УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцлаа.

Чуулганы завсарлагаанаар тойргийнхонтойгоо уулзаад байна уу?

-Тийм. Намрын чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй уулзсан. Тэр үед дандаа орон сууцанд амьдардаг хэсгийн иргэдтэй уулзаж, захын хорооллынхон дээр очиж амжаагүй л дээ. Тиймээс энэ түр завсарлагааны  үеэр Баянзүрх дүүргийн захын хороололд амьдардаг иргэдтэй уулзахаар төлөвлөсөн.  Тэр дагуу л явж байна. Төр засгаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсч байна. Ялангуяа гэр хорооллыг дахин төлөвлөх асуудлаар, Амгаланд дулааны цахилгаан станц барих гэж байгаа тухай болон гудамж хөтөлбөрийн талаарх төрийн бодлогыг тайлбарлан хүргэж, УИХ-ын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа юм. Ингээд Баянзүрх дүүргийн бүх гэр хорооллын иргэдтэй уулзаж явна.  

            -Таны энэ уулзалтыг нөгөө талд сонгуулийн сурталчилгаа гэж хараад байх шиг байна л даа?

-Харин тийм ээ. Бүр гайхаад сууж  байна. Тойргийнхонтойгоо хийж байгаа уулзалтыг сонгуулийн сурталчилгаа хэмээн хардаад ирж бусниулах асуудал гарч байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Монелийн хэсгийн гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж байхад үүдэнд бөөн бужигнаан боллоо. Юу болов оо гээд хартал Баянзүрх дүүргийн МАН-ын дэд дарга Эрдэнэбаяр, улс төрийн ажилтан эмэгтэйгээ дагуулан орж ирээд шууд зураг аваад эхэлсэн. Тэгэхэд нь  “Тойргийнхоо иргэдтэй уулзаж байна. Битгий зөвшөөрөлгүй орж ирээд бужигнуулаад бай” гэсэн. Гэтэл Эрдэнэбаяр  “Та нууц байдлаар хуралдаж байна. Ингэж болохгүй” гэдэг юм байна.  Тэгэхээр нь “Захын гэр хороололд хийсэн уулзалт нууц байдалд тооцогддог юм уу” гэж хэлсэн юм. Ингэж л бидний уулзалтыг уулзалт  биш болгож хувиргаад тараасан даа. Тэндээс гараад иртэл Баянзүрх дүүргийн Ардын намынхан гадаа ирээд зогсчихсон байлаа.

            -Танд ингэж хандаад байгаагийн учир нь юу юм бол. Та үнэхээр хүмүүст мөнгө тараачихсан юм уу?

-Надад тэгж хүмүүст тараагаад явах мөнгө байхгүй. УИХ-ын гишүүнийхээ хувиар тойргийнхонтойгоо уулзах эрх надад бий биз дээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намайг   мөнгө тарааж байж гарч ирсэн гэж ярьдаг юм. Тэгвэл манай тойргийн сонгогчдоос асуугаарай. “Арвин та нарт мөнгө өгсөн үү” гэж.  Өөрийнхөө бор зүрхээр явсан шүү дээ.  Төрд хоёр удаа сонгогдсон надад итгэсэн учраас Баянзүрхчүүд сонгосон юм.

 Миний иргэдтэй хийж байгаа уулзалтыг МАН-ынхан бужигнуулсан нь ганцхан энэ биш л дээ. Өмнө нь хүүгийнхээ компанийн байранд сууж байхад МАН-ын гишүүд телевизийнхэнтэй хамт орж ирээд бөөн юм болж, сайтуудаар “Арвин мөнгө тараалаа” гэдэг мэдээлэл цацсан. Тийм учраас би дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, болсон процессыг хэлсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа гэдэг гомдол гаргасан. Харамсалтай нь цагдаа нар огтхон ч тоогоогүй. Тэгтэл энэ үйлдлээ МАН-ынхан сая дахиад давтлаа. “Арвин нууц уулзалт хийж, сонгогчдод мөнгө тараалаа” гэдэг яриа гаргалаа. Би аргаа барахдаа МАН-ын дарга Ө.Энхтүвшин рүү мессеж бичсэн. “Намайг яагаад мөнгө тараасан гээд байгаа юм бэ. Энэ гүтгэлгийг хувь хүмүүс хийгээд байна уу. Эсвэл Ардын намын бодлогоор ийм зүйл яваад байна уу” гэж асуусан. Тэгтэл тэр “Би юу ч мэдэхгүй тодруулъя” гэдэг хариу өгсөн байгаа.

