• Анхны эмэгтэй нэр дэвшигчийг  5000 оюутан дэмжинэ гэлээ-

 

        Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал өчигдөр оюутан, залуучуудтай уулзлаа. “Шударга ёсны хувьсгал үндэсний нэгдсэн оюутны холбоо”-ны ерөнхийлөгч Д.Мөнхтөр нэр дэвшигчийн уулзалтыг нээж  үг хэллээ. Тэрээр “манай холбоо Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, зургаан дүүрэгт салбар зөвлөлтэй 5000 гаруй гишүүдтэй. Өнөөдөр бид Монголын ард түмний ижий болсон, бидний хайрлаж хүндэлж  явдаг, ард иргэдийнхээ  “шонхор” нь  болсон Нацагийн Удвал сайдыгаа дэмжихээр энд хуран цуглалаа. Манай холбоотой нийлээд нийт  18 оюутны холбоо Н.Удвал сайдыг дэмжихээр гарын үсэг зурсан байна.  Өөрөөр хэлбэл,  Монголын залуучууд  Монголын оюутнууд Нацагийн Удвалыг дэмжихээр энд ирсэн гэсэн үг.

 Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, программыг оновчтой болгон багасгаж, оюутнуудыг урин дулаан цагт бүтээн байгуулалтад оролцох, харин хүйтний улирал буюу  11 сараас гуравдугаар саруудад суралцах болмжийг гаргаж өгнө”  гэсэн нь оюутан бидний амьдралд дэндүү ойрхон тусч байна. Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хоёр эрхмийн нэг нь  оюутнуудад мөнгө өгөх сонирхолтой байна. Бид үүнийг дэмжихгүй байгаа. Бид оюутан болсон цагаасаа эцэг эхээсээ байнга мөнгө авдаг. Энэ нь сүүлдээ биднийг бие даах чадваргүй болгож байгаа юм.  Хөдөлмөрийн үнэ цэнийг  багаасаа мэдрэх нь  ирээдүй хойч үе болсон оюутан бидэнд маш их хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсад анх удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа нь  түүхэн сонголт төдийгүй, их улс төрд эрчүүдтэй мөр зэрэгцэж яваа Нацагийн Удвал эгчийнхээ эр зоригоор бахархаж байна.  Энэ хүн өөрийнхөө мэдлэг, боловсролоор эр зоригоор өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нэр дэвшигч гэдгийг сонгуулийн сурталчилгааны явцад оюутан бид ойлгож авлаа” гэсэн юм.

 

 

Т.Заяа