Чингисийн цус ариун байг
2015/08/09
Их эзэн богд Чингис хаан “Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн” гэж хэлсэн байдаг.
Үнэхээр бид зэрлэг болчихож. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэдэг. Монголчууд эрт дээр үеэс өөрөөс дээш есөн үе, ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж, чухалчлан тэмдэглэн, угийн бичгийг хөтөлсөөр ирсэн өнө эртний сайхан уламжлалтай билээ.
Энэ эртний сайхан соёл, уламжлал өнөө үед мартагдан баларч, угийн бичгийг хөтөлдөг айл өрх ч ховордон цөөрснөөр, цус ойртолт гэдэг аюулын харанга дэргэд ирж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхэд хүрчээ.
Түүх сөхөж үзвэл, монголчууд манжийн эрхшээлд байх үеэс л ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн бөгөөд Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан ажээ. Харин одоо бидэнд ураг төрлөө судалж, ургийн бичгээ ягштал хөтлөх цагийн дуудлага ирж байгааг сануулахыг хүслээ.
Монголчууд угийн бичгээ хөтөлдөггүй болсоноор ураг төрлөө мэдэхгүй болж, гурав, дөрөв дэхь үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж суугаа нь нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ.
Бидний амьдрал дээр ч тэр хэн нэгэн хүнтэй танилцаад ах дүү хамаатан садан, өвөө эмээ, удам судраа жаахан лавшруулаад ярихаар ах дүү, хамаатан садан болчих гээд эсвэл өөрөө ч мэдэхгүй хамаатнууд байх тохиолдолбайдаг.
Тэгвэл өнөөдөр монголын хүн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмуудтайгаа очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үнэхээрийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд харанга дэлдсэн үзүүлэлт гэдгийг нотолж байна.
60 сая малтай гуравхан сая хүн амтай Чингисийн монгол алтан ургаа хадгалахад ургийн бичиг “амь тариа” залгуулах нь дамжиггүй. Бид уул уурхай, мал аж ахуйдаа “дулдуйдаад” ургийн бичгээ үл хүндэтгэх аваас удмын сандаа нөхөж баршгүй хор хохирол учруулж буйгаа санацгаая. Тиймээ цус ариун бол монгол ариун. Чингисийн цус ариун байг
Б.Анхцэцэг
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN
Зочин · 2015/08/09
:like