Зургийг С.Лувсаншарав

 

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, өнөөгийн Булган аймгийн Сайхан сумын харъяат, Даншигийн арслан “Хулгар” Нацаг бөхийн хувьд ч тэр, шилийн сайн эрийн хувьд ч тэр, баялаг намтартай, бахдам үйлстэй, содон амьдралтай, соньхон дурсамжтай хүн. Түүний эцэг Даш нь хошуу, даншиг наадамд сүрхий барилдчихдаг, улсын харцага цолтой хүн байжээ. “Хулгар” Нацаг нь Санзай, Равжаа хэмээх хоёр дүүтэй байсан бөгөөд энэ хоёр нь ч ойгүй их бяр чадалтай улс байж. Нэг удаа Нацаг хоёр дүүгээ түлээнд явуулжээ. Гэтэл нэг нь үндсээр нь булга татаж унагаасан бүдүүн хар мод чирээд, нөгөөх нь үхрээ хөтөлсөөр эвдэрч хэмхэрсэн тэргээ баглаж үүрээд ирсэн гэдэг. Үүнийг харсан эх нь “Ээ, хайрхан минь. Шараа алчихаагүй нь яамай даа” гэж уулга алдсан гэдэг. Санзай, Равжаа хоёр даанч жаахан дүйнгэдүү улс байж. Тиймээс “Хулгар” Нацаг хоёр дүүгээ амьтан хүний бие хаа салгаад хаяад хүн амины хэрэгт холбогдоно гээд барилдуулдаггүй байсан гэдэг. Хэрвээ хоёр дүүгээ өөрөө дасгалжуулаад хошуу, даншиг наадамд барилдуулсан бол “Ах дүү гурван арслан” гэж өлхөн хэлэгдэх байсан хэмээн нутгийнхан нь хуучилдаг байжээ. “Хулгар” Нацаг ч залуудаа бас хүний бие хаа эвдчих гээд байдаг байж. Ямар сайндаа л түүнийг эрийн цээнд хүрч байх үед хошуу ноёны нэг хиа гэрт нь ирж ааваас нь өр нэхээд загнаж зандраад байхаар нь Нацаг хүү орон дээр хэвтэж байгаад өндийж суугаад эвшээлгэхдээ хоёр гараа сунган хүчтэй суниасанд мөнөөх хиагийн цээжинд зүүн гар нь хүрч хавиргыг нь гэмтээчихэж байсан гэдэг. Ер нь дээхэн үед ойгүй бяр чадалтай зарим хүнийг “Залуу бөхчүүдийг гэмтээчихнэ” гээд хошуу, даншиг наадамд зодоглуулдаггүй, хэрвээ хэн нэгэн бөхийн нуруу, гарыг хугалж гэмтээвэл олноороо жигшин зэвүүцдэг байжээ. Энэ тухай “Гарьд магнай” кинонд ч цухас дурдагдаад өнгөрдөг. Дайчин вангийн хошуунд Санзай, Равжаа хоёроос гадна Дүйнхэр шавийн Пүрэв гэдэг хүнийг мөн л барилдахыг нь хориглодог байж. Долоон хошуу даншиг наадамд Намхай аваргын өмнө гишгэх хүчтэн Халхын дэвжээнд гарч ирээгүй байсан үе. Гэсэн ч Намхай аваргад барилдахаас айдаг ганц бөх байсан нь Дүйнхэр шавийн Пүрэв хэмээх эгнэшгүй хүчтэн ажээ. Хэдийгээр Пүрэв нь хүч тэнхээтэй ч гэсэн даншиг наадам байтугай овооны наадамд хүртэл зодоглож үзээгүй гэдэг. Учир нь хүн гэмтээхгүй гээд хашир засуулууд түүнийг барилдуулдаггүй байсан байна. 1883 оны орчимд бололтой. Намхай аварга Орхон мөрний их тахилгад оролцоод буцаж явах замдаа Мөрөөгийн Пад хэмээх баян айлд ойгүй их тэнхээтэй Пүрэвтэй анх таарсан гэдэг. Нутгийн ардууд хэдийгээр түүнтэй барилддаггүй ч гэсэн Пүрэвийг хэзээний бөх гэж нэрлээд заншчихсан, энд тэнд явж байхыг хараад Пүрэв бөх хэмээн дууддаг байж. Намхай аварга тэр үед Долоон хошуу Даншигт гурав түрүүлчихээд байжээ. Ид ааг бяр нь ам хамраараа утаа шиг уугиж, орсон буур лугаа омог нь сагаж явсан үе байлаа. Гэхдээ Пүрэвийг анх хараад “Энэ чинь гар зөрүүлчихэж болох бөх байна шүү” гэж дэргэдэх даамалдаа хэлжээ. Тухайн цаг үед Монголдоо хамгийн том биетэйд тооцогдож явсан Дугар аварга л гэхэд завилаад сууж байхдаа толгой нь ханын эрсээр татдаг, гарын шуу нь үхэр тэрэгний булны хэмжээтэй бүдүүн байсан гэдэг. Анх Пүрэв бөхийг харахад Дугар аваргаас арай том биетэй