Нөхөр маань надад дэндүү их “хайртай” юм болов уу, эсвэл…
2013/06/20
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би 31 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, төсвийн байгууллагад нягтлан бодогч хийдэг, жирийн л нэг бүсгүй.
Нөхөр маань нэгэн хувийн компанид няравын ажил хийдэг, надаас 5 насаар ах, нийтэч, хөгжилтэй, бас надад хайртай тийм л залуу. Бид бусад залуу хүмүүсийн адил л амьдарч байна. Гэвч бид сүүлийн 2 жилд маш таарамжгүй байх боллоо. Хамгийн гол нь намайг маш их хардах юм. Эхлээд л би гомдож, уйлаад л бөөн юм болдог байлаа. Сүүлдээ бүүр тоохоо байгаад бараг ингэж хоосон хардуулж байхаар хийчээд хардуулъя гэж ч бодох боллоо. Үнэндээ бол хүүхэд нялх (бага нь 2 нас, том нь 4 нас) ажил ч бас амар биш болохоор надад гадуур явах зав төдийлөн гарахгүй, тэр ч бүү хэл найз нөхөдтэйгөө уулзалдаж чадахгүй л байна. Хааяа ажлынхантайгаа баяр ёслол тэмдэглэх, найз нөхөдтэй уулзах болохоор л бөөн асуудал бас дээр нь утас байнга шалгах юм. Хэний дугаар, хэзээ залгасан нтр гээ л… Хэрүүл хийхээр архи уух нь ихсэж байдал бүүр муудна. Ажлын хантай, найзын нөхөр, өөрийнхөө найз нөхөдтэйгөө хүртэл хардах юм.
Уул нь би тийм галзуу, харсан залуутайгаа учир ургуулаад байх ”цоглог” биш, даруу, тайван намуухан, өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хэр баргийн юманд стрессдээд байдгүй хүн л дээ. Одоо бол маш их бухимдуу болсон. Тэр нь ажил дээр хүртэл мэдрэгдэж байна. Найз нөхөдтэйгөө хүртэл уулзахаас эмээх юм. Гэтэл би нөхрөө нэг ч удаа хардаж байсангүй, оройтоод орж ирж л байна, ажлынхантайгаа явлаа л гэж байдаг. Хааяадаа хонож өнжөөд явж л байдаг. Яагаад гэвэл би түүнд итгэдэг. Итгэл алдлаа ч гэсэн 2 хүүгийнхээ төлөө, энэ босгосон амьдарлын хаа төлөө уучилж чадна гэж боддог. Гэтэл тэр огт итгэхгүй… 2уулаа суугаад ярилцаж ч үзлээ. Тэгэхээр шууд л өөрийгөө өмөөрөөд уурлах юм, бүүр сүүлдээ алгадаад авдаг ч боллоо.
Би ойлгуулах гэж уурлаж, уйлж, гуйж аргадаж хүртэл хэллээ. Одоо бол хамт байх, хэлж байгаа үг, үйлдэл нь хүртэл нэг л хөндий, хүйтэн санагдаад, яаж хурдан салах вэ гэсэн бодол толгойд эргэлдээд байх юм. Нөхөр маань надад дэндүү их “хайртай” юм болов уу, эсвэл би ямар нэгэн юман дээр алдаад байгаа юм болов уу… Надад зөвлөгөө өгөөч.