Хар зүрхний Хөх нуурын тухай сонсоогүй монгол хүн ховор. Их эзэн Чингис хааны мандан бадралт, унан доройдолтын аль алинтай нь холбоотой энэ түүхэн газар байгалийн үзэсгэлэн, их түүхийн дурсамжийг хадгалж буйгаараа Монголын аялал жуулчлалын гол нутаг болсон.  Харамсалтай нь гадаад, дотоодын жуулчдын хөл тасрахаа больсон энэ газар Монголын төр, засгийн хайр ивээл, хамгаалалтаас хаягдсанаас байгалийн үзэсгэлэн нь хүний хөлд дарагдан, түүхийн дур самжаас өөрөөр бахархах, бахдах зүйлгүй үлдэх аюул ойрхон иржээ.

Хар Зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэн хэрмандал сумын баруун хойно Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд далайн түвшнээс дээш 1600 орчим метр өндөрт оршдог. Улаанбаатараас 220, Бага нуураас 70, засмал замаас салаад 35 км-т байрладаг, Хар зүрх уулын өвөрт, уулын тагтанд орших цэнгэг уст нуур юм. Энэ нуурын орчим нь гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шаргачин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Сача Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаанд өргөмжилсөн түүхэн нутаг билээ.

Тиймээс байгалийн үзэсгэлэнт сайхнаасаа гадна Богд Чингис хааны амьдрал тэмцэлтэй салшгүй холбоотой, Монгол Улсын түүхийн хуудаснаа тэмдэглэгдсэн хамгийн чухал үйл явдлууд энд тохиож байснаараа онцлог юм. Үүнээс хойш 820 гаруй жил өнгөрсөн ч Хар зүрхний Хөх нуур бол монголчуудын хувьд түүхэн дурсгалаа алдалгүй, амнаас ам дамжин эдүгээ хүрч, гадаад дотоодын монгол судлаач эрдэмтдийн судалгаанд үнэ цэнэтэй дурсгалт газар хэвээр үлдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл улсын хамгаалалтад авалгүй Орон нутгийн тусгай хамгаалалтад байлгаж байгаагаас энэ нуурын орчимд мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс аялал жуулчлал эрхлэх нэрийдлээр хэдэн га-гаар нь газар авч, ямар ч хараа хяналтгүйгээр байгаль орчныг нь сүйтгэж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар нуурын эрэгт жуулчны хоёр бааз газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь нутгийнхны хэлснээр “шар” Даваа гэх хүнийх юм байна. Энд Чингисийн болон түүний хатад, их хаадын хөшөө бүхий цогцолбор байгуулж ирсэн аялагч жуулчдад Монголын түүхийг танилцуулан нуурын эрэг дэх 5-6 дүнзэн байрандаа байрлуулдаг юм байна. Үйл ажиллаагаагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байгаа гэнэ. Харин нөгөөх нь МАК-ын Нямтайширынх. Хэдэн жилийн өмнө охиныхоо хуримыг энэ нуурын эрэг дээр хөлтэй хийснээр нь “МАК-ын эдлэн” гэх энэ газрын талаар нутгийнхан үлгэр домог мэт зүйл ярих аж. “Таван одтой 80 давхар зочид буудал барих юм гэнэ лээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу