Монголчууд аль ч бөхийн төрөлд, цаашлаад ямар ч спортод дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар байна. Үүний нэг тод жишээ бол сүүлийн хэдэн жилд мэргэжлийн сумод гаргасан Монгол бөхчүүдийн амжилт юм. Арлын Японы сумогийн дэвжээг монголын сумочид эзэгнэж байна. Бахархаж байна.

Сумогийн олон ч амжилт, рекордыг манай бөхчүүд эвдэж ёстой нэг хүч чадал, эр зориг, уран зоримог барилдаанаараа аархаж байна гэхэд буруудахгүй биз ээ. Тэгвэл мэргэжлийн сумод домог болж яваа нэгэн Монгол бөх зодог тайлах тухайгаа мэдэгдлээ. Энэ бол гурван жилийн өмнө буюу 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Түүний энэхүү амжилт сумогийн түүхэнд тэмдэглэгдсэн. Учир нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Кёкүтэнхо шиг олон жил барилдаж, аварга болж байсан бөх байхгүй аж. Тиймээс Японы ард түмэн, хэвлэл мэдээллүүд нэг хэсэг манай бөхийн амжилтыг онцлон шагшин магтаж байлаа. Мэдээж энэ түүхэн амжилт бол түүний уйгагүй, нөр их хөдөлмөрийн үр дүн. Сумогийн дэвжээнд олон жил ийн амжилттай барилдаж яваа тэрээр уржигдар Нагоягийн зуны башё дууссаны дараа зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Сумогийн алтан хараацай

Нямжавын Цэвэгням өдгөө 40 настай. Түүнийг Арлын Японы мэргэжлийн сумод анх зодоглосон алтан хараацайнуудын нэг гэдэг. Анх 1993 онд Н.Цэвэгням аварга болох хүсэл мөрөөдөл сэтгэлдээ тээн Японд хөл тавьжээ. Тэгсэн хэрнээ сумогийн талаар бараг л мэдэхгүй Наритагийн онгоцны буудалд буусан гэдэг. Ингээд Кёкшюүзан Батбаяртай хамт нэг дэвжээнд орж, Ошима дэвжээний бөх болсон байна. Тэр цагаас хойш мэргэжлийн сумод монгол бөхчүүдийн замыг татсан алтан хараацайнууд бол яах аргагүй Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарыг хэлнэ. Тэд Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж, Хакухо М.Даваажаргал гээд үе үеийн аваргуудыг араасаа дагуулж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн сумочид. Монголын сумочид бүгд алтан хараацайнуудын нөлөөгөөр сумод хөл тавьсан байдаг. Арга ч үгүй биз. Залуу бөхчүүдийн итгэл найдвар, үлгэр дуурайл нь шүү дээ, тэд. Тиймээс Кёкшюүзан Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарт дүү бөхчүүд одоо ч ихэд хүндэтгэлтэй хандаж заавар зөвлөгөө авдаг гэсэн.

Хүний нутагт харийн спортод амжилт гаргана гэдэг амаргүй даваа

Кёкүтэнхогийн хувьд үеийнхээ бөхчүүдээс хавьгүй хожуу зодог тайлж байна. Н.Цэвэгням анхныхаа барилдааныг ирсэн жилийнхээ гуравдугаар сард хийж байжээ. Түүнд сумогийн хүнд бэрх бэлтгэл сургуулилт нь хэцүү санагдаж нэг бус удаа нутаг буцах бодол тээж байсан гэдэг. Сумогийн дэвжээнд аварга болно гэж ирсэн хүн чинь Монгол Улсын Элчин сайдын яам руу оргож очоод нутаг буцаж байсан гэнэ. Харин Ошима багш нь Монголд ирж, аргадаж ятган Японд аваачиж байсан тухайгаа Н.Цэвэгням дурсаж байсан удаатай. Ингээд багшаараа аргадуулан байж сумогийн дэвжээнд зодоглож 1998 оны арваннэгдүгээр сард анх удаа макүчи буюу дээд зиндаанд барилджээ. Ингэж л дээд зиндаанд дэвшсэн нь түүнийг сумод эргэлт буцалтгүй амьдралаа зориулахад хүргэсэн байна. Түүнээс хойш тасралтгүй дээд зиндаанд барилдаж озеки Кайогийн дээд зиндаанд 1444 удаа барилдсан рекордыг эвдээд байна. Дээд зиндаанд барилдсан цагаасаа хойш аварга болох юмсан гэсэн бодол түүнийг өдөр шөнөгүй чилээх болж. Бүр аварга болж байна гэж зүүдэлдэг байжээ. Зүүд зөнтэй гэж монголчууд ярьдаг. Н.Цэвэгням үүнд итгэдэг. Хүүхэдтэй болчихоод тэрээр нэг шөнө аварга болчихсон, хүүхдээ өвөр дээрээ суулгаад гэр бүлээрээ зураг татуулж байна гэж зүүдэлжээ. Энэ зүүдний дараахан 2012 оны зуны башёд 38 настайдаа түрүүлж эзэн хааны цомыг авчээ. Түүнийг хувь заяа ивээсэн гэдэг. Учир нь сумогийн дэвжээнд ноёрхож яваа аварга Хакухо Даваажаргал тухайн сард тааруухан барилдсан ч хүчтэй өрсөлдөгчдийг нь өвдөг шороодуулж өгсөн байна. Ингэж тэрээр сумогийн түүхэнд хамгийн ахмад настай түрүү авсан бөх хэмээн тэмдэглэгджээ.

