ЗХУ-ын үед Свердловск аж үйлдвэрийн хаалттай том хот байлаа. 1990-ээд оноос энэ хот дээрэмчин дарамтлагчдаараа алдаршив. Энэ бол хаалттай хот Свердловск эртний Екатеринбург нэрээ сэргээн хэрэглэж, Уралын хөгжлийн нээлттэй төв болохын өмнөх завсрын үеийн бараан дүр зураг юм. Энэ хотын зохиолч Алексей Ивановын дээрх сэдвээр бичсэн цувралыг duuren.mn уншигчдадаа хүргэж байна.


2

Зохион байгуулалттай гэст хэргийн бүлэглэл (ЗБГХБ) “Уралмаш”-д хамаарагсдад Москвагийн сэтгүүлч Сергей Мостовщиков “алхдаг эксковаторын хүүхдүүд” гэдэг сайхан тодорхойлолт бодож олсон билээ. 1990-ээд оны дундуур уралмашийнхан Ёбургийг эзэрхийлж, дайснуудаа бараг бүгдийг нь буудан алж, дэлбэлж, сэтгэл зүйн хувьд нухчин дараад ялагдагсдын бизнесийг булаан авсан юм.

i_023Гэвч бүлэглэлийн толгойлогч Александр Хабаров төр улс хүчирхэгжиж байна, өмчийг булаах дээрэмдэх замаар олох нь тийм ч таатай биш гэдгийг сайн ойлгож байлаа. Гэмт бүлэглэлүүдийн тулаан дунд эргэлдэж байгаад “Уралмаш” хувьчлалаас хоцорчихлоо гэж Хабаров үглэдэг байв. Тэгэхээр “алхдаг эксковаторын хүүхдүүд”-эд байгууллагуудыг уулгалан эзлэснээр хурдтай хөрөнгөжих ганц арга л үлджээ.

“Уралмаш”-д саад байсангүй. Нэгдүгээрт, тэдэнтэй маргахаас айцгаана. Цээжиндээ гранатомётоор нүхлүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ? Хоёрдугаарт, “Уралмаш” бүлэглэл маш том дундын сантай. Цуу яриагаар бол мужийн төсөвтэй тэнцдэг. “Уралмаш” амжилттай ажиллаж байгаа байгууллагуудыг хайрлах сэтгэлгүй дээрэмчид мэт уулгалан эзэлнэ. Гэхдээ олзоо хоослохын оронд джндын сангаасаа нэмж хөрөнгө оруулалт хийдэг байлаа.

Энэ нь гайхаш төрүүлнэ. “Уралмаш” үйлдвэрийг авсалсангүй, харин ч бэхжихэд нь тусалж, зээл өгч, хамгаалж, тэр битгий хэл татвараа өгч чадахаар чөмөг суутал нь татвараас чөлөөлөх нь  ч байлаа. Алсын хараатай Хабаров сүүтэй үнээгээ алж идсэнгүй, алтан өндөг гаргадаг тахиануудынхаа хүзүүг хуга мушгисангүй. 1990-ээд оны хоёрдугаар хагаст ЗБГХБ-д 2 мянга орчим хүн тогтвортой ажиллаж байсан нь дандаа калашниковын автомат үүрсэн хоолой огтлогчид биш, тэдэнд дунд хуульч, эдийн засагч, менежерүүд бас байсан юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол  “Уралмаш”-ийн мөнгөөр 12 банк байгуулагдсан байдаг. Тэдгээр банк ЗБГХБ-ийн үйл ажиллагааг санхүүжүүлж, ашгийг нь угаана. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр “Уралмаш” муж болоод хотын том жижиг 140-600 байгууллага, аж ахуйг хянадаг байв. Тэдгээрийн дунд Первоуральск, Северийн төмөр хоолойн үйлдвэр, Екатеринбургийн буудлууд, нефть боловсруулах үйлдвэрүүд (“Уралмаш” Газрын дундад тэнгист өөрийн нефть тээвэрлэгчтэй гэлцдэг байв), Ирбитийн шилний үйлдвэр, Тавдагийн спиртийн үйлдвэр, Екатеринбург, Каменскийн дарсны үйлдвэрүүд байлаа. Бүлэглэлийн толгойлогч болгон 20-30 бизнес эзэмшинэ.

