Талцалгүй Монголын төлөө ажиллана
2013/06/17
-МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллалаа-
Буурлуудад ээлтэй, хүүхэд нялхсад элэгтэй, залууст дэмтэй шинэ Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буй говьсүмбэрчүүд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг халуун сэтгэлээр угтан авлаа.
Хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин бэйлийн хошуу буюу эдүгээгийн говьсүмбэрчүүдэд хөгжин дэвжих ихээхэн боломж буйг нэр дэвшигч онцлон тэмдэглэсэн юм. Үнэхээр ч дэд бүтэц сайтай, олон ач холбогдол бүхий газрын зангилаа болсон Чойр хот, аймгийнхаа төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг Шивээ-Овоо нүүрсний уурхайтай энэ нутгийнхан маш чухал хөгжлийн цэгийн эзэд болоход ойрхон байгаа юм.
Баянтал сумын иргэн А.Өлзийхутаг “Би өмнө нь Ерөнхийлөгчийн бүх сонгуульд саналаа өгч байсан. Энэ удаад бушуухан саналаа өгч,үр дүнг нь үзэх гэж үнэндээ их яарч байна. Би гарцаагүй Б.Бат-Эрдэнэ аваргадаа санал өгнө. Учир нь түүний мөрийн хөтөлбөрт хүчний байгууллагыг улс төрөөс хол байлгах тухай чухал заалт орсон. Шүүх, прокурор дэндүү нэг талыг барьсан шийдвэр гаргаж, улмаар монголчуудаа нам, үзэл бодлоор нь алагчилж, талцуулчих гээд байна шүү дээ. Тиймээс ийм цөвүүн цаг үед яг л аварга шиг хүн үгүйлэгдэж байна. Тэр жинхэнэ эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна” гэж байв. Нэр дэвшигч энэхүү үгийг баталж, говьсүмбэрчүүдтэй уулзалт хийх үеэрээ “Талцалгүй Монголын төлөө ажиллана” хэмээн амлалаа .
Уулзалтын үеэр нэгэн ануухан буурал “Том чулуу гэнэ үү, жижиг чулуу гэнэ үү нэг юм яриад байх болжээ. Утгаа гаргаж ядаад байх шиг. Тэгвэл тогоо даахгүй жижиг чулуу газраа хөөддөг юм шүү дээ” хэмээн ярьсан нь олны анхаарлыг эрхгүй татаж байв.
Уурхайчдын хүнд хөдөлмөрийг хямд үнэлэх ёсгүй
“ ТЭЦ-4”-ийн нийт нүүрсний 50 хувийг Шивээ-Овоогийн уурхайгаас нийлүүлдэг. Мөн аймгийнхаа төсвийн 80 хувийг бүрдүүлдэг. 1990 онд үүдээ нээсэн энэхүү уурхай эдүгээ 500 орчим ажилчинтай. Уурхайн ерөнхий технологич П.Цэндпүрэв ЗХУ-ын цэргийнхний орхиод явсан олон тооны байшингаас засч янзлан, ажилчдаа зээлээр байр олгож эхэлж байгаа сайхан жишээг ярьсаар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг угтсан юм.
Уурхайчдын дундаж цалин одоогоор 700 гаруй мянган төгрөг. Хамгийн хүнд хөдөлмөр эрхэлж, улс орноо гэрэл цахилгаанаар хангахад гол үүрэг гүйцэтгэж буй уурхайчдын цалин хөлс хямд байгааг учирлаж, төрийн тэргүүн болчихвол энэ тал дээр анхаарлаа хандуулахыг тэд хүслээ.
Уурхайчин Д.Алтанхуяг Шивээ -Овоогийн уурхайд 10 гаруй жил ажиллаж байна. Ээж, ахыгаа дагаж уурхайчин болсон түүни й дүү мөн уурхайчин. Гэр бүлээрээ уурхайд зүтгэж, ажлын хүндийг үүрч яваа ийм л хүмүүсийг төр харж үзэх ёстой байтал өнөөг хүртэл цахилгааны үнийг төрөөс хянасаар байгаад уурхайчид сэтгэл дундуур явдаг аж. “Би 10 гаруй жил ажилласан болохоор байрны зээлэнд хамрагдсан ажилчдын тоонд багтсан юм. Сардаа зээлдээ 300 гаруй мянган төгрөг өгчихнө. Тэгээд татвар шимтгэл төлөөд эхнэр, хүүхдээ тэжээгээд явахад амаргүй байх үе бий. Тиймээс цахилгааны үнийг төрөөс барилгүй чөлөөлөхийг уурхайчид хүсч байна” гэж уурхайчдаа төлөөлөн Д.Алтанхуяг ярилаа.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ уурхайд насаараа зүтгэж буй ажилчдаа харж үзэх, тэднийг дэмжих нь төрийн үүрэг гэдгийг уулзалтын үеэр онцолж , төрийн тэргүүнээр сонгогдвол дээрх асуудлуудыг шийдэх боломжтой гэлээ. Үүнийг уурхайчид олзуурхан хүлээн авч, мэргэшсэн хуульч, ард түмэндээ их аварга хэмээн хайрлагдсан түүнийг бүрэн дэмжихээ илэрхийлсэн юм.
Монголын төрд тэнцвэр, түмэн олонд минь эв, дэм их хэрэгтэй байгааг говьсүмбэрчүүд захин бас амжилт хүсэн үдлээ.
Зочин · 2013/06/18
Хөдөө орон нутагт ажиллаж байгаа Удвал сайдын нэр хүнд өсөж байна хамгийн сүүлийн мэдээгээр нэр дэвшигч гурвын рейтингийн судалгаагаар Удвалын нэр хүнд 10 пунктээр буюу 20 хувьд хүртлээ өссөн мэдээ байна нэр хүнд нь сонгуулийн сурталчилгаа эхэлэхэд 10 орчим хувьтай байсан юм