“Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жинжиймаа” гэсэн киног дурьдахад л хэний тухай өгүүлэх гэж буйг минь төвөггүй мэдэх бизээ. Мэдээж  энэ эрхэм бол МУГЖ, жүжигчин Н.Батцэцэг юм.

Тэрбээр  нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Эх бүрдийн домог”-т тоглож урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 2000 онд “Хааны сүүлчийн хатан” кинонд АЖ Б.Дамчаагийн хамтаар тоглож, Гэнэнпил хатны дүрийг амилуулсан юм.

            Түүний тоглосон “Жинжиймаа” кино хүний сэтгэлийн нандин утсыг хөндсөн, хүн бүрийн нүдэнд нулимс хуруулсан гайхалтай бүтээл байлаа. Хүн бүр л амандаа дууг нь аялж нэгэн үе Жинжиймаагаар амьсгалсан гэхэд хилсдэхгүй.  Тэрчлэн эх үрийн нандин холбоог харуулсан “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий ” кинонд өөрийн хүүтэйгээ хамтарч тоглосон байдаг.  

            Түүний нөхөр найруулагч О.Машбат. Тэд хамтдаа “Монголжин” студийг байгуулж кино урлагт тодоор бичигдэх хэд хэдэн сайхан уран бүтээлийг амилуулсан юм. Тэдгээрээс “Сийлэн бөөр”, “Хэен хуар”, “Вансэмбэрүү” зэргийг нэрлэж болно.

            Найруулагч О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар ханилаад хоёр хүүтэй болсон бөгөөд одоо хөвгүүд нь АНУ-д “Mashbat Brothers Film”-ыг байгуулан уран бүтээл хийж яваа. Ингээд уран бүтээлч гэр бүлдээ аз жаргал сайн сайханыг хүсье.                 

Б.Хорлоо