Харин цагдаа нар  намайг “Иргэдтэй уулзалт хийх бүртээ цагдаад мэдэгдэж бай” гэсэн. УИХ-д хоёр, гурван удаа сонгогдож ажиллахдаа иргэдтэй уулзахын тулд цагдаагаар мануулж байсангүй. Гэтэл одоо цагдаа, хуулийнхны хяналтан дор тойргийн иргэдтэй уулзах болж таарлаа. Би ямар гэмт хэрэгтэн биш дээ. Ард түмнээ төлөөлж төрд суух үүрэг хүлээсэн төрийн түшээ хүн. Иргэдэд ч өөрсдийгөө төлөөлж төрд сууж байгаа хүнтэйгээ уулзахдаа цагдаагаар цагдуулж, мануулах нь хэцүү биз дээ. Гэвч ийм л байдалд МАН-ынхан орууллаа. Энэ бүхний эцэст  ард түмний цөсийг хөөргөн талцуулан хувааж байгаа энэ намуудыг буруутгаж сууна даа.  Энэ байдлаас үнэхээр залхаж байна. Тиймээс намыг гишүүнчлэлгүй болгох хуулийг яаравчлан батлах нь зөв юм байна гэсэн бодолтой байна.

            -Аль ч нам гишүүнчлэлгүй болог гэж үү?

-Нам гэдэг нэрийн дор хэдэн хүний гар хөл болж, улс төрийн тоглоом хийдэг байдал үнэндээ хэрээс хэтэрлээ. Улстөрчдийн энэ тоглоомын золиос нь ард түмэн болж байна.  Ардын намынхны энэ улс төрийн тоглоомноос болж хохирч байгаа ард түмнээ өрөвдөж байна. Төрд сонгоод явуулсан түшээтэйгээ ч уулзах эрхгүй болчихоод сууж байна шүү дээ.  Ардын намынхан намайг нийгэмд муухай харуулж доромжилж бахаа хангаж байж болно. Харин дунд нь ард түмнийг хохироож доромжилж болохгүй шүү дээ. Ийм байдлаар намын гишүүн байснаас байгаагүй нь дээр. Тийм учраас нэг мөсөн намын гишүүнчлэлийг халах хэрэгтэй болжээ.  

Өнөөдөр Ардын намынхан төр барихдаа хотын  гэр хорооллыг хөгжүүлэх тал дээр юу хийчихсэн юм.  Гэр хорооллын иргэд хог новшиндоо дарагдчихсан, гэрэл, цахилгаангүй хэцүү байна шүү дээ. Үүнийг нь цэгцлэх гэхээр уулзалтыг нь бусниулаад байна. Ардын намынхан ямар ч боловсролгүй харгис хүмүүсээр хорооны дарга хийлгэдэг. Тэр хүмүүс нь ард түмний амьдралыг дээшлүүлсэн нь хаана байгаа юм. “Арвинг дэмжсэн хүнийг шоронд хийнэ” гэж ярьдаг солиотой хүмүүс энэ намд байна шүү дээ. Тэд Ардын намын төлөө үхэлдэн гүйж, хэний төлөө яах гэж ингэж яваагаа ч мэдэхгүй ухаангүй шахам явж байна шүү дээ. Ингэж намын гишүүн байх гээд яах юм бэ, больсон нь дээр.

            -Хэн хаана хэнтэй уулзалт хийх нь чөлөөтэй болчихсон нийгэм биш юм уу. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд тойргийнхонтойгоо уулзах нь таны үүрэг байлтай...