“Уралмаш” пуужингийн анги шиг дайнд ямагт бэлэн байв.  Сонгосон объектоо илрүүлэгч, хүчнийхэн болоод дарга түшмэлүүдийн яриаг  сонсогч төхөөрөмжүүд, дотоод холбооны хэрэгсэл бүхий техникийн жигдэрсэн албатай. Зэр зэвсэг зэвэрч хэвтсэнгүй. Бүлэглэл дотооддоо хатуу сахилга баттай, бүх зүйл санхүүгийн нарийн тооцоо хяналттай.

ЗБГХБ-ийн эрүүгийн гэмт хэргийн тоо тасралтгүй буурсаар байлаа. “Уралмаш” эр бярын хүчирхийллээсэдийн засгийн хүчирхийлэл рүү шилжлээ.

1990-ээд оны эхнээс л “Уралмаш” ЗБГНБ-ийн хаалт хамгаалалт нь мужийн дотоод хэргийн газрын дарга, генерал Валерий Краев байсан гэдэг. Краевт болохоор Россель (мужийн амбан захирагч –Орч.)итгэдэг байлаа. 1990-ээд оны дундаас генералыг авмомашины зогсоол, загасны дэлгүүр зэрэг бизнестэй боллоо гэх хов үг цухалзах болжээ.


1998 онд генерал Краев хотын дарга, мужийн захирагч хоёрын дунд дэгдсэн дайны улмаас алх дөшний завсарт хавчуулагдана. Есдүгээр сард генерал өөрийнхөө 50 насны ойг Сочи дахь зуслангийн байранд хийнэ. Чернецкий (Тэр үеийн Екатеринбург хотын дарга –Орч.) түүнд баяр хүргэхээр ирэх бөгөөд дараа нь Оросын засгийн газар ойн ёслолын дүрс бичлэгтэй хуурцаг хүлээн авна. Тэр ойн баяр дээр онцгой юм байсангүй. Найз дээрэмчид нь байсангүй, учиргүй тансагласангүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл ДЯЯ-ны удирдлагуудыг сүрхий түгшээнэ. 1999 оны гуравдугаар сард бичлэгтэй хуурцагны дуулианы дараа генерал Валерий Краевыг Москва руу шилжүүлнэ.  Нэр хүнд нь сэвтсэн авлигачид ахадсан алба болох Гүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын орлогч даргаар  тэр томилогдоно.


“Уралмаш”-ийн дайсан нь бүс нутгийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Василий Руденко байлаа. Тэрээр тэдэнтэй улайран тэмцдэг байв. Тэглээ гээд жинхэнэ эр цэрэг гэж түүнийг хэлж болохгүй. Яагаад гэвэл Руденко бас нэгэн дээрэмчин Павел Фёдулевыг улайран хамгаалагч байв.


1998 онд Фёдулев Тавдагийн спиртний үйлдвэрээс болоод “Уралмаш”-тай заамдалцана. Энд Руденкогийн ажилтнууд Краевын тусгайгийнхантай үзэлцэнэ. Энэ нь их муухай харгадсанаас болоод Руденког Краевтай бараг зэрэг шахам Москва руу татна. Гэхдээ ЗБГХ-тэй тэмцэх газрын дарга  уралмашийн алдарт дээрэмчдийг ялчихаад явна.