харагдсан гэж хожим нь Намхай аварга хуучилж байжээ. Мөрөөгийн Пад алсуураа Намхай аваргыг Пүрэвтэй барилдуулах арга сүвэгчилж эхэлсэн байна. Тэрбээр Пүрэвтэй уулзаж “Чи Монголын хамгийн том, хүчтэй бөхтэй барилдаад үзээч” гэхэд угийн гүндүүгүй Пүрэв “Яахийм бэ, би гэмтээчихнэ шүү дээ” гэсэн гэдэг. Харин түүнд чадлаа харуулж болох юм гэсэн тул Пад нас гүйцсэн хайнагийн шар үхрийг баглаж хүлэх тушаал буулгажээ. Эр хар сураар мөчийг нь чивчиртэл хүлж багласан амбан шарыг Пүрэв ганц гараараа дээш нь гурван удаа өргөөд газар тавихыг харсан Намхай аварга түүнтэй барилдана гэсэн бодлоосоо татгалзсан байна. Гэвч Мөрөөгийн Пад ятгасаар байгаад Пүрэв, Намхай хоёрын чадлыг туршин тав давхарлаж ороосон суран аргамжийг хоёр талаас нь татуулж үзэхээр болжээ. Төдөлгүй тэмцээн эхэлж аргамжийг тасдуулахгүйн тулд хооронд нь сүлжин ороож, хоёр бөхийн гарт атгуулсан байна. Эхлээд Намхай аварга аргамжийг хоёр гараараа тас атган хойшоо сууж татсан боловч өрөөсөн гараараа аргамжнаас бариад лүглийн зогсож байсан Пүрэв бөх огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Хүмүүс “Пүрэв ээ, наад аргамжаагаа хойш нь татаач” гэж хашгирч эхэлжээ. Пүрэв урьд нь ийм юмаар хүч үзэж байгаагүй болохоор сурны үзүүрээс барьсан чигээрээ зогсоод байсан хэрэг л дээ. Намхай аварга ч Пүрэвийг гуд татахын тулд хоёр хөлөөрөө уллан гэдрэг сууж татахад гучин хоёр хатгамалтай монгол гутлынх нь зулаг ханз үсэрч байсан гэдэг. Ийм л агуу их тэнхээтэй хүн байжээ. Пүрэв сүүлдээ аргамжийг өөр рүүгээ татах ёстой юм байна гэж ойлгоод өрөөсөн гараараа сурыг барьсан чигээрээ хойшоо хоёр алхахад Намхай аварга өвсөн бухал мэт урагшаа шурган унаж, аргамжааны суранд хоёр гарынхаа алгыг нидрүүлээд улаан нялга болсон гэдэг. Тэрбээр Богдын бөх байсан учир энэ явдалдаа ихэд сэтгэл зовж, Пүрэвт гуд татуулсан тухайгаа нэг их яриад байдаггүй байж. Ойгүй бяр тэнхээтэй “Хулгар” Нацаг хоёр дүүгээ бодвол сэргэлэн ухаантай, овсгоо самбаатай байсан тулдаа хошуу, даншиг наадамд барилдаж чамгүй амжилт тогтоожээ. Тэрбээр 1886 оны даншиг наадамд 1032 бөх барилдахад найм давж, 1890 оны даншиг наадамд 1069 бөх барилдахад найм давж байсан тухай Монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Харин сүүлдээ шилийн сайн эрийн замаар замнаснаар тэр бүр барилдахаа байжээ. Түүний арслан цол хэрхэн хүртсэн талаар олноо “Бага” Санжаа гэж алдаршсан Балдангийн Санжаа гуай доорхи зүйлийг хуучилсан байдаг. “Хулгар” Нацаг ид сайхан барилдаж байх үедээ хэрэгт сэжиглэгдэн хар гэрт хоригдсон байдаг. Наадам дөхөөд ирмэгц Нацаг шоронгийн ахлах хуягаар дамжуулан хошуу ноёноосоо “Та намайг улсад барилдуулаач. Би наадамд түрүүлж хошууныхаа алдрыг дуурсгах болно. Хэрвээ түрүүлж чадвал намайг дээдэст айлтгаж хэргээс мулталж чадах уу” гэж асуулгажээ. Ноён ч зөвшөөрч “Хулгар” Нацаг даншигт барилдаж дөрөвт үлдээд унажээ. Тэгтэл ноёнтон “Чи хэлсэн амандаа хүрсэнгүй. Чиний чадал дутлаа. Ийм шилийн сайн эр байдаг юмуу” гэж ширүүхэн хэлэхэд Нацаг “Ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн түрүүлэх нь онцгүй гэж би бодлоо. Хэрэв таныг соёрхвол арван засгийн наадамд барилдаад түрүүлье” гэсэн гэдэг. Хариуд нь ноён “Хулгар нохой чи яасан зальтай нөхөр вэ” гэж инээгээд арван засгийн