Зүүний сүвэгч шиг гэрэл
2015/08/06
Болгоомжгүйгээсээ гэмтэн болж хоригдсон өрөө нь ямар ч цонхгүй хав харанхуй, хааш хаашаа 2,5 метр талбай, алганы хэмжээтэй зузаан хаалга, хаагдсан хойно нь нүдэнд өртөх төдий зүүний сүвэгч шиг зурвасхан гэрэл.
Тэр өчүүхэн өрөөний цементэн шалан дээр хааш яайшхан хаясан нимгэхэн гудас түүний хэвтэж амрах орон зай. Хоёр өвдгөө нийлүүлэн ороосон гараа салаавчлан суухдаа тэрээр зүүний сүвэгч шиг зурвасхан гэрлээс нүд салгахгүй. Тэр зурвасхан гэрэл л түүний амьд байх, амьдрах итгэл найдвар болон түүнд хань болох. "Юу болоод өнгөрсөн, яг л шувуу шиг нисч явсан эрх чөлөөг нь яагаад энэ л орон зайд боомилон хязгаарлах болсныг" тэрээр санаж сэргээж, ухаарч ойлгох гэвч уураг тархи нь тийм боломж олгохгүй. Чих нь шуугиж, ухаан санаагаа тогтоох гэж хичээх тусам согтуу мэт дайвалзан, гар нь салганан чичирч, айж тэвдсэндээ зүрх нь хэмжээнээсээ хурдсан цохилох аж. "Яагаад?" гэж өөрөөсөө мянгантаа асуух авч, айдас нь түүний хариуг харанхуйн дунд уусган холдуулна. Айдсаар хучсан түнэр харанхуй дахь итгэл найдвар нь мөнөөх алганы хэмжээтэй зузаан хаалганы нугасан завсраар тусах зурвасхан гэрэл. Иймхэн зурвасхан гэрэл амьд байх, амьдрах хүслийн хөтөч болно гэдгийг түм буман сацрагаар гэрэл түгээх нарны гялбам туяан дор анзааргагүй амьдарч явах үедээ санаж байсангүй. Хүн гэдэг дэндүү анзааргагүй аж. Хаалга чихран онгойх хахирган чимээ, харгалзагч түүнийг дуудан өрөөнөөс нь гарган хана руу харуулан зогсоож, ихэмсэгхэн нь аргагүй хаалгыг цоожлон түүнийг байцаагчийн өрөө рүү туун одох мөч. Бүдэгхэн хонгилоор гараа ардаа авч урд нь алхахдаа харгалзагчийн тухай "хөөрхий дөө эрх чөлөөгөө огтоос мэдрэхгүй байгаа "тэнэгдүүхэн бардам араншинг өрөвдөн бодно. Байцаагчийн нэвт ширтсэн харцан дор асуусан асуултанд нь маанагдуу ч юм шиг хайнгахан хариулахдаа цонх руу ширтэн, амьдралын олон урсгал дунд хөвөх хүмүүсийн араншинг атаархангуй ажна. Тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө кило гурил авч торондоо хийн алхах хижээл насны эр, уур уцаараа хүүхдүүддээ гарган гараас нь байнга дугтчиж, хааяадаа уур уцаарын шалтгаан нь болсон эр нөхөр рүүгээ цухалдуухан хяламхийх бүсгүй, хичээлээ тасалсан бололтой бие биесээ дэгээдэн гүйлдэх дүрсгүйчүүд, өчигдөржингөө "савж" шартсан нэгний хэн нэгнээс "мөнгө салгачих" санаатай шаналангүй царай, моддын мөчир дээр өглөөний наранд зүүрмэглэн суусан шувуудыг дэрхийн үргэтэл нисгэх аальгүй инээдийн эзэд борхон бүсгүйчүүд. Хоригдож хязгаарлагдсан "эрх чөлөө" ний тухай ямар ч төсөөлөлгүй тэдэнд би сэтгэл дотроо атаархаж сууна. Хүмүүс зовлон жаргалын дунд савлах хязгааргүй эрх чөлөөнийхөө