Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой өнөөдөр “UB palace”-д уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар оролцон дэмжиж үг хэлэв.

С.Эрдэнэ хэлэхдээ “Ардчилсан хувьсгалын эхнээс биднийг зоригжуулж, манлайлж явсан цөөн хэдэн хүний нэг бол Ц.Элбэгдорж. Тэр үед бид зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй байсан. Бас зөв гэдгийг нь өнөөдрийн хүрсэн амжилт ололт ч харуулж байна. Баянголчууд олон сонгуулиар ардчиллынхныг голлон сонгож ирсэн. Одоо ч тийм сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна” гээд одоогийн Ерөнхийлөгч шиг авлигатай тэмцсэн Ерөнхийлөгч Монгол Улсад байгаагүйг онцлон тэмдэглэсэн юм.
Гэрээ засч чадаж байгаа бүсгүйчүүд улс орноо аваад явж чадна хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын индрээс нэгэнтээ хэлж, эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд ажиллуулах, нэр дэвшүүлж сонгох ажлыг дэмжсэн билээ. Түүний үр дүнд одоогийн УИХ олон эмэгтэй төлөөлөлтэй болсон. Тэдний нэг С.Одонтуяа “24 жил улс төрд зүтгэхдээ болд мэт хатуужин хэрсүүжсэн хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тиймээс тэр төрийн албан хаагчдын ажиллах тав тухыг хангахад их хөрөнгө зардагт шүүмжлэлтэй хандаж, хөрөнгө оруулалтын бодлогыг тухайн нэгжид оршин сууж байгаа хүн амын тоотой уялдуулж шийдвэрлэхийг дэмжиж ажиллахаа хөтөлбөртөө тусгасан гэдгийг цохон дурдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин дэмжихийг баянголчууддаа уриаллаа.
 
 
 
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ “Ардчилсан Ерөнхийлөгч сайн ажилласан. Тэр хэлснээ хийж чадсан Ерөнхийлөгч байсан. Түүнийг хэн дахин сонгож чадах вэ гэвэл та нар чадна” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын аюулгүй байдлыг олон улсын түвшинд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн цөмийн зэвсэг бүхий таван том гүрнээр тунхаглалд гарын үсэг зуруулан баталгаажуулж чадсан. Энэ бол Монголын үе үеийн төр тэргүүлж байсан хүмүүсийн мөрөөдөл л байсан юм хэмээн Р.Гончигдорж хэлээд сэтгэл, мэдлэг, зүтгэл гурав зэрэгцсэн Ерөнхийлөгчдөө сүүн цацал өргөж, итгэлийн саналаа өгөөрэй хэмээв.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэд та бүхэн түүхэн чухал сонголтын өмнө тулж ирээд байна хэмээгээд “Бид Засгийн эрхийг аваад арваадхан сар ажиллаж байна. Энэ богино хугацаанд ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, бүтээн байгуулалтыг өрнүүлэх, авлигын эсрэг тэмцэх ажлыг гар нийлэн хийж чадлаа. Ард түмнийхээ ачааг ч бууруулж ажиллалаа. 200 мянган төгрөгт хүрсэн нүүрсийг 80 мянга болгож буулгаж чадлаа. Яавал нэг орон сууцтай болно доо гэсэн ард иргэдийнхээ мөрөөдлийг боломж болгож бас чадлаа. Хүнд суртлыг арилгах, бүтээн байгуулах боломжийг анх удаа бид бүрдүүллээ. Одоо энэ эрчээрээ явахад хамгийн чухал үүрэгтэй ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжижцгээе” гэлээ.
 
 
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж 24 жил ардчиллыг дэмжиж ирсэн баянголчууддаа баярласнаа илэрхийлээд “Би бол өнгөрсөн хугацаанд та бүхний өсгөсөн хүү юм. Өсгөсөн хүүдээ хүн итгэдэг шиг та бүхэн надад итгээрэй.
Бид илүү эрчтэй, илүү хурдтай хөгжих хэрэгтэй байна. Зуун жилийн өмнөх зарим зүйл өнөөдөр ч хэвээрээ байна. Алийн болгон гаднаа дүүрэн түлээтэй атлаа бусдаас түлш гуйдаг айл шиг байх юм бэ? Зарим орон нүүрснээс 16 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Тэгвэл бид ядахдаа нүүрснээсээ өөрийн хэрэгцээт шатахууныг гаргадаг болъё л доо. Ингэхэд улс орны амьдрал, өрх бүрийн амьдрал дээшилнэ. Төмөр замаа шинэчлэн хос болгочихвол Монголын эдийн засаг 10 дахин өснө. Гадаадынхан Монголыг цахилгааны диваажин байх ёстой гэж ярьж байна. Гэтэл бид оросоос сая сая доллараар цахилгаан худалдаж авч байна. Уг нь Таван толгой, Багануур, Шивээ-Овоо, Хөшөөт, Дорнодод нүүрснийхээ уурхайны аман дээр цахилгаан станц байгуулчихвал цахилгааны үнэ эрс буурна. Эдийн засаг эрс хурдтай босно.
 