наадамд барилдахыг нь зөвшөөрсөн гэдэг. Энэ наадамд үзүүр түрүүнд Намхай аварга Нацаг хоёр үлджээ. Хоёр хүчтэн хэд хэдэн удаа барьж тавилцав. Нацаг яльгүй хэвгий газар таармагц аваргыг улаан сугаар нь тэвэрч аваад нохой мордон түрж хөөсөөр өвдөг шороодуулж арван засгийн наадамд түрүүлжээ. Ингэж тэр арслан цол хүртэж, ноён ч түүнийг дээдэст айлтган хэргээс мулталсан гэдэг. Энэ мэтээр маш олон хүн “Хулгар” Нацагийн тухай домог яриа өрнүүлсээр иржээ. Тухайлбал Булган хотын өндөр настан Г.Магван, Нацагийн төрсөн охин Лхамсүрэн, Булган аймгийн ИТХ-ын дарга Ц.Дагвадаш, Могод сумын өндөр настан Б.Гончиг, Дундговь аймгийн харъяат Ц.Донжид, “Хулгар” Нацагийн ач О.Дэлгэрэх нарын хүмүүс сайн эр Нацагийн тухай янз янзын дурсамж хүүрнэсэн бөгөөд эдгээр хүмүүсийн дурсамж яриа энэхүү хөрөг найрууллын зарим хэсэгт тусгалаа олсон гэдгийг хэлэх нь зүй. Нэг намар Бэжингээс тэмээн жингээр ирсэн Манж амбаны ачаа барааг хятадууд “Бээжин” Соном гэгчийн хашаанд буулгажээ. Тэднийх “Гэсэр” сүмээс зүүн урагш хоёр метр гаруй өндөр хашаатай, бат бэх цоож цуургатай дааман хаалгатай тул ямар ч хулгайч халдаж чаддаггүй байж. Гэтэл нэг өглөө босоод эд юмаа бүртгэхэд дөрвөн тэн бараа алга болчихсон байж. Шөнө нь цас орсон тул мөрдөж үзвэл хоёр хүн ирж хашаа давуулаад Гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртэй хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг “Бээжин” Соном Манж амбанд мэдэгдэхэд тухайн үед хүрээний хэргийг эрхэлж байсан Дайчин ван Ханддоржийг дуудаж хулгайчийг нэн даруй ол гэж тушаасан байна. “Энэ ер нь манай Дайчин вангийн “Хулгар” Нацагаас зайлахгүй” гэж Ханддорж ван дотроо бодоод Манж амбаныхаас гарчээ. Тэгээд дагалдан яваа хүмүүсээсээ “Нөгөө Хулгар нохой хаана яваа бол” гэж асуухад “Өчигдөр орой хүрээнд ороод ирчихсэн явж байна лээ” хэмээжээ. Ханддорж ван “Түүнийг даруйхан ол” гэж тушаахад бараа бологсод нь тал тал тийшээ бутран алга болжээ. Тэд “Хулгар” Нацагийг Шинэжамц арслангийнд байна гэж сонсоод тэр даруйдаа баривчлаад Ханддорж ван дээр авчирсан байна. Ханддорж ван “За Нацаг чи амбаны дөрвөн тэн ачааг яасан бэ?” гэж тулгаж асуухад Нацаг “За тэнд л байгаа даа” гээд Дүйнхор вангийн хашаа руу заажээ. “Чи яаж аваа вэ” гэвэл “Жа би Жамцтай хоёул очоод өргөөд явчихсан юмаа” гэж. Эл байдлыг Дайчин ван Ханддорж Манж амбанд мэдэгдсэнд “Тэр өндөр хашаан дээгүүр хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэдэгт би хувьдаа итгэхгүй. Хэрэв энэ үнэн бол надад хэрхэн авсаныг нь үзүүл” хэмээжээ. Ингээд үзүүлэн болох үед Нацаг, Жамц хоёр том модон шат бариад ирсэн байна. Тэгээд хашааны гаднаас шатаа тавьж Нацаг шат даган хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад түүгээр дамжин хашаанд орж, дөрвөн тэн барааг нэг нэгээр нь ваадантай юм өргөж байгаа юм шиг л өргөж авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд Жамц нь тосч авсан байна. Ийнхүү дөрвөн тэн барааг хоёр хоёроор нь тэгнэж үүрээд, Нацаг нь баруун гартаа шатаа сугавчлаад ганц ч амралгүйгээр Гандангийн дэнж өөд өгсөж явсаар Дүйнхор вангийн хашаанд хүрчээ. Манжийн амбан тэдний энэ үйлдэлийг хараад гайхан биширч, тэрхүү дөрвөн боодол барааг нь зүгээр өгч “Цаашид миний юманд бүү гар хүрээрэй” гэж захисан гэдэг. Өнөө