэрэгцээд Харвардад суралцах хүсэлтэй залуус ирэх амралтын өдөр тус сургуулийн хамгийн сүүлийн үеийн судалгаан дээр суурилсан 42 төрлийн сургалтад хамрагдаж,  төлөөлөгчидтэй санал солилцох боломж бүрдэж байна. 

Ж.Мядагбадам