“Авилга” хэмээх үл үзэгдэх эрдэмд суралцагсад олширч

Телевизээр хэн нэгний авилга авсан, өгсөн тухай л яригдах юм. Нөгөө ардчилал, шударга ёс хаана байна аа?

Энэхүү гарт баригддаггүй хирнээ хор хөнөөл дагуулсаар л байдаг авилга гэгч нь зөвхөн манай улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудын нэг билээ. Тухайлбал, 2010 оны байдлаар 179 улсын авилгын индексийг авч үзэхэд дундаж авилгаас доогуур буюу таваас эрс бага авилгалын индекстэй 120 орчим улс байгаа нь үүний нэгэн баталгаа болж байна.  Авилга нь зөвхөн ядуу, буурай улс оронд гардаг биш, харин ийм улсуудад гарах боломж илүү өндөр байдаг аж. 

“Авилга гэдгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхгүйгээр илрэх эрхзүйн зөрчлийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг.

Авилга гээчийг сурсан тэд “амташсан хэрээ” гэдэг шиг дахин дахин шунахайрна.  Монголын Засгийн Газар “Авилгын эсрэг хууль батлав” гээд л УИХ-ын дарга нь алх дөшөө нүдээд байсан цаг ердөө л 2006 он шүү дээ. Гэвч тэрхүү хууль нь хаана хэрэгжиж байна вэ? хүмүүс авилга авсаар л .......

Манай улсад авилга аль хэдийнэ газар авч, үүнийг таслан зогсоох цаг нь иржээ хэмээн хэн хүнгүй л хэлэлцэх юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дараах баримтыг дэлгэж байна.  Өнгөрөгч долоо хоногт АТГ-ынхан хэвлэлийнхэнд авилгын хэргээр шалгагдаж буй албан тушаалтнуудын талаар мэдээлэл өгсөн юм. Шалгагдаж буй хүмүүсийн дотор  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Д.Дашдорж, Д.Хаянхярваа нараас гадна УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү, ҮТЕГ-ын хэлтсийн дарга Ч.Гансүх мөн зарим аймгийн Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ.

Эдгээрээс дурьдвал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын хэлснээр “УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ц.Нямдорж гишүүнийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хувьдаа хоёр хаус бариулсныг шалгаж өгөхийг хүссэн аж. Гэхдээ УИХ-ын гишүүний хөрөнгөтэй холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчилсан байдаг гэнэ. Тиймээс тэнд шалгаад, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой юм байна.

Мөн УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг Монгол-Израилийн хамтарсан “Шинэ технологи” компанитай холбоотой гэх зургаан тэрбумын хэргээр АТГ мөн л шалгаж эхэлсэн байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хувьд Дархан-Уул аймгийн XIX тойрогт өнгөрсөн оны сонгуульд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан хэрэгт буруутган, сэжигтнээр татагдсан юм.

Мөн УИХ-ын гишүүний багц хөрөнгөөс тодорхой хувийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх мэдээллийгн дагуу Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Ийнхүү нийгэмд авилга маш алгуурхнаар улам боловсронгуй болон хөгжсөөр. Бүр баяр бахдалтайгаар. Тэд улам өөхөлж, барууны гоё ганган машин техник хөлөглөсөөр...

Тэд энэ байдалдаа ичих ч үгүй зүгээр л байдаг зүйл мэтээр ханддаг нь дэндүү хөөрхийлөлтэй. Тэдэнд ичнэ гэдэг ч гоёдоно. Ичих гэдэг нандин харагддаг.

Харин тэднийг энэ сэнтийд суулгасан иргэдийн амьдрал нэг л хэвээрээ улам ч дордоод байх шиг. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их наран улсын уламжлалт сэтгэлгээ бусдын төлөө, би яахав чи л гэх. Гэтэл манай улсад энэ сэтгэлгээ төлөвших нь бүү хэл  хумхын тоосон төдий ч алга. Зөвхөн би л болж байвал бусад нь яахав гэсэн бодолтой байдаг.

Б.Хорлоо