Алдарт "Гамлет" жүжиг англи хэлээр тавигдана
2015/07/30
Улсын Драмын Эрдмийн Театрт Лондон хотын “Shakespeares`s Globe” театрын 16 уран бүтээлч ирэх наймдугаар сарын 12-нд дэлхийн сонгодог бүтээл Гамлет жүжгийг шинэчилсэн найруулгатайгаар толилуулна.
ЮНЕСКО-гийн ивээл дор нэрт жүжгийн зохиолч Уйльям Шекспирийн мэндэлсний 450 жилийн ойн хүрээнд дэлхийн 205 орныг хамарсан аялан тоглолт зохион байгуулагдаж байгаа билээ. Уг жүжиг анх 1601 онд Globe театрын тайзнаа тавигдаж байсан бол 2015 онд тус театрын уран бүтээлчид монголын үзэгчдэд зориулан тоглох гэж байна. Уйльям Шекспирээр овоглодог Globe театрын түүхэн дэх анхны том аялан тоглолт нь одоогоор дэлхийн 115 оронд хүрч тоглоод байгаа аж.
Шекспир амьдралынхаа турш нийт 37 жүжгийн зохиол туурвисан ба тэрбээр 37 настайдаа Гамлет зохиолоо бичжээ. Монгол улс Гамлет жүжгийг анх 1980 онд С.Галсанжавын найруулгаар УДЭТ-ийн тайзнаа тавьж, түүнээс хойш 32 жилийн дараа найруулагч Н.Наранбаатарын найруулгаар дахин үзэгчдийн хүртээл болсон байдаг. Данийн хунтайж Гамлетийн тухай өгүүлдэг энэхүү жүжиг нь найруулагч, жүжигчдийн чадал чансаа, авъяасыг сорьдог сор бүтээл төдийгүй тус жүжгийг амилуулах дүрд сонгогдох нь хэн бүрт олддоггүй нэр хүндтэй, алтан боломж юм.
Дэлхийн сонгодог жүжгийн охь бүтээлийг Шекспирийн Globe театрын жүжигчид англи хэл дээр Монголын үзэгчдэд зориулж тоглох гэж байгаа нь сонгодог урлагт дурладаг үзэгчдэд онцгой бэлэг байх нь гарцаагүй биз ээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929 дугаараас лавлана уу!