цагийн начны найраа гээчийг тэртээ зуугаад жилийн өмнө “Хулгар” Нацаг анх санаачилсан гэлтэй. Даншиг болон арван засгийн наадамд ирсэн бөхчүүд “Хулгар” Нацагаас ихэд эмээдэг байж. Тиймээс “Хулгар” Нацаг гурвын даваанд ам авах үеэс эхлээд л бөхчүүдийн майхан хэсч, шинэ цол горьдож буй аль л дөмөг бөхчүүдээс “За дүүгийн алдар хэнсэн билээ” гэж асуудаг, цаад хүн нь нэрээ хэлэхэд “За сонслоо. Дараагийн даваанд ах нь чамайг хүртчихье” гэж айлгадаг байж. Цаад хүн нь айхын эрхэнд “Хулгар” Нацагийг наадамчин олноос нууцгайхан дагуулж холдуулаад “Та намайг битгий аваач” гэж гуйх жишээтэй. Хариуд нь Нацаг “Өгөх л юм мэднэ дээ. Шилийн хулгайч “Хулгар” Нацагт ямар сайн нэр байх биш. Ахиухан юм өгвөл ах нь чамайг авахгүй ч байж мэднэ” гэдэг байж. Энэ мэтээр гурав, дөрвийн давааны үед шинэ залуу бөхчүүдээс баахан юм цуглуулж аваад зургаа, долоогийн даваанд ёстой л хэн нэгэн бөхөд жинхэнээсээ бууж өгөөд начин юмуу харцага төрүүлдэг байж. Тийм ч учраас “Хулгар” Нацаг томоохон наадамд түрүүлж байсангүй. Тэртэй тэргүй ард олонд “Шилийн хулгайч” гээд цоллуулчихсан болохоор наадамд түрүүлж тэгтэлээ алдарших сонирхол ч байгаагүй бололтой. Нэг удаагийн хошуу наадамд “Хулгар” Нацаг нэгэн залуу бөхтэй үзүүр түрүүнд үлджээ. Тэгээд түүнтэй барилдахаасаа өмнө майханд нь орж байдлыг ажиглатал мөнөөх залуу бөх “Нацаг гуай та бол тэртэй тэргүй ард олны дунд нэртэй хүн. Энэ наадамд түрүүлсэн ч Нацаг, түрүүлээгүй ч Нацаг. Харин би бол нэрд гарах гэж ядаж яваа залуу хүн. Та надад буугаад өгчих” гээд тавин лангийн ембүү, дээлийн хуй торготой барьжээ. Нацаг түүнийг нь гардаж авсанаа “Уг нь эзэн ноён намайг энэ наадамд заавал түрүүлнэ шүү гэж захисан юмсан. За байз яадаг шуу юм билээ дээ. Улайм цайм буугаад өгчихвөл намайг банздах байх даа. Тэгэхээр би эхлээд хэд хэдэн удаа халж туйлсан дүр үзүүлье. Харин чи сайн тогтооно шүү. Тэр үед намайг хутгачихаарай” гэж захижээ. Төдөлгүй мань хоёр үзүүр түрүүнд барилдах болж, “Хулгар” Нацаг ч хэлсэн есоороо халж туйлсан дүр үзүүлжээ. Харамсалтай нь цаад залуу бөх нь түүний туйлах дүр үзүүлсэнийг тогтоож чадалгүй уначихсан гэдэг. Наадам тарсаны дараа залуу бөх “Та надад бууж өгнө гэж амлаад шан харамж аваа биз дээ” гэж гомдоллоход Нацаг “Дүү минь. Би чамд сануулсан шүү дээ. Харин чи өөрийнхөө муугаас болоод миний халж туйлахыг тогтоож чадсангүй. Эр хүний ганц хоёр халааг даахгүй байж наадамд түрүүлэхийг бүү яар. Ах нь хэлсэндээ хүрсэн ч чи даанч тэссэнгүй дээ” гэсэн гэдэг. Даншигийн начин Очир, Намхай аварга нар “Хулгар” Нацагийг өөрсдөөсөө хол илүү хүчтэй хүн байсан, харин олз хайж явсаар наадам нэлээд алгассан, тэр ч байтугай наадмын аз хийморь нь харьчихсан юм шүү дээ гэж ярилцдаг байжээ. Тэрбээр энгийн номхон ард иргэдийг дарлаж тохуурхдаг дээрэлхүү танхай хүнд ихэд дургүй, энэ ч утгаараа сав л хийвэл тэднийг залхаан цээрлүүлчихдэг гэмтэй нэгэн байжээ. Тухайлбал Дундговь аймгийн Луус сумын нутагт өртөөгөөр дайрч яваа ядарсан хүмүүсийг тосч дээрэмддэг, уналга хөсгийг нь булаан авч улмаар зодож нүддэг Харчингийн Төмөр гэгч дээрэлхүү танхай эр байж. “Хулгар” Нацаг энэ эрийн тухай дуулж сонсоод түүнийг нам дарахаар Дайчин вангийн хошуунаас хоёр морь хөлөглөөд Дундговь аймаг руу зориуд