Харин Александр Хабаров бүлэглэлээ санхүү-үйлдвэрлэлийн эерэг дүртэй корпорац болгохоор зүтгэлээ. ЗБГХБ-ийн удирдлагууд ч гэсэн өөрийгөө боловсруулахад дээрэмчдийн “ялах ухаан” болсон “Загалмайлсан эцэг” хангалтгүй гэдгийг ойлгоно. Бизнесээ хууль ёсны болгох хэрэгтэй. Хүн төрх хэрэгтэй. Бүлэглэл бригадын дарга нарынхаа сурч боловсроход   зориулж “Британника” нэвтэрхий толийн бүх ботийг хүн бүрийн тоогоор  захиалталзахиалгаа хайхрамжгүй бөглөсний улмаас Ёбургад баахан англи хэл дээрх ном ачсан бүхээгтэй тэрэг ирсэн тохиолдол ч гарч байв. Тэр цагаас хойш “Уралмаш” ЗБГХБ-ийн бүх оффист алдартай нэвтэрхий толь бүхий шилэн нүүртэй шүүгээнүүд хүмүүсийн нүдийг бүлтийлгэх болсон билээ.

i_087Хабаров олон нийтийн сэтгэлзүйд “Уралмаш” бүлэглэл бүс нутгийн удирдлагад төлөөлдөг гэсэн ойлголт суулгахаар бэлтгэлээ. 1995 оны мужийн захирагчийн сонгуульд “Уралмаш” нэр дэвшигч Росселийг дэмжиж байна гэж хотын сонгогчид ямар нэг байдлаар мэдсэн байв.  Россель тэмцэлд хамжаас болооч  гэж дээрэмчдээс гуйгаагүй нь мэдээж. Мужийн захирагчийн сонгуульд нэг номероор нэр дэвшиж байгаа хүн ЗБГХБ-тэй хамжина гэвэл тэнцвэргүй дурлал болохсон билээ. Угийн шаргуу “Уралмаш” 1996 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ельцинийг ил тод дэмжлээ.

Дараа нь тооцоо сайтай Хабаров бүлэглэлийн төлөөлөгчдийг бүх засаглал, бүх сонгуульт албан тушаал руу зүтгүүллээ. Савхин хүрэмтэй “торпедууд” Уралмашийн байрнуудын орцоор хэсч, айлууд руу утасдан сонгуульд саналаа өгөхөө мартахгүй байхыг эелдгээр хүсэцгээдэг байсан гэдэг. Тэдний эелдэг байдал нь оршин суугчдыг ямар ч заналхийллээс илүү айлгана. ЗБГХБ-ийн “Мерседес”-үүд ирц бүрдүүлэхийн тулд санал хураах байранд тэнэмэлүүдийг зөөн авчирна. Мужийн болоод хотын засаг захиргаанд хүчирхэг “Уралмашийн лобби” бий болов.


1998 оны нэгдүгээр сарын 14-нд Росселийн амь насанд халдсан хачирхалтай явдал тохионо. Малый Истокоос түүний тэрэг Ёбургийн зүг хурдтай давхиж байтал тойрог дээр гэнэтхэн бөмбөг дэлбэрсэн ч хохиролгүй өнгөрнө.

Мөрдөгчид хэргийн газраас ачааны машины тэвш дүүрэн цас ачиж авчирсан нь Дотоодыг хамгаалахын тусгай усан санд хоёр өдөр хайлна. Дараа нь шинжээчид усан сангийн ёроолоос тэсрэх төхөөрөмжийн үлдэгдлийг хаман авч шинжлээд алах биш айлгах зорилготойгоор хийсэн тэсрэх төхөөрөмж гэдгийг ойлгоно. Авир муут “Уралмаш” хэн нь гэрийн эзэн бэ гэдгийг санаж байг гэж дээрэмчний аврага нудрагаар заналхийлсэн гэж цагдаагийн газар зарлана. Хэрэг дээрээ хэн нь тэсрэх бөмбөг тавьсан нь нууц хэвээр үлдэнэ.

Харин Александр Хабаров болохоор “халуурал ихт ерээд он”-ы сүүлээр Төрийн думын сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Эрсдлээс зайлсхийхийн тулд  таван сулхан нэр дэвшигч зориуд бэлтгээд өөрийгөө болохоор “Бүхний танил хүн” гэж сурталчлав. ЗБГХ-тэй тэмцэх хэлтсийн дарга Василий Руденко зурагтаар мужийн нийт сонгогчдод хандан “уралмаш”-ынхны төлөө саналаа өгөхгүй байхыг уриална. Хабаров Төрийн думын гишүүн болж чадахгүй.