Монгол Улсад тогтвортой хөгжил хэрэгтэй байна. Очирбат Ерөнхийлөгчийн үед, миний Ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилд нэг ч Засгийн газар огцроогүй. Хэрэв Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь бие биедээ тэмээ гэхээр ямаа гэдэг шиг юм яриад байвал тогтвортой байдал үгүй болдог. Засгийн газар огцордог. Ингэвэл Ерөнхий сайдаа томилох гэж 1 сар, танхимаа бүрдүүлэх гэж 3 сар, сайд нар нь ажилтайгаа танилцах гэж 1 жил алддаг юм. Би авлигатай тэмцэнэ гээд огцорч байсан Ерөнхий сайдын хувьд мэдэж байна. Хоёр ч удаа Ерөнхий сайдаас огцроход  минь ард түмэн маань түшиж авсан, тэр ч байтугай төрийнхөө тэргүүнээр сонгосон юм. Тиймээс би ард түмнийхээ төлөө зүтгэх учиртай хүн.
 
 
 
 
Баянголд өнгөрсөн 4 жилийнхтэй тэнцэх төсөв өнөө жил тусгасан байгаа. 96,6 тэрбум төгрөг. Цэцэрлэг, бага сургууль 11-ийг барина. Нийслэлийн засч сайжруулж буй 33 уулзварын 17 нь Баянголынх. Долоо хоногт нэг уулзвар шинэчлэн хүлээлгэж өгч байна. 75 орон сууцны дээврийг шинэчилж байна. Бас гэр хороололдоо дахин төлөвлөлт хийж байна. Цаашдаа дүүргүүд хот болно. Баянгол хот өөрийн дүүргүүдтэй болно. Баянгол дүүргийн орон нутгийг хөгжүүлэх санд 2.8 тэрбум төгрөг хуваарилсан байна. Гэтэл хөдөө хуучны нэг сангийн аж ахуйд 2.6 тэрбум төгрөг хуваарилжээ. Говийн нэг аймгаас 4 дахин бага мөнгийг 192 000 хүнтэй энэ дүүрэгт хуваарилсан нь шударга биш юм. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүн амын тоогоор нь хуваарилдаг болно. Тэгвэл Баянгол дүүрэгт 28 тэрбум төгрөг хуваарилагдаж, танигдахгүй болтлоо хөгжинө биз дээ. Сүхбаатар аймаг гэр хороололдоо хэдэн давхар орон сууц, цэцэрлэг бариад хүүхдийн тоглоомын талбай байгуулж тохижуулсан байсан. Бүх аймгийн төвийг тийм болгоно. Ийм их бүтээн байгуулалтыг зогсоож болохгүй. Төв аймагт 6000 айлын орон сууц барих гэж байна. Цаахан талд нь олон мянган хүнтэй шинэ хот, олон улсын нисэх онгоцны буудал босох гэж байна. Энэ бүхнийг бүтээн байгуулалт гэхгүй юм бол өөр юуг бүтээн байгуулалт гэх юм бэ.
 
 
 
 
Авлигачдын нурууг бөхийлгөнө гэж би хэлсэн. Энэ ажлаа хийж байгаа. Гэхдээ шударга ёс тогтоох ажлыг эхлээд орхиж болдоггүй юм. Байнга хусч байхгүй бол мөөгөнцөр шиг ургаад гарч ирээд байдаг. Төсвийн мөнгөөр дотооддоо хийж болдог нэг ч бүтээгдэхүүн авахгүй. Ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж би хэлсэн. Хууль, шүүхийн шинэчлэлийн хүрээнд санаачилсан хуулиудын эхний багц батлагдан хэрэгжиж байна. Тэдгээрийн нэг эвлэрүүлэн зуучлах хуулиар хэрэг маргааны 40 хувь нь зохицуулагддаг боллоо. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч шүүгчтэй адил таслах эрхтэй орж байна. Иргэд төсвөө хэлэлцэж, юунд зарцуулахаа шийддэг болж байна. Энэ бүхэн иргэдийн нурууг тэнийлгэж байгаа.
 
Шинэ шинэ бүтээн байгуулалт, өөрчлөлтийн төлөө би ажиллах болно. Иргэдээ ялгаваргүй төлөөлөх болно. Дөнгөж сая надад нэг мессеж ирсэн байна. Гар дээрээс жижигхэн зүйл борлуулж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл цагдаа хориглоод хөөгөөд байна гэжээ. Битгий хөөгөөрэй, харин ажиллах, худалдаа эрхлэх боломжийг нь сайжруулаад өг л дөө. Та бүхнийхээ өмнөөс би чанга дуугарч чадна. Харин нэг зүйлийг гуйя. Намайг 6 дугаар сарын 26-нд нэг өдөр дэмжээрэй. Би 4 жил та нарынхаа төлөө, та нарыг дэмжиж ажиллах болно” гэлээ.
Баянголчууд “UB palace”-ын их танхимын 3000 суудлыг дүүргэж, бас гадаа олон сандал тавин сууж, байн байн алга нижигнүүлэн ташиж, ардчилсан Ерөнхийлөгчөө, дахин нэр дэвшигчээ дэмжиж байлаа.

Н.Мөнх-Ялалт