-Тийм шүү дээ. УИХ-ын гишүүн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч иргэдтэй уулзах эрхтэй. Төрд төлөөлөх үүргийнхээ хүрээнд тойргийнхонтойгоо уулзах үүрэгтэй. Гэтэл намайг ажил хийлгэхгүй, эрхийг минь зөрчиж байна. Ийм зүйл дээр арга хэмжээ авдаг хуультай л баймаар юм. Гэтэл юун тэгэх манатай. Миний зургийг аваад твиттер гэдэг дээрээ  муу муухайгаар хэлж доромжилж байна. Тиймээс би УИХ-ын зарим гишүүдэд “Ичээч та нар” гэж хэлж байгаа. Нэгийнхээ амаар хүн муулахын донтой болчихсон нөхдүүд твиттерт ордог байхгүй юу. Түүнийгээ жиргээ гээд нэрлэчихсэн байна лээ. Тэр жиргээ нь хэнд хэрэгтэй юм. Хэнд ч хэрэггүй зүйлүүд ярьцгаана. Зохион байгуулалттай бүлэг хүмүүс миний талаар худлаа зүйл бичээд намайг хүмүүсээр доромжлуулдаг юм билээ. Намайг юу хийж, юу сэтгэж явааг мэдэхгүй байж доромжилсон үгийг нь даган баясч,  жиргэдэг гэсэн. Намайг хүмүүс “твиттерт орж жиргээд үнэнээ хэлээч” гэдэг юм. Ухамсаргүй, хүний үгээр үг хийж, худлаа ярьдаг хүмүүст тайлбар хийх шаардлага надад байхгүй. Нийгэмд ховоор амьдардаг хүмүүс л твиттерт ордог байхгүй юу. Тиймээс үүнийг тоохгүй байна.  Ухаантай ухамсартай, ажилтай хүмүүс твиттерт ордоггүй юм. Ямар ч үндэслэлгүй гүтгэлгийг дагаад жиргэж л байдаг. Ингэж хүнийг доромжилж бахаа хангадаг бүлэг хүмүүс бий болчихжээ.

            -Та хүн болгонд доромжлуулж, чичлүүлж байх  ямар буруу юм хийчихсэн юм бол гэж боддог уу. МАН-аас гарсан гишүүд олон байхад тань руу дайрч байна. Магадгүй эмэгтэй хүн болохоор нь тэгдэг юм болов уу?  

-МАН-ыг би хаяагүй. МАН намайг хаясныг албан ёсоор хэлж байна. Тэд өнгөрсөн сонгуулиар УИХ-д хоёр сонгогдчихсон эмэгтэй гишүүнээ дэмжихийн оронд ад үзээд хаясан шүү дээ. Батзориг бид хоёрын асуудлыг цэгцэлж, Ардын нам бодлогоо тодорхойлохгүй бол байдал хурцдах нь ээ гээд тухайн үеийн намын удирдлагуудад хэлээд байхад ойшоогоогүй. “Арвин тэртэй тэргүй ялагдах юм чинь хая” гээд Батзоригийг илт давуу дэмжээд явсан шүү дээ. Адилхан нэг намаас дэвшсэн хоёр хүндээ ийм ялгавартай байдлаар хандаж, намайг хаясан. Намдаа хаягдсан хүн үүнээс өөр ямар сонголт хийх юм.

 Сонгуулийн үеэр Ардын намынхан намайг тагнаж чагнаж, хэнтэй уулзаж яаж байгааг мөшгөдөг байсан юм шүү. Тийм учраас би “Сонгуулиар заавал гарна даа” гэсэн амлалтыг өөртөө өгсөн юм. Ер нь тагнаж чагнах ажлыг зөвхөн Ардын намынхан хийдэг шүү дээ.  Уг нь Ардын нам надаар дутахгүй баймаар юм.  Гэтэл яагаад намайг зүгээр орхихгүй байгааг нь гайхаад байна. Би мөрөөрөө явмаар байна.  Улс орон, сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө хийх зүйл их байна шүү дээ. Гэхдээ намайг хавчих тусам би сөрж амьдарна. Тэдний доромжлол намайг улам хурцалж байна. Ингэх тусам нь би өнгө орно. Луйварчин, солиотнуудын эсрэг зогсох болно. Тэр үед тэдэнд мөхөх цаг ирэх биз дээ.

            -Танай хүү эмнэлгийн тендер авсан гэдэг асуудал таныг нэлээд хэл аманд оруулж байх шиг байна.  Чухам юу болсон юм бэ?

-Баянзүрх дүүргийн гуравдугаар төрөх эмнэлгийг  барих эхний ээлжийн тендер   зарлагдсан. Тэр нь нэг тэрбум төгрөг байсан л даа. Үүнийг  манай хүүгийн “Их өргөө” компани авсан юм. Ингээд ажлаа эхэлтэл хэвлэл мэдээллээр Ардын намынхан зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж яриад эхэлсэн. Тийм учраас манай хүү “Ээжээ улстөрчид хэцүү юм байна, больё оо. Авсан нэг тэрбум төгрөгийнхөө ажлаа хийчихээд эндээс гарлаа. Үлдсэн ажлынх нь тендерт оролцохгүй” гээд больсон.  Гуравдугаар төрөх эмнэлгийн ажлын дараагийн тендерүүдийг “Цамхаг” гэдэг компани аваал ажлаа гүйцэтгэсэн. Ердөө ийм л асуудал байгаа. Гэтэл одоо Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг “Нийслэл өргөө” гэдэг компани хийж байгаа. Үүний ард МАН-ын том нөхдүүд байдаг шүү дээ. Гэтэл энэ компанийг  “Их өргөө” компанитай андуурч, дөрөвдүгээр төрөх эмнэлгийн ард намайг  байгаа мэтээр гүтгэн доромжлоод байгаа байхгүй юу. Үүнийг зориуд зохион байгуулчихаад МАН-ынхан бах нь ханаад сууж байгаа биз.   