хөдөлжээ. Тэгээд Харчингийн Төмөрийн байдаг газрыг асууж сурагласаар явтал нэгэн худаг дээр хэдэн бараан адуу харагджээ. Тэр хавийн нэг хүнээс асуувал “Энэ адуунууд Харчингийн Төмөрийн адуу. Гэр нь энүүхэн хавьд байдаг юм” гэхээр нь Нацаг шууд худаг дээр явж очоод нугасаараа эвхэгдээд урт болчихдог төмөр уургаа гаргаж хуйвлаад бусдаасаа онцгойрсон хоёр сайхан морийг бариад авчээ. Тэгээд Төмөрийг ирэхийг хүлээгээд тамхи татаад суучихаж. Төдөлгүй өмнө зүгээс урт уурга чирсэн морьтой хүн ирж яваа харагджээ. Тэр хүн шууд давхисаар худаг дээр ирж өөрийнхөө адууг гүйлгэж харсанаа Нацаг дээр ирж “Ус нутагт минь ирчихээд унаган морьдыг минь шоглож суудаг чи ер нь хэн бэ” гээд “Хулгар” Нацагийн толгойд уурганыхаа хуйвыг углаад эмээлийнхээ араар суугаад татаж гарчээ. Нацаг нэг их түүртсэн шинжгүй уурганаас нь ганц дугтартал Харчингийн Төмөр хар эрчээрээ газарт харуулдаж унасан байна. Нацаг түүнд босохын завдал өгөлгүй шүүрч аваад хоёр хөлнөөс нь бариад доош унжуулж худгийн усанд толгойгоор нь хэсэг дүртэл түүний гар хөл сарвалзаад явчихаж. Эгээ л үхэхийн даваан дээр худгаас татаж гаргаад газар хэвтүүлтэл Харчингийн Төмөрийн ам хамраас ус олгойдоод, хахаж цацаад сүйд болжээ. Тэгээд нэг юм сэхэх аядаад ирмэгц нь Нацаг “Ээ, чааваас. Олигтой ч эр бол доо. Ядарсан ардыг дээрэмдэж дарлахаа болиорой чи. Хандчин вангийн “Хулгар” Нацаг гэж дуулсан уу. Тэр чинь би байна” гэхэд Төмөр дэмий л толгой дохин гөлөлзсөн гэдэг. “Хулгар” Нацаг тамхиа татаж дуусаад “Хоёр морийг чинь би аваад явлаа. Хоншоор чинь байвал хойноос очоод аваарай” гээд морджээ. Ингэж тэрбээр Харчингийн Төмөр хэмээх дээрэлхүү танхай эрийг номхотгож байсан гэдэг. “Хулгар” Нацаг заримдаа хүүхэд шиг гэнэн томоогүй зан гаргадаг, зарим хүнийг жаахан дамшиглах дуртай нэгэн байжээ. Нэг удаа тэрбээр Вангийн хүрээ хавиар архи, айраг эргүүлж явтал нэг хятад наймаачин Заяатын пүүснээс баахан торго дурдан, чихэр жимс моринд ачаад хойд зүг гарах гэж байна гэж хүмүүс ярилцаж байхыг сонсчээ. Тиймээс Нацаг тэр хятадыг дээрэмдэхээр шийдсэн байна. Нээрээ ч төдөлгүй Заяын хүрээнээс нэг хятад ачаа бараа тэгнэсэн цагаан морь хөтлөөд хойд зүгийг зорьжээ. “Хулгар” Нацаг түүнээс түрүүлж давхиад ширэнгэн дотор ороод нуугдчихаж. Уг нь тэр муу хятадыг халхын сайн эр Нацаг дээрэмдэж цөхөөд байх юм байсангүй. Ердөө шууд очоод л хөтөлж яваа морийг нь булаагаад авчих байлаа. Гэвч “Хулгар” Нацаг тэр муу хятадыг жаахан дамшиглахаар шийджээ. Түүнийг ширэнгэн дунд отож суутал мөнөөх хятад цагаан морио хөтлөөд доошоо тонгойчихсон бөвөг бөвөг шогшиж яваа харагдсан байна. Нацаг энэ үед хамаг хувцасаа тайчиж нүцгэлээд мөнөөх хятадыг хажуугаараа өнгөрөх үед хойноос нь сэмхэн дагаж ачаатай мориных нь хазаарыг мултлаад өөрийнхөө толгойд углачихаж. Хайр гамгүй эдэлгээнээс болоод хариугүй турж эцсэн цагаан морь хойно нь өвс зулгаагаад хоцорчээ. Хазаар толгойдоо угласан нүцгэн шалдан Нацаг наймаачин хятадаар хөтлүүлж явах үедээ хариугүй инээд алдчих гээд байсан тул эртхэн мэдэгдэхээр цулбуураас нь чангаатал хятад наймаачин “Чууваа, чууваа” гээд тоосон шинжгүй яваад байж. Тэгэхээр нь нэлээд хүчтэй дугтарч орхитол мөнөөх хятад сая л нэг эргэж харжээ. Ээ бүү үзэгд. Ачаатай цагаан мориных нь оронд нүцгэн