-    Хамгаалагч нэртэй “манаач” нар банкуудыг манадаг уу,
аль эсвэл жолооч нь хамгаалагчын ажлаа давхар хийдэг үү -


Аль ч банк за больё албан байгууллагын хаалгаар ороход ресепшн угтахаасаа илүү хамгаалагч нэртэй өндөр нам, өргөн нарийн хагас жагсаал хувцас өмссөн залуус өөдөөс хөндөлддөг болоод нилээд хэдэн жилийн нүүр үзлээ хөөрхий.

Тэдний хийдэг ажил бол сонин гарчиглаж, үйлчлүүлэгсэд рүү “муухай” харах гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Цэргийн алба хаасан хаагаагүй, дөнгөж 16 хүрсэн хүүхдээс авхуулаад 50, 60 хүрсээн эрчүүд ажил олдохгүйн эрхэнд “хамгаалагч” нэртэй манаачын ажил хийх зарын дагуу ажилд орно. Ажилд орсон ч ээлжийн хүн үгүйгээс өдөр шөнөгүй тулахдаа тулж, өнжихдөө өнжиж алба залгуулна. Мэдээж хүн л юм чинь ядарна, амарна. Амралтыг нь далимдуулсан хэрэг ч гарна.
Үүний нэг жишээ бол өнгөрсөн ням гарагт Дорноговь аймгийн Замын-Үүд дэх “Хадгаламж” банкны салбарыг  дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Дээрэм болох  үед "Хадгаламж" банкинд гурван эмэгтэй ажилтан ажиллаж байсан агаад  бусад салбараасаа мэдээлэл авахаар гаднах хаалгаа онгорхой орхисон байж. Энэ  үед хар малгайг цоолон баг болгож өмссөн эмэгтэй буу  тулган ширээн дээр өрөөстэй байсан мөнгөнөөс 3 сая орчмыг аван  зугтжээ. Тэр өдөр “Хадгаламж” банкны Замын-Үүд дэх салбарын хамгаалагч  амарсан тул оронд нь жолооч нь ажиллаж байжээ. Гэвч жолооч нь ажлаар түр гадагш гарах хооронд дээрэм хийсэн эмэгтэй орж ирсэн байна. Дан ганц Хадгаламж банк ч бус бусад банкуудыг дээрэмдсэн гэх хэргүүд ч хамгаалалттай шууд холбоотой гэж цагдаагийнхан үздэг гэнэ.  Тэгэхээр банкинд итгэж болохгүй хамгаалалт дэндүү сул гэдэг олны үг ортой болж таарлаа.

Энэ хэргээс өмнө Малайзын иргэд ХААН болон Голомт банкны картын машиныг хуурамч картаар дээрэмдсэн хэрэг гарч л байсан. Картын машин байрлах өрөө болон машины дээд талд хяналтын камер байх ёстой гэдэг ч банкныхан мөнгөө хэмнэдэг юм уу юун хяналтын камер зоох. Харин ч бүх л бүтэн салбартаа ээлж солиогүй ганц хоёр хүн л хамгаалагч нэрээр байлгавал их юм. Ер нь банкинд "Хадгаламж", “ХААН” гэх зэрэг банкны аюулгүй байдал, хамгаалалт тун сул байдгийг энэ хэрэг нотолсон ажээ. Өнөөдөр нэг эмэгтэй орж ирээд л дээрэм хийгээд гарч байгаа юм чинь маргааш хэн нэгэн орж ирээд шуудайгаар нь мөнгийг нь дээрэмдээд гарах энүүхэнд болж дээ.