Сумогийн амьд домог

Кёкүтэнхо аварга болчихоод дараагийн сарын башёд 13 удаа унасан цорын ганц бөх. Түүхэнд энэ үйлдлээрээ мөн л тэмдэглэгдсэн. Япончууд ч их шуугисан. Гэхдээ тэрээр ясны бөх гэдгээ харуулж дараагийн хоёр сар нь амжилттай барилдсан. Тиймээс япончууд Кёкүтэнхог сумогийн “Legend” буюу “Домог” хэмээн хүндэлдэг. Үнэндээ домог байхаас ч аргагүй бөх. 1998 оноос хойш сумогийн дээд зиндаанд тасралтгүй барилдаж башёд зодоглосон тоогоороо түүнийг гүйцэх бөх одоохондоо алга. Ингэхдээ дээд зиндаанаас буулгүй барилдсан бөх гэдгийг цохон тэмдэглэмээр байна.

Кёкүтэнхо Н.Цэвэгням: Би зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлнө

Кёкүтэнхо Н.Цэвэгням мэргэжлийн сумод 23 жил зодоглосон. Тэрбээр сүүлийн өдрийн барилдааны дараа нулимс урсган дэвжээнээсээ бууж харагдсан. Сумо сонирхогчдын хувьд үнэхээр харамсалтай мэдээ боловч тэрээр ирээдүйд сумогийн дэвжээнд олон монгол бөхчүүдийн нэрийг гаргах суурийг тавина гэдэгт итгэлтэй байна. Н.Цэвэгням Япон эхнэртэй. Кейко гэдэг. Япон иргэншилтэй учраас тэрээр зодог тайлж “Ошима” дэвжээг өвөлж авах юм байна. Түүнтэй манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг өчигдөр зодог тайлах тухайгаа мэдээлэх үеэр нь ийн сэтгэгдлийг нь хуваалцжээ.

 

-Барилдаанаа нулимстай дуусгасан. Яг тэр агшинд юу бодогдож байсан бэ?

-Эргээд бодоход би сумогийн дэвжээнд 23 жил гаруй барилджээ. Энэ барилдаан хамгийн сүүлчийн, дэвжээн дээрээ дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн дөө.

-Хакухо аварга түрүүлж, хамт алхаж явахад ямар санагдаж байв. Аваргатай юу ярив?

-Манай дэвжээ аваргынхтай нэг гал болдог. Олон жил хамт бэлтгэл сургууль хийж, аваргатай цуг амьдралынхаа багагүй цагийг өнгөрүүлжээ. Өчигдөр аварга шийдвэрлэх барилдаантай байсан учир нүдээрээ хоёулаа дохилцоод өнгөрсөн. Аваргыг харахаар л цээжин дээр нэг юм тээглээд байсан. Аварга гарыг минь бариад л олон жил та хичээсэн шүү гээд нүдээрээ хэлэх шиг болсон. Аваргатай хамт туг барьж, ялалтын парадад цуг суугаад явахад үнэхээр сэтгэл их хөдөлж, баярлан бахдах сэтгэл төрж байсан.

-Танд одоо юу бодогдож байна вэ?

-Өнөөдөржингөө (өчигдөр. сур) сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөөд тун завгүй л байна. Дөчин нас хүртлээ барилдаж болдог юм байна гэдгийг залуу үеийнхэндээ харууллаа гэж бодож байна. Их л олон юм бодогдож байна даа.

-Цаашид та юу хийх вэ?

-Одоо хоёр жил гаруй “Ошима” дэвжээнийхээ туслах багш хийнэ. Ирээдүйд дэвжээгээ өвлөн авч ояаката болно доо. Тэр хүртэл суралцах зүйл их байна.

-Үсээ авахуулах ёслолын өдрөө товлов уу?

-Ирэх жилийн тавдугаар сард хийхээр ярьж байна.

-Таны тухай ном гарах гэж байгаа гэл үү?

-Тийм ээ. “Бейсбол” хэвлэлийн газраас “Кёкүтэнхогийн намтар” хэмээх ном удахгүй энэ оны есдүгээр сард хэвлэгдэн гарна.

 

Д.Даваасүрэн

Эх сурвалж     http://www.dnn.mn