шалдан хүн зогсч байсанд ёстой л уушиг зүрх нь амаараа гарах шахаж “Хай, яав аа, яав аа” гэж муухай хашгираад урагшаа хар хурдаараа зугтчихсан гэдэг. Хожим тэр хятад “Хай яа. Эцэнхий цагаан морь хөгшрөхөөрөө шалдан чөтгөр болдог юм байна лээ” гэж ярьж байсан гэдэг. Харин “Хулгар” Нацаг “Уг нь тэр муу хятадыг дээрэмдэж цөхөөд байх юмгүй л дээ. Шууд явж очоод л мориных нь цулбуурыг булаагаад авчих байсан юм. Гол нь түүнийг би айлгая гэж бодсон. Мөн ачаатай морио шилийн хулгайчид биш чөтгөрт дээрэмдүүлчихлээ гэж ярьж яваг гэж л бодсон юм” гээд хүд хүд инээж байсан гэдэг. Нэг удаа “Хулгар” Нацаг ганзага нийлдэг нэгэн сайн эрийн хамт Говь мэргэн вангийн хошууны нутаг руу орж захын айлд бууж зам асуухад гэрийн эзэн “Та хоёр баруун гүвээг давсан жимээр явж огт болохгүй шүү. Маш аюултай. Тэр зүгт нэг айхтар махчин гарсан гэнэ лээ” хэмээжээ. Нээрээ ч дээхэн үед хүний махаар хооллодог махчин мэр сэр байсан гэдэг билээ. Буриад зоны шүтээн, шилийн сайн эр Барс Бавж баатар нэг махчин эрийг номхруулж байсан түүхтэй. Мөн дээхэн үед Хан Хантийн ян хөвчид нэг махчин эр амьдардаг байсан тухай домог яриа ч байдаг. Ямартай ч хүний махаар хооллодог махчингууд бол алмас энэ тэрээс арай л бодитойгоор оршин байсан байдаг. Жуулчид алмасын эрэлд олон жил хатсан ч нэгийг ч барьж авч чадаагүй. Харин дээхэн үед махчин эрийн эрэлд мордсон бол ганц нэгийг олох л байсан байх. “Хулгар” Нацаг гэрийн эзний ярьсаныг нэг их тоосонгүй. Хоёр сайн эр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг мөнөөх жимээр явахаар шийджээ. Хамт явсан нөхөр нь замдаа нэг айлаар саатаад араас нь очихоор болж. “Хулгар” Нацагийг цааш явж байтал нэг том хар гэр тааралдсан байна. Нацаг юу ч бодож саналгүй тэр гарт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны хүн хэвтэж байжээ. Тэр хүн Нацагийг хармагцаа “Би ч азтай юмаа. Яасан заяа нь дэлгэрсэн хүн бэ. Ахыг нь хэдэн хүн хүлж баглаад хамаг мал дээрэмдээд явчихлаа” гэж үглэхээр нь Нацаг мөнөөх л тусч зангаараа хүлээснээс нь ангижруулжээ. Тэгтэл мөнөөх хүн гэв гэнэт Нацаг руу шүдээ ярзайлгаад дайрчээ. Нацаг махчинтай учирсанаа сая л ойлгож дээр дороо орон ноцолдсон байна. Гэвч мөнөөх махчиныг тийм ч амар дийлсэнгүй. Хүний мах иддэг болоод ч тэр үү, хүч гэж аймаар байсан тул Нацаг дэмий л нөхрийгөө ирэхийг хүлээгээд байдаг чадлаараа дараад хэвтчихэж. Харин аз болж нөхөр нь нэг их удалгүй ирсэнээр мань хоёр мөнөөх махчиныг арай гэж хүлж номхруулжээ. Гэхдээ түүнийг тэр чигт нь орхиод явсангүй. Тэрхүү махчин гэртээ хүлүүлж баглуулсан хүний дүрд хувираад өөр хэн нэгнийг хуурч мэдэх байсан тул яаралтай хошуу тамгын газарт нь мэдэгдээд цааш хөдөлцгөөжээ. “Хулгар” Нацаг морины сайхныг унаж эдэлж явсан бөгөөд тэдэн дундаас халхад алдаршсан нь цэнхэр бор морь нь юмсанж. Ямар ч хүнд ачааг даадаг ер бусын чадалтай адуу байж. Нацаг цэнхэр бор мориороо алс холын яанд явахдаа ноёд баядын хоттой хониноос хамгийн тарганыг нь давхилтан дундаа шүүрээд алга болдог байж. Тэр ч байтугай цэнхэр бор мориороо багашаархан биетэй гуна шүүрч байсан гэдэг. Нэг шөнө нөхцөлгүй харамч баяны шүдлэн үхрийг цэнхэр бор морин дээрээсээ шүүрч аваад давхичихсан гэдэг билээ. Мөнөөх баян хүний мөр гараагүй мөртлөө уяатай байсан үхэр нь алга болчихсонд учиргүй гайхаж байсан гэдэг. “Хулгар” Нацаг одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг Ивэн Бургалдайн гол хэмээх газраас Батаа гэдэг бүсгүйг гэргий болгон авч нэг охин, дөрвөн хүүтэй болжээ. 