Наадмын наргиа
2015/07/11
Бяцхан наргиа
Билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж: -Та дахиад юм захих уу гэхэд их эрдэмтэн маань: Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг.
Наадмын талбайд зарж байсан хуушуураас авсан нэгэн эр халуун хуушуурыг хоёр алга руугаа ээлжлэн шидэж байсныг харсан найз нь: Чи ингэж байхаар үлээгээд хөргөөч дээ гэхэд нөгөө эр: Үлээхээр хийсчих гээд байх юм байна ш дээ гэж хариулсан гэдэг.
Наадмын талбайд явж байсан нэгэн харамч эр хамт яваа найз нартаа хандан: -За даа, “Хурал олширвол ажил муудсаны шинж, хуушуур элбэгшвэл мах муудсаны шинж” гэдэг байх аа, өвгөн чинь гэртээ очиж хуушуур хийж иднэ дээ хэмээжээ.
“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж “За, хө чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна” гэхэд хариуд нь “Чи битгий донгос. Хэзээ, хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн чавганц ч энд алга байна” хэмээн “томорчээ”. Тухайн үед Мөөеө аваргын “ам”, “аа” хоёрыг хэн ч барьдаггүй байсан гэдэг.
Ж.Мөнхбат, Д.Хадбаатар аварга хоёр хорио тавигдаагүй байхад Төв аймагт тарвагачилж яваад, эргүүлийнхэнд баригджээ. Тэд дөрвөн тарвага агначихсан, дөрвөн шил архитай, олз омог ихтэй явж байж. Мөөеө аварга сэргэлэнтэх санаатай Хадаадаа хандаж “Нөгөө дөрвийнхөө нэгийг аваад ир” гэжээ. (Уг нь архи авчир гэсэн үг) Тэгсэн аварга удаад л байх юм гэнэ. Тэгж, тэгж “Энэ нь ч арай дээр юм уу даа” гэчихсэн хамгийн том тарвагыг сарвайтал бариад ирж гэнэ. Харин энэ нь бүр сайнаар эргэн, бөөн инээдэм болж, эргүүлийнхэн хоёр аваргын хишгээс хүртэж, шийтгэл торгууль гэлгүй яваад өгчээ.
“Муухай” хэмээх начин А.Ганбаатар нэлээд халамцуу “Энэ муу бие чинь төрийн хишиг түмний буянаар Бухар, Алмаз хотод очиж, арьс зүсээр ангид бөхчүүдтэй ана мана үзэлцэж л явлаа” гэж орчлонд байхгүй хотуудыг нэрлэжээ. Уг нь тэрбээр Бухарест, Алма-Ата гэж хэлэх гэсэн бололтой.
-Танай урлагийнхан Б.Сарантуяагаа поп рокын хатан хаан гэлцэх юм. Үндэсний бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга шиг тасархай гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Тэгвэл Т.Ариунаа?
-Спортынхоор бол Д.Мөнх-Эрдэнэ арслан юм уу даа.
Мехикогийн олимпод оролцсон тухайгаа Х.Баянмөнх аварга хуучилж байна.
-Пээ, тэр тугны иш гэдэг нь даагдах аргагүй цул төмөр. Лоом л гэсэн үг. Цэнгэлдэхийн радиогоор “Дэлхийг донсолгосон Чингисийн удмынхан газрын хөрсийг өм цөм гишгэчсээр стадионд орж ирлээ” гэж зарлаад л байсан. Би ч өм цөм гишгээд яваад л байлаа гэжээ.
1990 онд Сонгинын амралтанд наадмын сорилго хийж байсан бөхчүүд жилээ тоолж байж. Баян-Өлгийн харьяат улсын начин харцага О.Бахытаас төрсөн жилийг нь асуутал -Адуун жилтэй гэж. Бөхчүүд ч хөхрөлдөн түүнийг явуулж -”Начин, адуун жил гэж байхгүй морь жил л бий” гэлцсэнд Бахыт -”Адуу, морины хооронд ялгаа байкгүй. Коюуланг нь күн унадаг биз дээ” хэмээн бөөн инээдэм болгожээ.
Баян-Уул амралтаас сорилгод гарсан байсан бөхчүүд дээр хоёр хүн ирж Х.Баянмөнх аваргаар уулзалт яриа хийлгэхээр авч явжээ. Тэр үед цуг сорилгод гараад байсан М.Мөнгөн арслан хамт явна гэж зүтгэжээ. Эцэст нь аварга ганцаараа явахаар болж. Тэгтэл Мөнгөн нь “Аваргаа би туулай жилтэй аймхай хүн шүү” гэхэд буу сумаа түүнд үлдээжээ. Мөнгөн ч хэсэг сайхан унтаад сэртэл бэл дороос аваргын дуу сонсогдон, хоёр компотны лааз хавирчихсан “Мөнгөөн сэрээрэй. Аварга нь ирж байна” гэсээр ирж. Аварга “Муу туулай жилтэй цус чинь айгаад буудчихаж магадгүй” хэмээн болгоомжилсон нь тэр байж л дээ
Арлын Японд алдар суугаа мандуулж яваа манай сумочоос Цэвэгням, Батбаяр хоёр тавин хувийн амжилтаа ч үзүүлж чадалгүй Монголд иржээ. Тэгээд ичсэндээ “Хоёул зүсээ хувилгая” гэж. Цэвэгням үс зүсээ чадлаараа янзлан эмгэн болчихоод гарч ирээд гадаалж байсан эмгэнээс -Эмээ би хэн байна. -Цэвэгням л байна гэж гэнэ. Бушуухан буцаж ороод ганган хүүхэн болж хувираад дахин асуутал -Цэвэгням л байна гэж. Охин, хүүхэн,эмгэн болж хувираад аргаа барсан Цэвэгням -Болъё, яаж ч хувираад хэрэг алга гэтэл өнөөх эмгэн: -Хөөө, би Батбаяр л байна ш дээ, мал аа гэжээ.