-Н.Удвал Замын-Үүдэд ажиллаж байна-

        Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр Замын-Үүдэд ажиллаж байна. Тэрээр өглөө эртлэн Замын-үүд, Эрээний хооронд наймаа эрхэлдэг бизнес эмэгтэйчүүдтэй уулзлаа. Амьдралын ачаа үүрч, гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ, үр хүүхдээ өсгөж, оюутны сургалтын төлбөрөөс эхлээд бүхий л зардлыг олохын төлөө зүтгэж явдаг олон эмэгтэй Замын-Үүд-Эрээн-Улаанбаатарын хооронд бараа зөөж амьдардаг. Тэд эмэгтэй нэр дэвшигчийг халуун дотноор хүлээн аваад “Манай энд маш олон дарга нар ирдэг боловч тэд бидэнтэй биш , дарга нартай уулзаад буцдаг юм. Та анх удаа бидэнтэй зорьж ирж уулзлаа. Гэр бүлийн, амьдралын бүхий л зовлонг ойлгох, хаанаа асуудал нь байгааг мэдэрч засч залруулж чадах, нйигэм болоод, улс төрд байгаа бэрхшээлүүдийг арилгахын төлөө зүтгэж, тэмцэж чадах хүн гэж  бид танд итгэж байгаа. Таныг дэмжиж, танд саналаа өгнө гэж шийдсэн” хэмээн санал, бодлоо хуваалцлаа.

 

        Өмнө нь Замын-Үүдэд зорчигч, ачаа тээврийн  УАЗ-469 машины жолооч нарын ихэнх нь эрчүүд байсан.   Тэгвэл өнөөдөр тэдний 80 хувь нь эмэгтэйчүүд болсон байна.Үүнээс эмэгтэйчүүд ямар их ачаа үүрч байгааг харж болох юм. Сүүлийн үед ачаа зөөж амьдралаа залгуулахад ихээхэн бэрхшээлтэй болсныг эмэгтэйчүүд нэр дэвшигчид уламжлав. Учир нь ачаа, бараа зөөж буй иргэд нийгмийн даатгалд хамрагдаггүй, тэтгэвэр тэтгэмж авдаггүй, төрийн золиос болж байгаадаа багагүй  бухимддаг. Гэтэл бодит байдалд  бид Замын-Үүдийг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг  оруулж ирсэн. Үр хүүхдээ өсгөж, оюутны сургалтын төлбөр төлж, ирээдүйн иргэдийг хүмүүжүүлж байна. Харамсалтай нь бидний улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, худалдаа наймаа эрхэлж, ачаа бараа зөөгөөд төлсөн татвар  хаашаа орсон нь тодорхойгүй. Одоо энд 260 гаруй жолооч байна. Гаалиар гарахад өдөр бүр 10.000 төгрөг тушаадаг нь төрийн албаны байгууллагын татвар юм. Өмнө нь сардаа арван мянгыг тушаадаг байв. Мөн авто тээврийн бирж биднийг байнга дарамталдаг. УАЗ-469 машиныг явуулахгүй зогсооно гэдэг. Эрх мэдлийг гартаа авчихсан хэдэн хүн байна. Таван УАЗ-469-ийн дараа нэг автобус явуулдаг монополь эрхтэй  хэмээн иргэд ярьж байна. Нэр дэвшигч тэдний гомдол, саналыг хүлээж аваад энгийн иргэдээ ялгаварладаггүй төртэй болох талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Та бүхний хүсэлтийг Зам тээврийн сайдад заавал дамжуулна хэмээн  амлалаа.

 

 

В.Туяа