1905 оны үед Сан бээсийн хошууны залуу эр Дэндэв хэмээгч эр нутгийнхаа үзэсгэлэнт бүсгүй Дашхандад хайр сэтгэлтэй болж улмаар ханилан суужээ. Гэтэл хошуу засаг ноён Лхамсүрэн Дашханд бүсгүйг үзмэгц сэтгэл алдаж эрх тушаал, хэргэм зэрэгтээ эрдэж шууд булааж авахаар заналхийлсэн тул залуу хос орон нутгаасаа оргон босчээ. Тэгээд тэд Орхон, Туулын бэлчирт очиж нутаглан суурьшиж гэр орон, мал хөрөнгөтэй болж тохь тухтай аж төрөх болжээ. Гэвч Дэндэв, Дашханд нарын нас дөч шахсан ч өр зүрхэндээ энхрийлэх үр хүүхэдгүйдээ сэтгэл гундуухан явдаг болж. 1915 оны зун Дэндэвийг модтой уулын хяр дагаад хонио хариулж явтал саглагар модны сүүдэрт эмээлтэй, эмээлгүй хоёр сайхан морь толгой хаялан дүүхэлзэж байжээ. Тэрбээр түүнийг хармагцаа “Энэ лав сайн эрийн унаа биз, эзэнтэй нь уулзъя” гэж бодоод шуудхан явж очжээ. Дэндэвийг ойртож очиход ханхар том биетэй хар хүн дээлээ тайлж дэвсээд булигар богцоо дэрлэн хурхирч байв гэнэ. Хажууд нь цагаан бөгст лонхтой архи, мөнгөн аяга харагджээ. Дэндэв балгах дуртай нэгэн байсан тул архинаас нь нэг аяга хийж уугаад сууж байтал унтаж байсан хүн сэрээд түүнтэй мэнд усаа мэдэлцсэн байна. Тэрбээр богцноосоо хонины чанасан тарган мах гаргаж дайлаад энэ тэрийг ярих зуур өөрийгөө Нацаг гэж танилцуулжээ. Дэндэв энэ үед “Дайчин вангийн шилийн сайн эр “Хулгар” Нацаг байх нь” гэж бодоод ихэд олзуурхаж түүнийг гэртээ урьжээ. Тэгээд Нацаг Дэндэвийнд очиж аагтай шаргал цай чануулж уух зуураа Дэндэв, Дашханд хоёрыг үр хүүхэдгүйн улмаас хувь заяандаа гомдож явдаг болохыг ойлгоод “Саяхан манай эхнэрээс нэг охин төрсөн. Охин гэхгүй бол түүнийг авахгүй юу. Эхнэр маань залуу хүн дахиад төрнө биз. Хангалын ноён хутагт өргөж авъя гэхэд нь би өгөөгүй юм” гэхэд цаад хоёр нь ч ихэд баярлаж, сар өдрийн сайныг сонгон очиж Нацагийн охин Лхамсүрэнг ёс төртэйгөөр үрчилж авсан гэдэг. Шилийн сайн эр Нацаг ядарч зовж, гутарч гунихарч яваа хүнд ямагт тусалж, урам хайрлахыг хичээдэг нэгэн байж. Харин Нацаг арслангийн хүүхдүүдээс гайхам чадалтай бөх төрсөнгүй. “Хулгар” Нацаг жар гаруй настайдаа хорвоогоос хальж түүнийг Орхон туул нутгийн “Хонгорын овоо” гэдэг газарт нутаглуулжээ. “Хулгар” Нацагийн ач О.Дэлгэрэх эдүгээ Булган аймагт амьдарч байна. Тэрбээр саяхан “Шилийн сайн эрчүүдийн тухай домог түүх сурвалжлан бичдэг зохиолчтой уулзмаар байна” гээд зориуд надтай уулзсан юм. Тэр ингэж ярилаа. “Би Булган аймгийн уугуул “Хулгар Нацаг” овогтой Очирданзангийн Дэлгэрэх гэдэг хүн байна. Би өвөөгийнхөө барааг хараагүй л дээ. Харин эмээгээ бол харсан. Эмээг маань Бат гэдэг байсан. Нэлээн бие томтой хүн байлаа. Миний өвөө “Хулгар” Нацагийг мянга есөн зуун арван хэдэн онд жаран хэдтэйдээ өөд болсон гэж ярьдаг. Ардын хувьсгалыг үзэж чадаагүй юм билээ. Барилдааны зах зух нь Монголын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Өвөөг маань цуутай шилийн эр байсан болохоор барилдах гээд очиход засуулууд “Бөх-хулгайч” гэж цоллодог байсан гэдэг. Өвөө маань даншигийн наадамд барилдчихдаг, түрүүлье