Ч.Сайханбилэгийг айлгах АН, МАН-ынхны дэглэсэн ”жүжиг”
    “МАН-ынхан манайхаас гарцгаа. Арав хоног үлдлээ, та нарт” гэж АН-ынхан өглөө, үдэшгүй хөөх болов. Энэ үйл явцаас харвал АН-аас МАН руу “боргох” Асар, Басар хоёр нь УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар, тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар бололтой. Гэхдээ мань хоёрын хувьд, МАН-д ч, АН-д барьцаалагдах факттай. “Халзанбүргэдээс Солонготын даваа хүртэлх 100 км автозамын гүйцэтгэлд зориулж Б.Гарамгайбаатар гишүүний “Монроуд” ХХК руу Хөгжлийн банкнаас 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн” гэх дуулиан өдгөө ч намжаагүй байна.
     Харин Ш.Түвдэндоржийн тухайд, “АН дахь Түгжилүүдийн нэг”-ээр хэдийнэ тодорчихоод байгаа. Учир нь тэрбээр өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын гишүүн Х.Баттулга ҮХАА-н сайдаасаа өөрийн хүсэлтээ огцорсны дараа МоАХ фракциас ч, бас Женкогоос ч урваж Н.Алтанхуяг, “Алтангадас” хоёроос адис хүртэж оронд нь томилогдож байсан. Харамсалтай нь хэдхэн сарын настай Засгийн газарт сайдаар ажиллаж, ҮХАА-н сайдаар ажиллаж байсан гэдэг үгийг намтартаа нэмсэн төдий. Харин одоо тэд “МАН-ынхан орон нутагт ажиллахдаа АН-ыг муулж байна. Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол хоёр тэр дундаа илүү муулж байгаа гэнэ. Болохгүй бол МАН-ынхныг шүүхэд өгнө” хэмээн Төрийн ордонд авгай, хүүхнүүд шиг хов ярьж сууна. Хамгийн инээдтэй нь МАН АН-ын урилгыг хүлээж авахдаа “Танай намыг огт муулахгүй ээ” гэж ам өчиг өгөөгүй баймаар. АН-ынхан ч сөрөг хүчин байхдаа МАН-ыг “Алуурчны нам. Муусайн луйварчид. Ирэх сонгуулиар та нар үсгүй хусуулна даа” гээд Л.Гүндалайгаас эхлээд УИХ-ын чуулганы танхимд орилж байсан нь саяхан. Гэвч тэд ийм байснаа мартсан бололтой. Гэлээ гээд МАН-ынхан тэднийг засгаас хөөж туухдаа хүрч байсан нь үгүй. Нөхөртөө гомдсон эхнэр шиг ийн үглэж дуулсан нь ч бас үгүй санагдана. 
Яагаад заавал Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нар гэж. Улс төрд өрнөж байгаа үйл явцаас ийм нэгэн асуулт гарч ирэв. Яах вэ, тэднийг намын бүлгийн удирдлагууд гэдгээр нь ойлгож болно. Гэхдээ Төрийн ордноос нэгэн хачирхалтай сонин мэдээлэл ирэв. Итгэмээр ч юм шиг, үгүй ч юм шиг. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг нэг хэсэг муу юм болгоныг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбож харддаг байсан бол одоо АН-ын экс дарга Н.Алтанхуягийг хардах болжээ. Гайтай юм шиг Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж хоёр түүнийг Ерөнхий сайд байхад “Хөгжлийн банкнаас зээл авсан”, “ҮХАА-н сайд болсон” гэх ярианы эзэд болсон. Тэгэхээр “АН-ын Асар, Басар болчихоод байгаа энэ хоёр эрхмийг Н.Алтанхуяг турхирч МАН-ын эсрэг хөдөлгөж байна” гэх хардлага үүссэн ч байж болох. Ядаж байхад экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ их үймээнтэй зэрэгцээд АТГ-тай дайн зарлачихсан байдаг. “Оргил өөд” хэмээх бүхэл бүтэн ном бичиж хэвлүүлсэн туршлагатай учраас АТГ, ТЕГ хоёрыг албан бичгээр дамжуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, бүр фэйсбүүкчид, жиргээчдэд ховлодог ажилтай болчихоод байгаа шүү дээ. Ерөнхийлөгч “Н.Алтанхуяг аа, гомдол санал байвал ил тод хэл” гэсэн учраас ийнхүү бухимдлаа цаасан дээр буулган олон нийтийн сүлжээгээр цацдаг болсон юм болов уу. Ямартай ч МАН-ын зарим нөхөд “Манай намыг байнга хөөж байгаа Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж нарын ард Н.Алтанхуяг байгаа” гэх хөгжилтэй таамаглалыг дэвшүүлжээ. Гэхдээ энэ юу л бол. Н.Алтанхуягийг хүчтэй явахад албан тушаалд томилогдож байсан нөхдөөс түүнийг өмөөрч ганц үг ганхийхгүй байхад Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж хоёр түүний талд орлоо юу!   
Бас л Төрийн ордноос ирүүлсэн мессеж. АН-ынхан өнгөн дээрээ МАН-ыг засгаас гарахыг хүчлэн тулгаж байгаа мэт ч “хөшиг”-ний цаана хоёр намынхан ирэх сонгуулиас өмнө салан тусгаарлахаар болсон гэх. Учир нь өнгөрсөн гурван жилд АН-ын рейтинг буурсан уу гэхээс өсөөгүй. АН-ын рейтинг уналаа гээд МАН-ынх ч өсөөгүй. Тиймээс ашиг сонирхол, “хэтэвч” нэгтэй энэ хоёр намынхан “2016 онд манайх ч, танайх ч хэцүүдэж мэдэх нь. Биднийг хамтрах зуур жижиг намууд, бие даагчид олон нийтийн дэмжлэгийг илүү авч, ирэх сонгуулийн үр дүнд парламентад олуулаа болж магадгүй. Тиймээс Засгийн газар хэмээх “завь”-наас нэг нь буух болох нь. Тэр бол мэдээж МАН” гэж тохиролцсон сурагтай. Хэрэв энэ үнэн бол УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар хэд хоног хэвлэлээр шоудаж, олны анхаарлыг татасхийгээд ирэх намар энэ “жүжиг” төгсөх юм байна. Наадам ч боллоо. Гишүүд, сайд нар уяачаа хийх нь хийж, найр наадам, аймаг, сумын ой хэсэх ажил удахгүй эхэлнэ. Тиймээс “МАН-ыг засгаас хөөх” тухай хоёр намынхны хамтран дэглэсэн энэ “жүжиг” намар болтол завсарлана гэсэн үг. Хэдийгээр Ш.Түвдэндорж “МАН-ынханд арав хоногийн хугацаа өгсөн” гэж байгаа ч... Харин МАН ирэх намар Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гарах эсэхээ Бага хурлаараа шийдүүлж таарна. Ямартай ч өнөө, маргаашгүй МАН-ын Бага хурал хуралдаж, АН-аас өрх тусгаарлана гэсэн яриа “Тусгаар тогтнолын ордон”-д лав алга.