үнэ цэнийг огт мэддэггүй аж. Байцаагчийн толгой дээгүүр хараачлахуйяа уулсын оройг ороосон манан тэнгэртээ уусч, моддын навчинд шүүдрийн дуслууд бөнжигнөх нь харагдах мэт. Санаа алдах дор тэр л шүүдрийн дусал нь миний нулимсыг орлон газарт уусах мэт. Харуусал тээсэн амьсгал минь уулсын оройд түр саатан миний сэтгэлийн гунигийг тэнгэрт хөөргөн нарны сацраг дор учирлах мэт. Тэд бүгдээрээ уусан сүлэлдэж миний сэтгэлийн шаналлыг хуваалцан, намайг аргадах мэт. Тэр мөчид би зөвхөн өөртөө амьд байхын утга учир, амьдралын үнэ цэнийг зүрхэндээ мэдэрч өөрийн зүрхээ өөртөө аргадан бүүвэйлнэ, бас учирлана. Хичнээн жил дураараа амьдарсан араншин, зоргоороо авирласан тавилан нэг л өдөр хумигдан өөрийн эрхээр бус хүний хяналт дор хязгаарлагдах гэдэг даанч хэцүү. Байцаагчийн өрөөнөөс харгалзагчид туугдан тарчлаан болсон өрөө рүүгээ гараа ардаа аван алхахдаа эрх чөлөөнийхөө хязгаарыг мэдэрдэг. Мөнөөх л өрөөндөө орж алгын чинээ зузаан хаалга миний сэтгэл шиг гаслан хяхарч хаагдахад, нимгэхэн гудсан дээрээ тэмтчин өвдгөө нийлүүлэн гараа салаавчлан суухдаа хаагдсан хаалганы зүүний сүвэгч шиг зурвасхан гэрэл рүү хараа билчээнэ. Тэр зурвасхан гэрэл ямар их итгэл найдвар, амьдралын минь гэрэл гэгээ болохыг би тэгэхэд л ойлгосон юм даа. Тэр зурвасхан гэрэл үгүй болоход миний итгэл найдвар бүхэн үгүй болдог сон. Хүмүүний амьдралд нарны түм, бум, живаа сацраг шиг уусал байхад бид энэхүү хурц гэрэл дунд өөрсдийн эрх чөлөө, хэм хэмжээний хязгаараа мэдэрдэггүй. Амьдралд элдэв зовлон шаналал, тэвчих аргагүй гуниг тохиолдоход эрх чөлөө минь тэртээх уулсын өндөрлөг рүү намайг хөтлөн аваачдаг, ургамал халиурсан тал руу алхуулдаг, хөл дороос эрвэгэнүүлсэн усан дундуур гүйлгүүлдэг, шатам халуу дүүгсэн элсэн дундуур харайлгуулдаг. Сэтгэлийг минь хөглөсөн баяр баясгалангаа би оршин буй байгаль дундаа асгадаг, хайран дундаа согтохдоо би тэнгэр рүү гараа алдлан хашгирдаг, дэндүү их аз жаргалаа тал дүүрэн асгарсан цэцэгсийн дунд хөрвөөн байж тараадаг. Зовлонд унаж эрх чөлөөгөө хумиулахдаа зузаан хаалганы завсраар тусах зүүний сүвэгч шиг зурвасхан гэрэл дунд аз жаргалаа мэдэрнэ. Өөрийн сэтгэл дэх шаналлаа умартаж, тэсч үлдсэний төлөөх итгэл найдварыг тэр л зурвас гэрэл надад өгдөг юм. "Яагаад ч юм бэ?" тэр л зурвасхан гэрэл бидний амьдралд хөтөч болдог гэхээр, бид өөрсдөө аугаа ч юм шиг хэрнээ өчүүхэн, бас өчүүхэн юм шиг гэхээр дэндүү аугаа юм шиг. Хүний сэтгэлийн эрх чөлөө гэдэг алганы чинээ зузаан хаалганы тэртээд тусах зурвасхан гэрэл, асгарч халиад талд цацах цэцэгсийн дэлбээ. ҮНЭ ЦЭНИЙГ НЬ БИД МЭДДЭГ Ч БИЛҮҮ, ЭС МЭДДЭГ Ч БИЛҮҮ?
Мэдээний эх сурвалж: www.time.mn