гэвэл түрүүлчихдэг, өөр хүнд унаад өгье гэвэл унаад өгчихдөг гүндүүгүй эр байсныг дээр үеийн хүмүүс дурсдаг байлаа. Булган нутгийн дээхэн үеийн хөгшчүүл ч “Хулгар” Нацагийн цээжинд чоно гөлөглөсөн гэж ярьсаар ирсэн. Булганы Хангал сумын ойролцоо “Хөх өндөр” гэдэг газрын баруухан талд цогцосыг нь тавьсан гэдэг юм. Тэгсэн хэд хоногийн дараа цээжинд нь чоно гөлөглөсөн араг яс нь алга болчихож. Морин тэрэгний мөр гарчихсан, шарилыг нь ачаад явчихсан байсан гэсэн. Баруун зүгт л явчихсан гэж манай аав ярьдаг байлаа. Өвөө маань мундаг том биетэй хүн байж. Завилаад суучихсан байхад нь манай аав дүүтэйгээ суган доогуур нь орж гараад л хөөцөлдөж тоглодог байсан гэдэг. Арав гаруй настай байхдаа шүү дээ. 1955 онд байна уу даа. Өвөөг маань аварга том биетэй бөх гэдэг утгаар нь судалж сурвалжлахаар Унгараас баахан улс ирсэн гэдэг. Тэгээд аавтай уулзаад баруун аймаг руу дагуулаад явж байсан гэдэг. Тэр үед би жаахан байсан болохоор энэ тухай мэдэх юм алга. Аав маань “Хулгар” Нацаг өвөөгийн хамгийн том хүүхэд нь. Аавын дүү Очир барилддаг байсан. Нөгөө хоёр дүү нь бөх болоогүй. Аав маань харин Булганы наадам, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнгийн наадам зэрэгт ноцолдож байсан аймаг, сумын цолтой хүн. “Хулгар” Нацаг өвөөг шилийн сайн эр байсан гэдгийг эмээ маань ярьдаг байлаа. “Өвөө чинь богцонд аргамж хийгээд л гардаг. Тэгээд олон хоног сараар явдаг. Баруун тийшээ гарахад зүүн талаас орж ирдэг, зүүн тийшээ гарахад баруун талаас орж ирдэг. Ирэхдээ нөгөө л аргамжтай богцтойгоо ирдэг байсан. Холоос туусан адуу малаа замдаа ядуу ардуудад тараачихдаг байсан” гэж ярина. Өвөөг ингэж олон хоногоор яваад ирсэний дараа хошуу тамгын газраас хүмүүс ирээд бариад явчихдаг байж. Дандаа хошуу дамнуулж адуу хөөдөг байсан байгаа юм. Тэгээд замдаа тараачихдаг. Өөрөө тийм баян байгаагүй юм гэнэ лээ. Цайны сүүний ганц үнээтэй, хэдэн хоньтой, унааны хэдэн морьтой л байж. Томоохон хулгай хийгээд ирэхээр нь хошууны тахарууд бариад авчихна. Хошууны наадам дөхөөд ирмэгц өвөө маань “Манай хошууны наадмыг гадны бөх авах гээд байна. Би барилдаад наадмыг чинь авч өгье. Хэрвээ түрүүлж чадахгүй бол толгойгоо тавъя, түрүүлж гэмээнэ би суллагдаад явъя” гэж амладаг байж. Хошууны наадамд бол төвөггүй түрүүлдэг байж л дээ. Тэгээд л ийм том ам гарч байхгүй юу. Харин даншиг наадмаас бол арслан цол л авсан байдаг. Аварга болоогүй. Уг нь аварга цолыг өлхөн авах байж л дээ. Ер нь аварга болж байсан гэдэг юм. Даанч шилийн хулгайч байсан, тэгээд шоронгоос гарахын тулд толгойгоороо дэнчин тавьж түрүүлсэн зэргээс нь болоод аварга цол өгөөгүй юм гэдэг. Албан ёсоор аварга цол хүртээгүй ч гэлээ аваргын хэмжээнд барилдаж түрүүлээд нөгөө л шилийн эр гэдгээрээ тавигдаад явчихдаг байж. Олон хоногоор нутаг хошуу дамнан адуу хөөж яваад ирэхдээ гэртээ адуу малтай ирж байхыг нь үзээгүй, дандаа замын ядууст тараачихдаг байсан юм билээ гэж манай эмээ ярьдаг байсан. Намайг уг нь “Хулгар” Нацагийн шийрийг хатаах бөх болно гэж эмээ маань ярьдаг байсан юм гэнэ лээ. Гэвч би барилдаа ч үгүй. Манай Булган аймгийнхан шилийн сайн эр, сайн бөх гэдгээр нь “Хулгар” Нацаг өвөөг их хүндэлдэг юм” гэж өгүүлэв.

 

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