Энэ зуны эхэн болон дунд сар бороо хур багатай, ерөнхийдөө гандуу ч бөхчүүд маань гал галаа бараадан Үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базааж өнгөтэй сайхан байна. 
 
МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах багийнхан өнгөрсөн баасан гарагийн өглөө энэ жилийн наадамд зодоглох бөхийн галуудаас  хамгийн олон гал бэлтгэлээ базааж байгаа Бугын САА буюу Өвөр Зайсанг зорьж энэхүү цуврал сурвалжлагаа толилуулж байна. Биднийг очиход бөхчүүд өглөөний бэлтгэлээ дуусгаад амарч байлаа.
 
Баянхонгор аймгийн бөхчүүд Өвөр зайсангийн Нармон амралтад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд улсын харцага Д.Батболдын ахалдаг энэ галд аймгийн арслан Н.Золбоо тэргүүтэй улс, аймаг сумандаа зодоглох 30 гаруй бөх гарснаас улсдаа хүчээ үзэх 10 гаруй бөх эндээ үлджээ.
 
 
Нармон ХХК-ийн “Нармон тур” баазад төвхнөсөн Баянхонгор, Өмнөговь, Дундговийн бөхчүүдэд хоол ундыг нь бэлдэж байгаа ахлах тогооч А.Хүрэлтогоотой уулзаж бөхчүүдийн хоол ундны онцлогийн талаар сонирхлоо. Тэрбээр, “Бид 2000 оноос бөхчүүддээ үйлчилж байна.  
 
Бид өнгөрсөн сарын 18-наас эхлээд 50 гаруй хүнд өглөө найм, өдөр 13 цаг, орой 19 цагт монгол үндэснийхээ хоол, унд хийж өгч үйлчилж байгаа. Тухайлбал, бууз, нарийн махан хуурга, цуйван, хуушуур, гурилтай шөл, хорхог зэрэг үндэсний хоолыг хонь, үхрийн махаар хийдэг. Бөхчүүд хар цай л голдуу ууна шүү дээ.
 
Бөхчүүдийг их иддэг гэж хүмүүс боддог, тийм биш. Порц нь 1,5 буюу нэг бүтэн порц, хагас порц гэсэн үг. Миний хувьд 10 гаруй жил энэ бөхчүүдийнхээ хоолыг хийж өгч байна. Манай бөхчүүд миний гарын хоолонд дасчихсан болохоор бүр хаа нэг ажил гараад ирэхгүй бол үгүйлээд байдаг юм” хэмээн ярьж байв.
 
                                                        
 
Өнөө жил хамгийн өтгөн галыг Бугын САА-д бүрдүүлжээ. Өвөрхангайн 90 орчим бөхчүүд уламжлал ёсоор эндээ төвхнөжээ. Ц.Мягмарсүрэн зааны шавь нар буюу Хилчин спорт хороонд харъяалагддаг Ховдын бөхчүүд Бугын сангийн аж ахуйд байна. Аймгийн арслан О.Хангай, Б.Баатарцол, аймгийн заан Д.Бадамгарав, Ц.Адъяа, Б.Төмөрбаатар нар багш дээрээ ирэх наадмыг хүлээж байна.
 
Мөн энд улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, улсын харцага, олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбат тэргүүтэй Булганхангайн хүчитнүүд, дэвжээнийхээ гүйцэтгэх захирал, менежер Гүрбадам болон дасгалжуулагч, улсын заан Д.Лхагвасүрэнгийн удирдлага дор наадмын бэлтгэлээ базааж байна. Улсын арслан Д.Азжаргал энэ галд бэлтгэлээ базааж байна. Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр харцагатай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
 
                                                      
 
Тэрбээр ” Би зургадугаар сарын 24-нд галдаа гараад бэлтгэлээ базааж байна. Манай галд 40 гаруй бөх гарснаас аймаг, сумандаа хүч үзэх 20 шахам залуу бөхчүүд  наадамдаа зодоглохоор мордсон. Миний хувьд наадмын дараа болох жүдо бөхийн ДАШТ-ий бэлтгэлээ эндээс эхлүүлэн хийж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэл бол бидний хувьд амжилтын суурь болж байдаг учраас маш чухал. Наадмын дараа ДАШТ-ий бэлтгэлээ үргэлжлүүлээд хийнэ. Манай галын сум, аймаг, улсын наадамд зодоглох бөхчүүд өнгөтэй сайхан байна” хэмээн ярьж байв.
 
Өмнөговь аймгийн Ажнай дэвжээний 22 бөх энд бэлтгэлд гарснаас 13 нь улсын наадамд хүчээ сорихоор үлджээ. Баянхонгор, Өвөрхангайн, Өмнөговь, Ховд, Булган аймгийн бөхчүүд баяр наадмын бэлтгэлдээ өнгөрсөн сарын дундуур Өвөр Зайсанд наадмын бэлтгэлээ базаан эрч хүчээ авч галын наадмаа лхагва гарагт хийжээ. Харин өнөөдрөөс сум, аймагтаа барилдах залуу бөхчүүд эхнээсээ хүчээ сорих наадам руугаа мордож эхэлжээ. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ой болон Ардын хувьсгалын 87 жилийн түрүү бөх төрсөн энэ сайхан нутагтаа бөхчүүд ихэд бэлгэшээж хүндэтгэн шүтдэг юм. /Үргэлжлэл бий/
 
Д.Өлзий