            -Ерөнхийлөгчийн сонгуульд мэдээж та намынхаа нэр дэвшигчийг дэмжих байх. Гэхдээ хувь хүнийхээ итгэл үнэмшлээр энэ нэр дэвшигчдийн хэнд нь итгэж байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн төлөө бодитой зүйл хийсэн хүн л Ерөнхийлөгч болох ёстой. Ерөнхийлөгч бол Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч, үндэсний аюулгүй байдлыг хангагч, тусгаар тогтнолоо хамгаалагч байх үүрэгтэй. Энэ чанараараа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үе үеийн төрийн тэргүүнээс илүү байж чадсан. Хүмүүс өнгөц байдлаар нам намд хуваагдсан үзлээрээ асуудлыг харж, энэ хүнийг анзаарахгүй байгаа байх. Чин үнэндээ Ц.Элбэгдорж өмнөх Ерөнхийлөгчдөөс хавьгүй илүү юм.

Монгол Улс, ард түмний эрх ашгийн төлөө бүхнийг хийж чадсан хүн. Монгол Улсын газар нутгийг хэдхэн хүн хувааж авлаа. Лицензийн наймаа газар авлаа гэж монголчууд  санаа зовдог байсан. Тэгвэл үүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л цэгцэлж чадаа биз дээ. Мал бэлчих талбайгүй, явах газаргүй болчихлоо, тахилгатай уулнуудыг нь хүртэл сэнжлээд аваад явлаа гэж үглэхээс цаашгүй байсан асуудлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэгцэлсэн. Тэр өөрийнхөө нэр хүнд, бүх зүйлийг золиослон лицензийг цуцалж,  олголтыг нь хориглосон. Энэ нь Монгол Улсын  тусгаар тогтнолыг баталгаажуулж өглөө. Олигархиуд төрийн мөнгийг идээд уучихлаа гээд улстөрчид чалчаад байсан мөртөө хэн нь идэж уугаад байсныг илрүүлчихэж чадахгүй л байсан шүү дээ. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирээд энэ бүхнийг ил болгож өглөө.  Өнөөдөр төрийн албан хаагчид шударга ажиллаж байгаад төрийн албанд хэдэн жил тогтохоо бодъё гэж ярьдаг болсон байна.  Луйвар хийхээсээ айдаг болсон байна шүү дээ. Өмнө нь хэзээ ийм байлаа. Энэ бүхэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн ажлын үр дүн. Улс орныхоо төлөө зөв зүйл хийж яваа гэдэгт нь би итгэж байгаа. Дээрээс нь эмэгтэй гишүүдийн гаргасан санал санаачилгыг хамгийн их дэмждэг төрийн тэргүүн. Урьд хожид хэзээ ийм байсан юм. Дарга нар наанаа “эмэгтэйчүүдээ дэмжиж байна” гэж ярьчихаад хачир дээрээ биднийг нясалдаг л байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ хүн биднийг бодитоор дэмжиж байна.

            -Та Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй Хэнтий аймагт хэд хэдэн нэр дэвшсэн. Хамт парламентад сууж байлаа. Энэ хүний сайн, мууг  мэдэх хүний нэг байх. Өнөөдөр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнийг нь юу гэж боддог вэ?

-Ц.Нямдорж гишүүнтэй тааралдаад “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг л энэ байх даа. Ардын нам мэдлэг, боловсролтой хүн нэр дэвшүүлэхгүй яасан юм бэ дээ гэж хэлсэн. Би тэр хүний муу сайныг мэднэ. Гэхдээ өнөөдөр олон юм яриад яах вэ. Ямар ч байсан Монголын ард түмэн ухаантай учраас өөрсдийнхөө итгэл үнэмшлээр сонголтоо зөв хийх биз ээ.

                                                                                                    Я.МӨНГӨНЦЭЦЭГ

           

            Эх сурвалж – Өдрийн сонин