Сүүлийн үед сонсогдсон чихэнд чимэгтэй хамгийн таатай мэдээ бол Засгийн газраас хэрэгжүүлэх найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Энэхүү зээл өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

Иргэд энэхүү зээлийг өмнөх зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл шиг сонгуулийн шоу биш байгаасай гэдэгт итгэхийг хүсч байна. Ямартай ч Засгийн газар болон Монголбанкнаас хэрэгжүүлэх найман хувийн хүүтэй орон сууцны зээл буюу ипотекийн зээл өнөөдрөөс эхлэн иргэдэд олгогдож эхлэх нь.

Энэхүү зээл хамрагдахын тулд иргэд 80 метр квадратаас ихгүй талбайтай шинээр ашиглалтад орсон болон одоо ашиглагдаж байгаа хуучин орон сууцыг 20 хүртэл жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой. Урьдчилгаа төлбөрт нь 10-30 хувийг төлөх ба зорилтот бүлэгт тусгайлан үзүүлэх хөнгөлөлтийг Засгийн газар тодорхойлж хэрэгжүүлэхээр болсон. Зээлийн барьцаа нь худалдан авч буй орон сууц байх учир  нэмэлт барьцаа хөрөнгө шаардахгүй, орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэхээр байгаа юм. Иргэд банкаа сонгох, банкууд тэгш эрхтэйгээр хөтөлбөрт оролцох эрхтэй бөгөөд зээлдэгчийн сард төлөх зээлийн нийт төлбөр өрхийн татварын өмнөх сарын орлогын 45 хувиас хэтрэхгүй байхаар журамд заажээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ, “Ипотекийн зээлийн холбогдуулан  Төвбанкнаас шалтгаалах бүх дүрэм, журмыг боловсруулж, баталсан. Санхүүгийн зохицуулах хороо, ХЗЯ, бусад холбогдох агентлагуудын журам, дүрэмд ч өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтүүд ипотекийн зээл олгоход саад болохгүй. Цаашид энэ нь үнэт цаасаар баталгаажиж, тэр нь Нийгмийн даатгалын сан руу хөрвөх олон шаттай үйл явцын дунд энэ ажил маань үргэлжилж болно. Энэ бол монголчуудын хүсэн хүлээж байсан гол шийдвэр, амьдралд нь томоохон өөрчлөлт оруулах зүйл учраас баяртай мэдээ мөн. Үүнд хүрэхийн тулд маш их судалгаа, нарийн тооцоо хийсэн. Урьтач ажил их байсан. Бараг бүтэн жилийн ажлын маань үр дүн. Статистикийн хамгийн сүүлийн мэдээнээс харахад улсын хэмжээнд инфляци тавдугаар сарын байдлаар 8.4 хувьд хүрлээ” хэмээсэн юм. Юутай ч энэ зээлд ард иргэдийг итгэж болно гэдгийг Төвбанкны ерөнхийлөгч баталж байна.  

Монголын ихэнх иргэд банкнаас өндөр хүүтэй орон сууцны зээл авчихаад хүүнд нь дарлуулж амьдардаг. Тэгвэл энэ хүнд байдлаас гарахад найман хувийн хүүтэй орон сууцны зээл туслах нь байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээл өнөөдрөөс эхлэн найман хувийн зээл рүү шилжихээр болжээ. Өмнө өндөр хүүтэй орон сууц зээл авсан иргэд автоматаар найман хувийн хүүтэй орон сууцны зээл рүү шилжих боломж бүрдсэн байна. Тиймээс орон сууцны ипотекийн санхүүжилтийг тогтвортой болгох хүрээнд Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурсан. Ингэснээр орон сууцны ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгох зориулалт бүхий зээлийн эх үүсвэрийг Монголбанк гэрээ байгуулсан банкуудад байршуулж байгаа юм.

Иргэд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж дараалал үүсгэн, яарч сандрах хэрэггүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн учраас ирэх жилээс шинэ орон сууцны үнэ буурах төлөвтэй байгаа гэнэ. Барилгын материалын үйлдвэрлэл тогтворжоод, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа сэргээд эхлэхээр зах зээлийн жамаар орон сууцны үнэ буурах төлөвтэй байгааг эдийн засагчид хэлж байна. Ямартай ч иргэдийн нуруун дээрх хүнд ачааг нимэглэх ипотекийн зээлийн хөтөлбөр өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Эхлэл нь зөв тавигдаж байгаа ипотекийн зээлийн төгсгөл нь гэрэл гэгээтэй байгаасай.
 

Х.МАНДАХ